Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нийгмийн сэтгэл зүй шалгалтад орж байна

Нийгмийн сэтгэл зүй шалгалтад орж байна

Нийгмийн сэтгэл зүй шалгалтад орж байна

(Мүүн тойрсон сэдэв)

Мүүн гэх шашны гаж урсгал, сект, “хадны мангаа” байдаг талаар хэвлэл мэдээллийн шуурга сонгууль дөхөх үеэр буюу дөрвөн жилийн циклтэйгээр шуурдаг. Цэнхэр үст Цэрэн шүгэл үлээснээр сүүлийн хоёр сар нүүр нүдгүй цасан шамарга тавьж, таарсан бүхнээ хуу хамах хар салхи адил хүчээ авлаа. Нэгэнт энэ гаж урсгал юм бол Монголд оршин тогтнох үндэсгүй болгон, хөөн зайлуулах нь зүйтэй гэх үзэл нийгэмд ноёрхож байна. Түүний тэмцлийн үр дүнд Хууль Зүйн Яам шашны асуудлыг хянах баг гаргасан бөгөөд ойрын хугацаанд шашны хэлэлцүүлэг хийгдэх тухай ч яригдаж байна. Монгол улсад байсан Шашны зөвлөл байсан ч арван жилийн өмнө татан буугдсан гэдэг. Э.Цэрэндолгор “Монгол улсад элдэв газрын шашин арай дэндүү нүүрлээ юу даа. Зөвхөн Баянзүрх дүүргийн бүртгэлийг хараад мэл гайхав... Баянзүрх дүүргийн хүн ам нь 250 мянга орчим гэнээ. Гэтэл энэ жагсаалтанд буй 119 байгууллагуудын дийлэнх нь "Ачлалт эцэг", "Хайрын будаа", "Итгэл хайр", "Хайрын Тосгон" за бас юу ч гэнээ нэртэй.... бүр 1/3 нь шашных биш байсан ч 250 мянган хүнд 80 шашны газар гэхээр ойролцоогоор 3000 хүнд нэг төв ногдож байна. Цэгцэлмээр байна” гэжээ. Мүүний гаж урсгалыг эсэргүүцэж байна, Монголоосоо хөөж гаргая, Мүүнийг үзэн ядагсад, Мүүний эсрэг хамтдаа гэхчилэн асар олон групп олон нийтийн сүлжээнд бий болжээ. Мүүн 1990-ээд оны эхэнд нэгэн япон гэр бүлээр дамжин Монголд нутагшин, анхны итгэгчдээ элсүүлсэн гэдэг. Мүүний сектийг үндэслэгч Сан Мён Мүүн нь солонгос хүн. Мүүний үзэлд бол тэрээр эхнэрийнхээ хамт Хаан, Хатан нь гэх. Уг сектийн зан үйл нь христ, буддын шашны гээд хэд хэдэн шашны зан үйлээс зээлдсэн хийгээд Мүүн гуайн нэвтрүүлсэн зан үйл, номлолоос бүрддэг аж. Мөнгө угаалт, адислал нэрийн дор хүний наймаа гээд үүнээс ч илүү их мэдээллийг та бид авч байна. Гэвч сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг мөнөөх  л мүүнтэй холбох болж. "...дургүй болгоноо хятад гэдэг байсан бол одоо мүүнист гэх болох нь..." гэсэн яриа худал биш болж хэт туйлшрал явагдах боллоо.

