Аварга “А” үсгийн багш
Хакухо Их аваргыг сондгой сар бүрийн барилдаанаас гадна нийгмийн, хувийн, бүлгийн, багийн гээд олон ажил хүлээж байдаг. Харин тэрээр хувийн, тэр дундаа аавын үүргээ сайн биелүүлэгч. Япон бүсгүйтэй ханилж, үр хүүхэдтэй болсон ч цусанд нь Монгол оршдогийн хувьд том охин, хүү хоёртоо анхны А үсгийг нь заажээ. Ерөнхий боловсролын сургуульд хэрэглэгддэг элментийн дэвтрийг зорьж аван, ийн гэрийн багшийн үүргийг гүйцэтгэж байгаа нь сайхан хэрэг.
Бас нэгэн онцлох ажил нь алганы хээн “үйлдвэрлэл”. Жижиг цехийн дайтай үйлдвэрлэлийг улиралдаа нэг хийх бөгөөд тэгэхдээ 1500 орчмыг бэлтгэдэг гэнэ. Үүн дээр нь өөрийнх нь гарын үсэг, тамга нь байрлана. Энэ нь сумод хайртай, түүний шүтэн бишрэгчдэд хамгийн үнэ цэнэтэй бэлэг нь болдог. Ер нь япончууд бичиг, соёлын, хүндэтгэлийн зүйлийг ихэд бэлгэшээдэг ард түмэн. Тиймдээ ч сумогийн цолтой тамирчид, их аваргуудаас гадна олны танил хүмүүсийн гарын үсэгтэй хуудас үнэтэй бэлэг нь байдаг байна. Их аваргын ажил энэ мэт ч ундарч өгнө дөө.
