Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Төрсний дараах “Хямрал”

Төрсний дараах “Хямрал”

Төрсний дараах “Хямрал”

Ээ бурхан минь, миний бие яаж өөрчлөгдөх нь энэ вэ хэмээн төрсний дараа өөрийн биеэ толинд харсан эмэгтэйчүүдийн ихэнх нь “шок”-нд ордог. Зөвхөн бие организм ч гэлтгүй сэтгэл зүйд ч гэсэн маш их өөрчлөлт мэдрэгдэж, нэг л тогтворгүй болж эхэлдэг. Өөрийнхөө сэтгэл санааг яагаад байгааг ч мэдэхгүй хэрнээ амархан уйлмаар, бас уурлаж уцаарламаар, эсвэл инээмээр дотор нэг л сонин, өөрийгөө захирахад хэцүү байдаг. Үнэндээ энэ төрсний дараах гармоны өөрчлөлтөөс болж, энэ мэт биед олон өөрчлөлтүүд гардаг байна. Гэтэл зарим учир мэдэхгүй хүмүүс дэмий баашлаад байна гэж үл тоомсорлож, зарим нь бүр эмзэг нялх биеийг нь хатуу үгээр гомдоох нь цөөнгүй. Тэгвэл энэ дугаарын “Эрүүл мэнд” булангаар төрсний дараа биед ямар өөрчлөлтүүд гардаг тухай хүргэж байна.

Сэтгэлзүйн хямралыг үл ойшоож болохгүй !

Эмэгтэй хүн жирэмсэн байх арван сарын хугацаанд цусанд эм бэлгийн даавар буюу эстроген, прогестерон байнга өндөр хэмжээнд байдаг төдийгүй төрсний дараа дааврын хэмжээ гэнэт буурсанаас сэтгэлзүйд олон өөрчлөлтүүд гардаг ажээ. Эм бэлгийн дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог бөгөөд дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр засагдах учир нь үүнтэй холбоотой байдаг. Дааврын огцом бууралт болон бусад нөлөөллүүдээс үүдэн төрсөн эх цочромтгой, түргэн ууртай, уйламхай, олон ааштай, нойргүй, гунигтай, зожиг ганцаардмал, хоолондоо сонирхолгүй, эсвэл эсрэгээрээ хэт их идэх, мөн бэлгийн дур хүсэл буурах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.

Ерөнхийдөө сэтгэл гутралыг хоёр ангилж үздэг.

"ХӨНГӨН" хэлбэрийн сэтгэл гутрал (baby blue): Энэ нь ихэвчлэн төрсний дараах эхний хоёр долоо хоногт дээрх байдал илэрдэг бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй бөгөөд аяндаа хэвийн байдалдаа ордог.

"ХҮНД" хэлбэрийн сэтгэл гутрал (postpartum depression): Хэрэв сэтгэл санааны тогтворгүй байдал хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үздэг.

Сэтгэл гутралын сөрөг үр дагаврууд:

~ Сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон хүүхэддээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх

~ Үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, улмаар ярьж эхлэх

~ Байнгын сэтгэл түгшүүртэй болох

~ Эхнэрийн сэтгэл гутралын даамжрал нөхөрт ч гэсэн нөлөөлөн гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болох аюултай.

~ Улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэтийн сэтгэцийн гүн эмгэгтэй болох

Үс их хэмжээгээр унаж эхэлдэг

Төрсний дараа хэдэн долоо хоногийн турш үс самнах бүрт их хэмжээгээр унадаг. Жирэмсэн байх хугацаанд үс бага унадаг байсан бол төрсний дараа өдөрт л 100 гаруй ширхэг үс унадаг байна. Энэ нь бие дэх гармоны эрчимтэй өөрчлөлтөөс болж байгаа төдийгүй хэсэгхэн зуурын үзэгдэл учраас сэтгэлээр бүү унаарай. Төрсөн эмэгтэй бүрт тохиолддог өөрчлөлт учраас бие тань хэвийн байдалдаа орохын тулд гарч буй үзэгдэл гэж ойлгон, хүлээн авахыг зөвлөж байна.

Хөхний хэмжээ мэдэгдэхүйц томордог

Төрсний дараа нэг юм уу, хоёр дахь өдрөөс эхлэн хөхөнд сүү орж эхэлснээр хөх томорч, хатуурдаг. Бяцхан үрдээ ангир уургаа хөхүүлж, улмаар хөхөөрөө хооллоход чангарч хатуурсан хөх зөөлөрч сулардаг. Тиймээс хөл хүнд болсон бол үүнийг тооцоолж, жирийн үеийнхээс том хэмжээтэй хөхөвчийг худалдан авч, бэлдэх хэрэгтэй. ТӨРСНИЙ ДАРАА ЧИНЭРСЭН ХӨХӨӨ САЙН СУЛЛАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТӨДИЙГҮЙ ХЭРВЭЭ ХӨХӨН ДЭХ СҮҮГЭЭ САЙН СУЛЛАХГҮЙ БОЛ ХӨХ ЗАНГИРАХ АЮУЛТАЙ.