Манай улсаас Солонгост албан ёсоор болон хараар ажилладаг олон мянган хүн бий. Дээр нь бизнес, соёл урлагт солонгос сериал, к поп, ресторан хоолны газрууд гээд бид Солонгосын талаар чамлахааргүй их мэдэх болсон. Зураг дээр бөхийж мэндэлсэн нэгнийгээ мүүнист гэж хардах нь юуных вэ гэж бодогдоно. Ард түмэн үнэн мөнийг мэдэх эрхтэй. Гэвч нийгэмд ил болсон баримтуудад зарим нэг талаар явцуу эрх ашиг нуугдаж байгаа нь илт байна. Мөн үүгээр дамжуулж олон нийтийн дунд үүссэн айдас, өөрсдийгөө хамгаалах зөн совин дээр тулгуурлан улс төрийн тоглолт явагдаж байгааг ч үгүйсгэх аргагүйюм. Энэ мэт Мүүний эсрэг үзлийг дэмжээгүйнхээ төлөө, бөхийж мэндэлснийхээ төлөө мүүнист нэр зүүж, тухайн урсгалд ямар нэг арга замаар татагдан орсон ч буруу гэдгийг нь ухаарч тэндээс гарсан хүмүүсийг буруутгах, үзэн ядах, хэт туйлшрал гарах боллоо. Үнэхээр ч энэ сект үзэл санаагаа сурталчилах, гишүүдээ өргөтгөх уран нарийн аргуудтай. Ариун хайрын лекц, дэлхийн хэмжээний лидер удирдагч болгоно, үнэ төлбөргүй солонгос хэлний хичээл, цэвэр ариун ёс журамтай гэр бүлийг бидэнтэй нэгдсэнээр л олж авах боломжтой гэх мэтээр залуусын тархийг угаадаг. Чухамдаа тухайн хүнд юу хэрэгтэй байна, юу сонсохыг хүсч байна, тэр бүгдийг нь хэлж ярьж, ёстой л нөгөө чихэн дээр цэцэг ургуулна гэгч болдог гэсэн үг. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, нөгөө талаар мэдлэг мэдээлэлгүйн улмаас эдгээр сургалт, лекц, арга хэмжээнд оролцсоноор өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хардаг байж ч болох юм.

Олон салбарууддаа өдөр тутам лекц семинар нэрийн дор үзэл суртлаа номлож, Тэнгэрлэг зарчимаа тулгаж, олныг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, олзондоо гэтэх муур шиг бага багаар ойртсоор нэг л мэдэхэд шашны гэмээр амьдралын хэмнэл, балчиг намагтаа гүн сорно. Эцсийн зорилго нь шинэхэн мүүнистийг бэлтгэх, эгнээгээ өргөтгөх. Мүүний сект үзэл сурталдаа үнэнч цөөхөн хэдэн гишүүдтэй гэх. Ихэнх нь гишүүн нэрийн дор төөрөлдөж яваа хүмүүс. Гэхдээ яг л цоорхой сав шиг энд хүн тогтох нь тийм ч амар биш. Үнэн нүүр царайг нь таниад ихэнх нь зам мөрөө буруулан зугатаж одох ч тэр бүр мүүний талаар үнэн мөнийг тараадаггүй нь өнөөх номлогчдын сэтгэлд нь суулгасан нүглийн талаарх айдаст байдаг аж. Чи өөрөө энд байхгүй байгаа нь нүгэл. Гэтэл дахиад бидэн дээр ирэх хүнийг үргээх нь энэнээс ч том нүгэл гэж ойлгуулна. Тэд хэзээ нэгэн цагт “Тиймээ, би мүүнист” гэж үнэн нүүр царайгаа таниулж, өөрийгөө болон итгэж биширдэг шашнаа хүлээн зөвшөөрч, зарлаж байхыг та харсан уу? Мүүний сект мөхлийнхөө ирмэгт ирчихээд байгаа тухай шашин судлаачийн дараах ярилцлагаас тодорхой ойлголтыг авах боломжтой.

