“Хувьсал” продакшны Жүжигчин, СТА А.Ганчимэг: “Хүний хамгийн сайхан гоёл нь хүн чанар, сайхан сэтгэл...”

Өнөө л урт үстэй, нүүр дүүрэн мишээх, ялдамхан бүсгүй... Түүний халимаг үстэй хархүүгийн төрх олны сонирхлыг эрхгүй татжээ. Угтаа бол энэ нь отгон уран бүтээлийнх нь дүр. Нээлтээ хийж амжаагүй байхад нь клипээр нь дүгнэхэд л бахархах сэтгэл төрсөнсөн. Харин энэ дүрд орох гэж хэдий хэр хичээл зүтгэл гаргасныг уулзаад сонсох нь ээ, улам биширч хайрламаар... Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг л энэ байх. Уншигч тантай Соёлын Тэргүүний ажилтан, “Хувьсал” продакшны жүжигчин Алтангинжийн Ганчимэгийг уулзуулж байна.
TV ZONE: ТАНЫ “АМЬДАА” НЭГЭН ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧНИЙ ТОГЛОСОН КИНО СҮҮЛИЙН ҮЕД ОЛНЫГ НЭЛЭЭД ШУУГИУЛААД БАЙГАА. МЭДСЭН ҮҮ?
Мэдсэн, харсаан. Надтай нэлээн төстэй юм билээ. Олж уулзъя гээд бодоод байгаа. /Инээв/А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ҮНЭХЭЭР ТЭГЖ АНДУУРМААР ДҮРИЙГ ГАНЧИМЭГ МААНЬ ДЭЛГЭЦНЭЭ БИЙ БОЛГОЖ, ҮЗЭГЧИДДЭЭ ӨӨРИЙГӨӨ ДАХИН ШИНЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Баярлалаа.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: БИДНИЙ ЯРИЛЦЛАГА УНШИГЧДАД ХҮРЧ БАЙХ ЭНЭ ЦАГ ҮЕД КИНО НЬ НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ДЭЛГЭЦЭНД ХЭД ХОНОГ ГАРЧИХСАН БАЙНА. ХАРИН ОДОО БОЛ /2016.02.25/ “АТГАНД ҮЛДСЭН ЭРДЭНЭ” КИНО НЬ НЭЭЛТЭЭ ХИЙХЭД ХЭДХЭН ХОНОГ ДУТУУ БАЙГАА ЦАГ МӨЧ. ДОГДЛОЛ ДҮҮРЭН СУУНА УУ?
Тэгэлгүй яахав. Өнөөдрөөс 9 хоногийн дараа нээх гэж байна. Маш их догдолж байна. Учир нь энэ бүтээлд маш их хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн. Би ч өөрт байгаа бүхнээ дайчилсан кино маань үзэгчдэд хүрэх гэж байгаа болохоор догдлол бол дээд цэгтээ байгаа. Ер нь бүтээл бүрийнхээ өмнө л ийм догдлол, сандралыг мэдэрдэг ч энэ удаад бүр илүү мэдрэмж төрж байнаа. Жүжигчин хүний туйлын зорилго бол ямар нэг дүр бүтээх байдаг. Би өөрийгөө дүр бүтээсэн гэж онгирохгүй, тэгж бодох ч үгүй байгаа. Гэхдээ олон нийтээс, жишээлбэл өөрөөс чинь ч юм уу “Үнэхээр өөр болсон байна. Маш сайн хувирч чадсан байнаа” гэдэг үгийг сонсоход сайхан, таатай байлгүй яахав. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ҮНЭХЭЭР ЧАДВАРЛАГ АЖИЛЛАСНЫГ НЬ НАДААС ГАДНА ОЛОН ХҮНИЙ АМНААС СОНССОН, ЦААШИД Ч СОНСОХ БАЙХ. БИ Л ГЭХЭД ХЭДИЙ КИНОГ НЬ ҮЗЭЖ АМЖААГҮЙ Ч КЛИПЭЭС НЬ ХАРАХАД ЁСТОЙ ХАМАГ БИЕНИЙ ШАР ҮС БОСОХ ШИГ БОЛСОН. ХУРДХАН ҮЗЭХ ХҮСЭЛ ТӨРСӨН ШҮҮ. ХАМТРАН ЗҮТГЭГЧ СТА Д.ГАНЦЭЦЭГ Ч ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСНАА “БИ ГАНУУХЫГАА ДҮР БҮТЭЭСЭН ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН БАЙНА БИЛЭЭ.
