Томас Бах: Дүрвэгсдийн баг Олимпийн наадамд оролцоно
2016 оны Риогийн зуны олимпийн наадамд Дүрвэгсдийн Баг оролцоно гэдгийг Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах батлан хэллээ. Дэлхийн өнцөг булан бүрт, хүнд нөхцөл байдалд аж төрж байгаа олон сая дүрвэгсдэд "итгэл найдвар өгөх" үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан байна. ОУОХ-оос одоогийн байдлаар дүрвэгсдийн хуарангаас олон улсын зэрэглэлтэй 43 тамирчинг олж тогтоогоод байгаа бөгөөд тэдгээрээс 5-10 тамирчинг эцсийн байдлаар сонгон, Дүрвэгсдийн багийг бүрдүүлж, Олимпийн далбаан доор нэгдэн оролцуулна хэмээн Томас Бах хэлсэн байна. Дүрвэгсдийн багт сонгогдсон тамирчдын бүрэлдэхүүнийг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс ирэх 6 дугаар сард танилцуулахаар төлөвлөсөн байна. ОУОХ-ны зүгээс Дүрвэгсдийн багийн дасгалжуулагчийг томилж, багийг хувцас, хэрэглэлээр хангахаас гадна мөн дүрвэгсдийн багийн гишүүдийн Олимпийн наадамд оролцоход шаардагдах нийт зардлыг хариуцна болно гэсэн байна. Харин Дүрвэгсдийн баг 8 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдах Олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр зохион байгуулагч Бразил улсын багийн өмнө жагсах юм байна. Одоогийн байдлаар Дүрвэгсдийн багийн тамирчид спортын ямар төрөлд Олимпийн дэвжээнээ өрсөлдөх нь тодорхойгүй байна.