Амтат чихрийн урхидалт Манайхан үнэгүй юманд нугасгүй. Энэ сэтгэлгээн дээр нь дөрөөлж, мүүнчүүд Монголд хүчээ авчээ гэж дүгнэж болох ч монголчууд юманд тийм амар хазаарлуулах, зомби мэт толгойгоо мэдүүлэх улс мөн билүү гэдгийг бодолцмоор. Даян дэлхийн энхтайван гэдэг сайхан нэртэй элдэв уулзалт, арга хэмжээ, тэтгэлэгт хөтөлбөрт, аялал, гавьяа шагналд хууртаад хуралд оролцоод, шагналыг гардаад авчихсан олны танил эрхмүүд ч цөөнгүй. Улстөрчид мүүнийг угтаж аваад, баяр хүргээд, гавьяа шагналыг хүртээд олон хурал зөвлөгөөнд оролцсон нь баримтаар, бичлэгээр сошиал сүлжээгээр тарж байна. "Чихэр долоолгож" татах аргад Монголын зарим улс төрчид, урлаг соёлынхон орчихсон гэхээр хоногийн хоол, унааны мөнгөө яая гэж байгаа оюутнууд, хүндхэн амьдралтай айлын хүүхдүүд хууртах нь аргагүй биз. Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров гуай хүртэл тэр дэлхийн энхтайвны шагналыг очоод авчихсан байдаг. Тэрээр энэ талаараа "Над руу Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд тэр хуралд нь очиж, баярын үг хэлээд, Дэлхийн энхтайвны урлагийн дээд одонгоор шагнууллаа. Хүн шагнаж байхад авахгүй ч гэлтэй биш. Дараа нь нэг хуралд очлоо. Гэтэл Мүүн гэдэг хүний тухай яриад эхэллээ шүү. Нэг хүн дэлхийн энхтайвныг хөгжүүлнэ гэж байхгүй гээд бултсан. Над руу зардлыг даана гадаадад болох хуралд оролц гээд зөндөө ярьж байсан" гэж үнэнээ өчжээ. Иймэрхүү маягаар урхидалт явагддаг байх нь. Энэхүү нийтлэлээрээ бүрэн сайн мэдэхгүй хэрнээ нэг эх сурвалжийг барьж, нийгмийнхээ болох болохгүй болгоныг мүүн гэх хар уутанд бүгдийг чихэхгүй байгаасай гэсэндээ хөндөж байгаагаа онцолсон. Дээр дурдсанчлан мүүнийхэн энхтайвны дээд шагнал, одон, гишүүдээрээ дэмжүүлнэ гэх зэргээр Монголын улс төр, соёл урлагийнхныг урхидаж, зарим нь юунд орооцолдож байгаагаа ч мэдэхгүй харилцан хамтын ажиллагаатай явсан тал харагддаг. Элдэв дээдийн шагнал, хэдэн мянган гишүүдийнх нь дэмжлэг, тэдний ашгийг л харснаас биш улс эх орноо мүүнд тушаачихъя гэсэн хар санаа байхгүй гэдэгт итгэж байна. Мүүний жинхэнэ гишүүд бол харин тэгж мэднэ. Улс төрд гарвал мүүний төлөө л ажиллах нь гарцаагүй биз ээ. Нөгөө талаар сонгууль дөхөхөөр цаг агаарыг удирдаж суух хүсэлтэй сөрөг хүчнийхэн ард түмнийг турхирч, нөгөө талаа боомилон унагах зэвсгээ болгож байгаа нь ч аргагүй биз. Учир нь боловсролын салбарыг мүүнистүүд бүхэлд нь эзэлж, ёс бус агуулга бүхий хичээлүүдийг ном сурах бичигт нь оруулсан мэтээр ойлгуулж, үүнд нь ч хүмүүс автчихлаа. Гэтэл үүнийг багш, эрдэмтэн судлаачид учрыг хэлж, ийм утга агуулга үгүй гэдгийг баталчихсан шүү дээ. Нийгмийг хамарсан энэ их үзэн ядалт, дарамт шахалт нь мүүнистүүдийг өөрийгөө илчилж, үзэл бодлоо хамгаалах, бид ийм учиртай гээд өөрийн амаар хэлчих эр зориггүй байдалд хүргэв үү? Эсвэл тэд угаас зөв зүйл хийж байна гэсэн итгэлгүй тул өтсөн тос шиг нууц далдуур ажиллахыг илүүд үздэг хэрэг үү? Мүүнистүүдийг өөрсдийг нь сонсох цаг болсон л баймаар...

Дашзэвэг Нити гэх залуу гэр бүлийнхээ зургийг эрээлж мяраалан, солонгос хөгшчүүдийг магтан дуулж, мүүнд итгэдэггүй хүмүүс бол хүн биш мэтээр адгийн муугаар хэлсэн энэ зургийг хараагүй хүн цөөн биз ээ. Ямар ч хүн гэр бүлийнхээ зургийг ингэж эрээлэхгүй байх гэж санасан тул сэтгүүлч миний бие өөрөөс нь асуухаар шийдсэн юм. Ингээд түүнд цахим захидал илгээсэн бөгөөд хариу иртэл хэд хоног хүлээх хэрэгтэй болсон билээ. Харин энэ хооронд жүжигчин Н.Ялалт өөрийн нүүр номоор дамжуулан, тус зургийг тавьж “Энэ залууг би мэднэ. Дашзэвэгийн Нити гэж эгэл жирийн амьдралын төлөө зүтгэж яваа залуу. Энэ гэр бүл Мүүн шүтдэг гэдэгт би хувьдаа итгэхгүй. Харин хэн ийм юм хийж залуу хост, хоёр бяцхан үрд нь хар нэр зүүлгэх болов гэдэг сонин. Нити бүү санаа зов. Үнэн мөн нь олдох цагт гэмтэй хүмүүс нь гэсгээгдэнэ” гэсэн байсныг олж уншсан юм. Мүүнист гэх хаяг шошго хадуулж, нийгмийн дарамт шахалтыг тодорхой хэмжээгээр мэдэрсэн Д.Нититэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