Маш их баярлалаа. Хүнд тодорхой хэмжээгээр үнэлэгдэж, хийсэн ажилдаа сайшаал магтаал хүртэнэ гэдэг сайхан хэрэг. Ийм үгийг сонсох ч сайхан байна. Гэхдээ би дүр бүтээнэ гэж хэлэхээс үнэхээр эмээдэг. Тэр тийм ч амар хэлэгддэг үг, үйлдэл биш юм. Ямартай ч би маш их хичээж ажилласан. Өөрт байгаа нөөц бололцоогоо 100 хувь дайчилна гэдэг бол би 1000 хувь зориулж чадсан гэдгээ л бардам хэлнээ. Гэхдээ энэ бол зөвхөн миний ажил биш. Энэ кинонд ажилласан хүн бүхний сэтгэл, зүтгэл, зөвлөмж, дэмжлэг, тусалцаа. Ядрах бүрт “Чи чаднаа” гэж урмаар тэтгэж байсны хүч, үр дүн юм шүү.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД БҮТЭЭГДСЭН БАЙХ АА?
Ер нь бол хоёр байтугай жилийн бүтээл юм. Учир нь зохиолыг бичсэн У.Уранчимэг эгч маань энэ бүтээлийг олон жил тархиндаа боловсруулсан юм билээ. Харин яг хоёр жилийн өмнө л цааснаа бууж, дүрүүдийн сонголт, кино баг бүрдүүлэх, зураг авалт, монтаж хийх, тэгээд өнгө, дуу дүрсний шүүлт гээд олон шат дамжлага хийгдсээр үзэгчиддээ ийн хүрч байна. Манай киноны хамгийн том онцлог нь дэлхийн кино урлагийн стандартад нийцсэн явдал юм. Бид АНУ-ын олон гайхалтай бүтээлийг хийж чадсан Холливуд дахь “E film”-д киноныхоо өнгө, дүрсний шүүлтийг хийлгэсэн бол, мөн АНУ-ын “616 Music Lab”-ийн Рикардо Мэжиа дууны найруулгын ажлыг хийсэн. Холливудын дуу, дүрсний чанарыг эх орныхоо уран бүтээлд анх удаа нэвтрүүлж байгаад манай багийн хамт олон баяртай байгаа. Өөрсдөөрөө бага ч болов бахархаж байгаа шүү.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ТЭР ХҮМҮҮСТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН БЭ? ЕР НЬ ТУС ФИЛЬМИЙН КИНО БҮТЭЭЛЭЭС НЬ НЭР ДУРДВАЛ?
Манай киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангараг маань Америкийн кино зураглаачдын “ASC” холбооны албан ёсны гишүүн юм. “ASC”, “E Film” нар хоорондоо холбоотой ажилладаг юм билээ. Америкт киногоо чанаржуулах ийм боломж байна гэдгийг Д.Ангараг бидэнд хэлж, бид ч олон талаас нь судалж үзсэний дүнд яагаад болохгүй гэж, болгоё, бүтээе гэж зорьсны дүнд ийнхүү кино маань өөрсөддөө төдийгүй Монголын кино урлагт нэгэн том алхмыг хийлээ. Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр АНУ-ыг зориод, 2 дугаар сард эцсийн байдлаар бэлэн болоод эх орондоо ирсэн. Нийтдээ 4 сарын хугацаанд кинонд маань өнгө дүрсний шүүлт, дууны найруулга хийгдсэн гэсэн үг. “E Film”-ийн хувьд “Mad Max”, “Deadpool”, “Furious 7”, “Fury” гээд тоолж баршгүй олон гайхалтай киног дэлхийн үзэгч олонд хүргэсэн байдаг юм билээ.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ДЭЛХИЙ ДАХИНЫГ ШУУГИУЛЖ ЧАДСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД “АТГАНД ҮЛДСЭН ЭРДЭНЭ” КИНОНД ЯМАР ҮНЭЛГЭЭГ ӨГСӨН БЭ?