Хэвлий, гэдэс орчмын өөрчлөлт

Жирэмсэн хугацаанд гэдэс томорч, улмаар тухайн хэсгийн арьс тэлж сунадаг учраас төрсний дараа хэвлий хэсгийн арьс сул унждаг. Зарим эмэгтэйчүүд төрсний дараа ямар ч гэдэсгүй, хурдан хэвийн байдалдаа орчихно гэж эндүү бодох нь бий. Гэтэл бодит байдал дээр ойролцоогоор зургаан долоон хоногийн турш хэвлий хэсгийн арьс тодорхой хэмжээнд агшдаг хэдий ч бүрэн чангарч, алга болдоггүй. Тиймээс төрсний дараа арьсаа унжихаас сэргийлж, зарим эмэгтэйчүүд гэдэсний даруулга зүүх, эсвэл сав агшсаны дараа буюу хоёр, гурван сараас эхлэн гэдэсний таталт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг байна.

Төрсний дараа нуруу өвдөж, бие тавгүйтүүлдэг

Төрөөд удаагүй байгаа ээжүүдийн ихэнх нь нуруу өвдөөд байна гэдэг. Нуруу, нугас руугаа өвчин намдаах тариа хийлгээгүй байтал яагаад өвдөөд байгаа юм бол хэмээн гайхацгаадаг бол кесар хагалгаагаар төрсөн ээжүүд төрөхийн өмнө нугасны мэдээ алдуулалтаас болж нуруу өвддөг болсон гэж ойлгодог. Тэгвэл үнэн хэрэгтээ ямар ч төрсөн эмэгтэйчүүдийн нуруу төрсний дараа өвддөг бөгөөд энэ нь ХЭВЛИЙН БУЛЧИНГУУД СУЛАРЧ, ЭРГЭЖ АГШИЖ ЧАНГАРАХ ЯВЦАД ГАРЧ БУЙ ӨВДӨЛТ, ЗОВИУР юм. Энэ өвдөлт төрсний зургаан долоон хоногийн дотор түлхүү явагддаг бөгөөд хэрвээ үүнээс хойш байнга өвдөөд байвал мэргэжлийн эмч, эсвэл бариачид хандаж болно.

Төрсний дараа зарим эмэгтэйчүүдийн өтгөн хатаж зовоодог

Төрсний дараах эмэгтэйчүүдэд тохиолддог нэгэн өөрчлөлт бол өтгөн хаталт. Хүн бүрийн бие физиологиос шалтгаалж, зарим эмэгтэйчүүд хөл хүнд байхдаа, мөн төрсний дараа өтгөн нь хатаж, зовоодог. Хэрвээ үүнтэй нүүр тулсан бол хамаагүй хүчтэй эм бэлдмэл хэрэглэлгүй хоол хүнсээрээ асуудлаа зохицуулах хэрэгтэй. Хүчтэй эм бэлдмэл хөхний сүүгээр дамжиж, нялх үрд тань нөлөөлөх учраас хүнсэндээ ислэг ихтэй бүтээгдэхүүн, мөн жимс ногоо сайн идэж, ус ихээр уухыг хичээгээрэй.

Төрсний дараах хэвлийн өвдөлт

Нялх үрээ өлгийдөн авч, хоёр яс салж, өвдөлт бүрмөсөн дууслаа гэж бодож байвал том эндүүрэл шүү. Хүүхдээ төрүүлсний дараа сав агшиж, хэвийн байдалдаа орохын тулд хэвлий орчмоор зовиуртайгаар маш их өвддөг. Тиймээс саваа түргэн агшаахын тулд хүйтэн жин хэвлий орчим газартаа сайн тавьж өгөх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд хэвлий дээрээ тавьж байна гээд давсаг орчим газартаа тавьчихдаг бөгөөд энэ нь цистит үүсгэх аюултайг энд сануулж байна. Мөн хүүхдээ сайн хөхүүлээд байвал сав хурдан агшдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй.

Төрсний дараах “УСАН ХУЛГАНА”

Төрсний дараа эмэгтэйчүүд маш их хөлөрч, ялангуяа шөнийн цагт усан хулгана болтлоо хөлөрдөг. Тэгвэл энэ нь жирэмсэн байхдаа биед хуримтлуулсан илүүдэл усаа ингэж хөлсөөрөө гадагшлуулдаг байна.

“Хөл хөнгөрч, маш их эрч хүч мэдрэгдэж байна...”

Энэ бол төрсөн эмэгтэйчүүдийн төрсний дараах сэтгэгдэл. Тиймээ, багагүй хугацаанд хэвлийдээ 10 орчим кг-ийг тээж, төрсний дараа тэр хүнд жин нь байхгүй болсноор бие хөнгөрөх нь мэдээж. Үүнээс гадна, бие дэх эрчимтэй үйл ажиллагааны улмаас төрсний дараа эмэгтэйчүүд жирийн хүмүүсийг бодвол хэд дахин илүү эрч хүч, энергийг өөртөө хуримтлуулсан байдаг нь судалгаагаар тогтоогдсон.