TV ZONE: Та мүүнист үү? Мүүний тухай хэзээнээс мэдэх вэ? Д.Нити: Би тэр "сект"-д явдаггүй. Мэдэх шалтгаан нь бол би МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхмийн суралцагч. Одоогоор магистрант. Манай сургалтын зарчим бол заавал аль нэг шашны чиглэл рүү шүтэх, эс шүтэх хэмжээнд бус, зөвхөн судлах-танин мэдэхэд оршиж байгаа юм. Гэхдээ надад заавал эрдмийн зэрэг хамгаалах, ромбо диплом авахад биш, зөвхөн танин мэдэх нь илүүтэй юм. Харин бакалаврын түвшинд суралцаж байх хугацаанд "Мүүнист" олон найз нөхөд байсан. Тэд нараас зарим нь орхих нь орхиод, үлдэх нь үлдсэн юм шиг билээ.

TV ZONE: Гол яриандаа шууд оръё. Шашны хэт итгэгчийн л хийх үйлдэл болов уу гэж харагдах үйлдлийг олон нийт тантай холбож ойлгох болсон нь өнөөх зурагтай холбоотой. Яагаад ийм юм болов? Д.Нити: Сая хэсэг хүчээ авсан асуудлын гурван субъект байгаа юм. Нэгд, нийгэм, улс төрд мүүнизм үзэл суртлаа дээд байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа тухай асуудлыг хөндсөн Цэрэндолгор гуайн асуудлыг анзаарч байсан. Хоёрт, тэр бүхэнд улайм цайм "Би хэзээ ч мүүнист байгаагүй" гэж тайлбарлах Насанбаяр гуай. Эдгээрийг "Эрэн сурвалжлах сэтгүүл зүй" нэрийн доор мөрдөх ажиллагаа явуулсан сэтгүүлч Мөнхбаясгалан. Эдгээр хатагтай нарын тус тусын ажил хэрэг болоод хувь шинж нь туйлын дорой санагдсан. Түүнийгээ би нийтлэхдээ "Заргач, урвагч, ховч" гэдэг нэр томъёо ашигласан нь тус бүрийнх нь дургүйг магадгүй хүргэж болох. Нөгөө талаас, миний дэвшүүлсэн санааны гол мөн чанарыг ойлгох хүн тэр бүр байгаагүй бололтой. Ерөнхийдөө анти-мүүнистийг буруушааж байгаа бол мүүнист байж таараа гэж тааварласан байх. Харин өөр нэг өнцгөөс тэдгээртэй хагаралдуулахын тулд намайг ашиглахдаа гэр бүл, үр хүүхдийн минь зургийг ашигласан явдалд харамсаж байна. Зөвхөн өөртөө зориулаад, миний зураг дүрсийг гоочилсон бол хэн ч мэдэхгүй өнгөрнө. Олон нийтэд тийнхүү дэлгэснээс болж биднийг янз бүрээр хараан зүхсэн байдаг. Тэр бүхнээс хамгийн хурцаар бичигдсэн нь гэвэл “Энэ хүүхдүүдийг нь хэрчиж алах нь зүйтэй” гэх мэт... За би тоодоггүй юмаа гэхэд эхнэрт маань их хүнд туссан л даа.

TV ZONE: Та мүүнист биш гэдгээ яаж батлах вэ гэх асуулт ирвэл та юу гэж хариулах вэ? Д.Нити: Мүүнист гэх нотолгоонуудаа дэвшүүлэг. Энгэрээсээ бунда хорол гаргаж ирснээрээ ч юм уу, сургуулиасаа тодорхойлолт авчирснаараа батлагдах асуудал биш л дээ. Угаасаа итгэл үнэмшлийг нотлох, няцаах боломжгүй зүйл юм.