Монгол улстай анх удаа хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байхаас гадна Монголын кино урлагийг хөгжүүлж, нэг шат ахиулахаар зоригтой алхам хийсэнд талархаж байна гэсэн. Мөн Монголын уран бүтээлчдийг маш их үнэлж, зургийн найруулагч Ангарагийн ажлыг үнэхээр мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн бөгөөд зохиолын үйл явдал маш сонирхолтой байнаа гэж байсан.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: БАС НЭГ САЙХАН МЭДЭЭ БАЙСАН НЬ ОЛОН УЛСАД ГАРАХ ЭРХЭЭ АВСАН ТУХАЙ? ҮНЭХЭЭР ЧАНАР ЧАНСААГАА ДАГААД ТЭР ДАЙНЫ ҮНЭЛЭМЖ ИРЖ БАЙНА Л ДАА.
Олон улсын стандарт тийм байх ёстой гэсэн шаардлага байдаг даа. Тэр бол яахын аргагүй байх ёстой зүйл юм билээ. Ер нь байгаагаасаа урагш нэг алхахгүй, дэлхийн жишгийг дагахгүй, “За яахав, Монголдоо ингээд л гаргачихъя” гэсэн сэтгэлээр хандвал жилд нэг байтугай киног “халтуурдаж” хийх биз. Тэглээ гээд бид ч, үзэгчид маань ч хөгжихгүй шүү дээ. Бид тийм зүйлийг хүсээгүй ээ. Харин ч эх орноо төлөөлж, Монголын киночид юуг, ямар түвшинд, хэрхэн хийдгийг нь таниулахыг хүсч байгаа учир заавал Олон улсын стандартад нь нийцүүлж, олон улсад гаргах эрхээ /MPAA-Motion Picture Association of America/ авна даа гэж бүр зорьж, тэмүүлсний үр дүн гарсан нь энэ юм. Түүнээс биш юу юугүй л дэлхийд нээлтээ хийх гээд байна гэж зарим хүмүүс андуурч байх шиг. Тэр бол дараа дараагийн ажил. Юутай ч эхний зорилго маань олон улсын стандарт хангасан өнгө дүрс, дууны найруулгатай киногоо Монголынхоо үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна даа.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН ГЭХЭЭР КАНН, ОСКАР САНААНД БУУЖ БАЙНА. ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?
Харин тийм. Яагаад болохгүй гэж, харж л байя. Хийдгээ хийчихсэн юм чинь боломж бололцоо нь таараад, аз эз нь ивээвэл сориод л үзнэ дээ. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: “ХУВЬСАЛ”-ЫНХНЫ ХУВЬД 2-ХОН ЖИЛИЙН ӨМНӨӨС Л ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД ХӨЛ ТАВЬСАН. ЭНЭ НЬ ОЛОН ЖИЛ ЭНЭ УРЛАГТ ЗҮТГЭЖ БАЙГАА НӨХӨДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД АСАР БАГА ХУГАЦАА. ГЭХДЭЭ “ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ”, “ЗҮРХЭЭР НААДАГЧ”, “ТООЦООГҮЙ ТОГЛООМ”, ОДОО ЭНЭ БҮТЭЭЛ ГЭЭД ДҮГНЭХЭЭР СЭДЭВ, АГУУЛГА, ӨГҮҮЛЭМЖ, ҮЗЭГЧДЭД ХЭЛЭХ ГЭСЭН МЕССЕЖ НЬ ЦААНАА Л ӨӨР БАЙДАГ ЮМ. ҮҮНИЙ ЦААНА НАЙРУУЛАГЧ, МУГЖ У.УРАНЧИМЭГ, ТҮҮНИЙ БАГ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ГАР НИЙЛЭН АЖИЛЛАХ ЧАДВАР, СЭТГЭЛ МЭДРЭГДДЭГ ШҮҮ?