TV ZONE: Та шашин шүтдэг үү? Яагаад шашин судлалыг сонгон судлах болсон талаараа ярьж болох уу? Энэ мэргэжил нийгэмд тийм ч элбэг биш. Д.Нити: Миний сурах болсон шалтгаан бол мэдлэггүйтэй шууд холбоотой. Бас итгэл үнэмшил сул. Одоо болтол шүтэж болох шашин надтай тааралдаагүй л байна. Над шиг мэдлэггүйгээ хүлээн зөвшөөрсөн хүн боломж нь байвал сурах хэрэгтэй гэж боддог. Одоогоор би өөрийгөө латинаар “Монотейст” гэж томъёолж болно. Утга нь моно-тейст буюу ганц хүчинд итгэгч гэх юм уу даа. Бусад төрөл, “сект”-үүдээс арай ангид. Шинжлэх ухаан ингэж тайлбарладаг бол шашнууд Бурхан, Ертөнцийн эзэн, Аллах гэх мэтээр тус тусдаа тайлбарлах байх л даа. Мүүнистүүд бол Мүүн гуайгаа ч гэдэг юм уу.

TV ZONE: Судлаачийнхаа зүгээс аль нэг шашин шүтдэг хэр нь ээ үгүйсгэх нь юутай холбоотой байж болох талаар тайлбарлаж өгөөч? Д.Нити: Энэ бол тухайн шашинд аюул занал учирсантай холбоотой байж болно. Энэ нь одоо цагт мүүнистүүдэд тохиолдож байгаа учраас Насанбаяр гуай үгүйсгэж эхэллээ. Энэ нь Христосын дагалдагчдад ч тохиолдож байсан. Шашин нэг байрандаа, бүх цаг хугацаанд мөнхөд байх боломж муутай. Үзэл суртлууд нь соёл иргэншлээ дагаад шинэчлэгдэнэ. Бусдыгаа үгүйсгэнэ. Хүч хэрэглэх нь мөнхийн явдал. Үзэл суртал-эдийн засгийн зөрчилдөөн бол өнөөгийн манай нийгмийн дайн байлдаантай байдлын шалтгаан юм л даа. Аль аль бие биедээ нөхцөл болж явдаг учраас үзэл суртал ба эдийн засаг хоёрыг салгаж авах нь түвэгтэй юм. Чухам гурван "бай"-ны маань хэний талыг баримтлагч гэдгийг мэдэхгүй байна. Магадгүй мүүнизм Монгол дахь эдийн засгийн сонирхлоо гүйцээсэн, одоо шинэ сект сөргөн гарч ирж байхыг үгүйсгэхгүй.

TV ZONE: Тийм учиртай байжээ. Мүүнистүүдтэй найз байсан гэсэн. Таны зургийг ашиглаж дээр нь бичсэн байсан шиг тийм ёс бус, хэрцгий гэмээр үйлдэл тэднээс гарч байсан уу? Мүүнистүүд тодорхой тайлбар хэлэхгүй байгаа энэ үед нийгэм тэр чигээрээ буруу, зөрүү гэх бүх юмыг үзэн ядаад байгаа Мүүнийхэнд тохох болж. Д.Нити: Тухайн хүнээсээ л шалтгаалах байх даа. Ухамсартай хүмүүст үзэл суртал сайнаар, бусдад нь муугаар нөлөөлсөн байдаг. Мүүнист гэлтгүй шүтлэгтэй хүмүүс харьцангуй ухамсар сайтай. Шүтлэггүй ч гэсэн өндөр боловсролтой хүний амнаас тийм үг гарахгүй л дээ.

TV ZONE: Сошиал ертөнцөд хиймлээр танай гэр бүлийг үзэн ядалтын бай болгочихсон гэж ойлголоо. Энэ үйлдлийн цаад эзнийг олсон уу? Энэ боломжтой юу? Д.Нити: Анх нийтэд дэлгэсэн нь DMNN гэх хуудас байдаг. Тэрээр тайлбарлахдаа "Над руу .... гэх хүн илгээсэн юм аа" гээд, залруулга тавьсан.