Тэгэлгүй яахав. Бид чинь кино урлагт бол “шиноковууд” шүү дээ. Энэ хугацаанд 4 кино хийлээ. Бид ч заавал мэргэжлийн түвшинд байж, чанар чансааг мэдрүүлэх ёстой гэсэн шаардлагыг уран бүтээл бүхэндээ тавьдаг. Зүгээр нэг халтуурдаад өнгөрөхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Манай продакшны хүн бүр ийм үзэл баримтлалтай. Урнаа эгч маань ийм зөв шаардлагыг тавьдаг, түүнийгээ биелүүлдэг, зорьсондоо хүрдэг. Д.Ганцэцэг эгч маань үнэхээр дайчин. Зургийн даргын үүргийг бол дээд цэгт нь тултал хийнэ дээ. Болохгүй, бүтэхгүй байсан ч болгоод, бүтээгээд кино зургаа зогсоохгүй шүү дээ. Онгироход, ийм Зургийн дарга бусад киночдод байхгүй ээ. Тиймдээ ч манай продакшныхан гаднаас ирж байгаа уран бүтээлчдийг маш гоё нэгэн ам бүл болгож, өөрсдөд нь байгаа авьяас чадвар, нөөц боломжийг нь бүгдийг ил гаргаж, улам хөгжүүлж чаддаг. Ер нь уран бүтээл хамт олны сэтгэл, хүчээр босдог зүйл. Олон дунд нэг нь л болохгүй байна, бүтэхгүй нь гэхээс илүүтэйгээр бүгд нэг зүгт харж, хамтдаа болгож, бүтээхийн төлөө байдгаараа бидний бүтээлүүд тодорхой хэмжээний амжилтыг дагуулж байдаг юм болов уу гэж боддог доо.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ТА ГУРАВ ДРАМЫН ТЕАТРААС УГШИЛТАЙ. ТАЙЗАА ХЭР ҮГҮЙЛЖ БАЙНА? ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ ЮУ?
Төлөвлөгөө байлгүй яахав. Удахгүй тайзны бүтээлээр үзэгчидтэйгээ уулзанаа гэж найдаж байна. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: БҮТЭЭЛ БҮРИЙНХЭЭ АРД ГАРААД ГАНЧИМЭГ МААНЬ ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙДЭГ БАЙХ. ЭНЭ КИНОНООС ЯМАР ДҮН АВСАН БЭ?
Би өөрийгөө сайн ч, муу ч гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л Ганчимэг гэж хүнд байж болох бяцхан авьяасыг, хичээл зүтгэлийг, хүч хөдөлмөрийг бүгдийг нь шавхаж гаргаж чадсан. Цаашид ч шинэ шинэ бүтээл дээр би улам хөгжинө, илүү ихийг хийхийг зорих болно. Эрэгтэй хүний дүр гэхээр л үсээ хусаад, эрэгтэй хувцаслаад л бүтчихдэг зүйл биш. Алхаа гишгээ, байгаа байдал, үйл хөдлөл, нүдний харц, хоолойн өнгө гээд эрэгтэй хүнийг тодорхой хугацаанд судалсан. Би л гэхэд гаднах төрхөөрөө ч, хоолойны өнгөөрөө ч тэр их эмэгтэйлэг хүн шүү дээ. Анх “Чи яаж эрэгтэй болох юм?, бараг “Энэ хүүхнүүд үү?” кино шиг л болох биз” гэх хүмүүс ч байсан. Тэр үгс намайг хурцалж, зоригжуулдаг байлаа. Тэгээд л хоолойныхоо өнгийг өөрчлөх гээд утасны дуу хураагуурт киноныхоо текстүүдийг хэлж, бичээд л, өөрөө өөртэйгээ их ажиллана. Эхэндээ эмэгтэй л сонсогдоно. Харцаа хүртэл эрэгтэйлэг болгох гэж толинд хараастай. Инээд хүртэл эрэгтэйлэг байх ёстой гээд л... энэ бүхэнд зааж, зааварчилж, зөвлөж байсан хүн бүхэнд талархсанаа илэрхийлье.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ХЭСЭГ ХУГАЦААНД ЭРЭГТЭЙ ХҮНИЙ АМЬДРАЛААР АМЬДРАХАД ЯМАР БАЙХ ЮМ?