TV ZONE: Үнэнийг тодруулах гэж хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан уу? Үгүй бол яагаад? Д.Нити: Би өөрөө хандаагүй ээ. Хандахгүйд хүрвэл энэ миний хувийн зан араншинтай холбоотой. Харин надад хандсан сэтгүүлчдийн нэг бол та. Одоогоор гурван сэтгүүлч надад хандаж, үнэн мөнийг тодруулахыг хүссэн. Миний дэвшүүлсэн саналын гол "бай" нөхөд маань ойлгосон эсэх нь эргэлзээтэй байхад бусад комментарчдад тайлбар өгөх шаардлага байхгүй. Харин анх нийтэлсэн этгээд хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй л дээ. Би гомдол гаргаагүй байлаа ч үүнийг хууль хяналтынхан өөрсдөө хариуцлагыг нь хүлээлгэдэг чадвартай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол эмзэг. Эх хүн. Үр хүүхдийг нь үгээр ч болов "цаазлах" тухай хэлж байгааг уншихад хэцүү л байж таарна. Гэвч энэ сэтгэлзүй гудамжинд, нийгмийг хамарвал их хэцүү түүх бүтээж мэдэхээр байгааг л би анзаараад, харамсаад байгаа л даа. Би сэтгүүлч мэргэжилтэй хүн биш. Гэхдээ сэтгүүлзүй, тэр дундаа тусгай ажиллагаа явуулдаг эрэн сурвалжлах сэтгүүлзүйн /ЭССЗ/ мөрдөгчид маань ажилдаа ийм хариуцлагагүй байгаад харамсдаг. ЭССЗ-д ёс зүйн дүрмээ баримтлах нь чухал байдаг. Сэтгүүлч та тэнцвэрийн цэг дээр өөрөө зогсох ёстой атал дэнсний аль нэг талд нь гарч зогсвол ажил чинь нэгд нурна, хоёрт нийгмийг хамарсан буруу ойлголт, эмх замбараагүй байдал үүсгэнэ. Та цаг уурч гэж бодоход цасан шуургын аюулын зэргийн тухай хэлчихээд араас нь та шуурганд хийсэх юм байна гээд хэлчихвэл яах вэ? Энийг л хэлээд хэлээд ойлгохгүй байгаа.

TV ZONE: Бодит амьдрал дээр хүмүүсийн хандлага өөрчлөгдөх ч гэдэг юм уу ямар нэг гадуурхал, аюул заналхийлэл ирсэн үү? Д.Нити: Бодит харилцааны аюул занал одоогоор мэдрэгдээгүй байна. Ирнэ ч гэж бодохгүй байна, хүсэхгүй байна. Намайг өмөөрч нийтэлж байгаа хүмүүс бол намайг сайн мэддэг хэсэг байгаа бол мэдэхгүй хүмүүсийн тухайд бол миний дэвшүүлсэн санааны мөн чанарыг ойлгосон хэсэг гэж ойлгож байна. Магадгүй тэдгээр нь гутаагчдаас цөөн байх. Энэ нь өөрөө нийгмийн сэтгэл зүй, мэдлэгийн эндикатор шүү дээ.

TV ZONE: Эзэн нь тогтоогдвол гомдол гаргах уу? Д.Нити: Би гомдол эс гаргасан ч хуулийн байгууллага өөрсдөө буруутанг илрүүлж, хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Тийм ур чадвартай, хариуцлагатай байх ёстой ч харамсалтай нь манайд энэ төрлийн туршлага, боловсон хүчин бага. Гэхдээ ЭЦГ-т Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байдаг. Энэ сургамж болох ёстой. Би эр бар хүн гээд тоохгүй байлаа ч гэсэн энэ төрлийн гэмт үйлдлүүд хязгаарлагдах ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Ардаа хариуцлага үүрдэг гэдгийг мэддэг байх ёстой. Би ч өөрөө бодох болсон. Олон нийтэд үл ойлгогдох зүйл нийтлэх дуртай юм бол тэр хүрээнийхэндээ зориулж гаргах ёстой юм байна гэж.

TV ZONE: Энэ бүгдийн цаана Насанбаяр, Цэрэн, Мөнхбаясгалангийн аль нэг байх боломжтой юу? Хаа сайгүй л хардлага сэрдлэг байна. Таны байр суурь? Д.Нити: Би аль нэгийг нь шууд байгаа гэж хэлж чадахгүй. Галаарид гуай сүүлийн нэг нийтлэлдээ: "...дургүй болгоноо хятад гэдэг байсан бол одоо мүүнист гэх болох нь..." гэж. Энэ л туйлшрал. Ярилцлага авсанд баярлалаа.

Энэ мэт янз бүрийн хаяг шошго зүүлгэсэн ч учрыг олж, хужрыг тунгаалгүй, олон нийтийн дайралтад өртөөд буй хүмүүс хэд байгаа бол?!... Мүүнистүүдийг хараан зүхэж, ална хядна гэхийн оронд яавал зөв бурууг ойлгоход нь тусалж болох талаар бодох цаг нь иржээ.

Сэтгүүлч М.Хонгорзул