Аятайхан, амар юм билээ. /инээв/ Будаг шунх гэхгүй. Шарваараа өмсөөд, дээлээ өмсөөд, сайхан пакаль, хромоо углаад амар амар. Хромон гутландаа дасах гэж бас хэсэг юм болсоон. Кино маань монгол ахуйтай учраас монгол ёс заншлаа, дээл хувцсаа дээдэлсэн, бүх дүр маань үндэсний хувцсаараа гоёсон, адуу малаа хүндэтгэсэн бүтээл болсон. Үхтлээ айна гэдэг шиг би мориноос зүрхэндээ ортлоо айсан удаатай. Найруулагч Б.Чингүүний “Наран мандах нутаг” киноны зураг авалтын үеэр мориноосоо унан, чирэгдэж, нуруугаа гэмтээж байсан юм. Тэгээд морь гэхээр зүрхшээгээд л байлаа. Гэхдээ айдсаа давахын тулд зураг авалт эхлэхээс 2 сарын өмнөөс Тэнгэрийн чоно группын хамт олонтой морь унах бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд л удалгүй морио унаад хаашаа ч хамаагүй давхидаг, адуу малаа хураадаг болсон доо. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ХАРИН ГАРТ НЬ НЭЛЭЭН БУЛЧИН СУУСАН БАЙНА?
Тэгсээн. Их бакь гартай болсон. /инээв/ Ер нь бид монгол ахуйгаасаа их холдсон юм билээ. Мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй зүйлүүд их тохиолдож байлаа. Гэрээ барихаас эхлээд, монгол дээл хувцсаа зөв өмсөх, эрэгтэй хүн гаансаа гутлынхаа түрий рүү хааш нь харуулж хийх ёстой гээд л олон зүйлийг бид дахиж шинээр суралцсан. Тиймдээ ч кино маань монгол ахуйгаа үзэгчиддээ эргэн нэг сануулж, нэгийг бодогдуулах байх.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ГАНЧИМЭГИЙН УРТ САЙХАН ҮСЭНД НЬ ХАРАМССАН ФЭНҮҮД НЭЛЭЭД ИХ БАЙНАЛЭЭ?
Үс гэдэг бол яахын аргагүй эмэгтэй хүний гоёл, гоо сайхны чухлаас чухал хэсэг нь. Би ч гэсэн үсээ авахуулна гэхээр бага зэрэг эргэлзээд л, бяцхан ч гэсэн эмээлт байсан. Гэхдээ найруулагч маань надад энэ дүрийг оноогоод, үнэхээр би тоглож чадвал энэ бол үнэхээр сайхан дүр байна гэж бодоод үсээ авахуулахаар шийдсэн. Халзан мэт парик зүүгээд тоглож болох л байлаа. Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Энэ дүрийн ард заавал гарна гэж өөртөө зорилго тавьсан учраас бүхнийг бодитоор нь хийхийг зорьсон. Нүүр будалтаа хийлгэхдээ ч “Намайг муухай битгий харагдуулаасай” гэж огтхон ч бодоогүй. Бүр нүднийхээ давхрааг арилгах гэж хичээсэн. Кинон дээр миний нэг нүдний давхраа байхгүй байгаа. Анзаараарай.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ЯАЖ АРИЛГАЧИВ?
Арилгасаан арилгасан. Одоо бол орчихсон байгаа биз дээ. Үнэхээр өөр харагдах гэж хичээсэн. Үсээ авахуулсан цагаас хойш л ер нь эрэгтэйлэг шинжиндээ орсон доо. Өсгийтэй гутлыг бүр мартаад, намхан гутал, пүүз, жинсэн өмд, сул цамцнаас салахаа больсон. Цээжээ зузаахан даавуугаар живхийтэл нь чанга гэгч ороогоод л явж өгнө шүү дээ. /инээв/ Одоо ч гэсэн биед эвтэйхэн учраас чөлөөт хувцаснаасаа салахгүй л байна. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: БИ ӨМНӨӨС ЧИНЬ ДОГДЛООД БАЙХ ЮМ?
Үнэхээр хүмүүсийн хүлээлт мх байгаа нь мэдрэгдээд байгаа юм. Үзсэн хүн бүхэн өөр өөрийнхөө дүгнэлтийг хийх биз. Харин зохиолч, найруулагчаар нь ажилласан Урнаа эгчийн энэ киногоор дамжуулан хэлэх гэсэн санаа хэн хүний тархинд нэг шинэ дохио өгөх байх аа. Урлагийн бүтээл, уран бүтээл гэдэг хэн нэгний зүгээр нэг инээд, нулимсыг үзэхдээ биш. Кино театраас гарсны дараа тухайн хүний тархи, оюунд юу үлдсэн байна гэдгээр чанар чансаа нь тодорхойлогддог. Бусдыг хайрлах нандин чанар нь сэргэж, заримынх нь улам их ундрах болов уу гэж найдаж байна. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ХАМТРАН ТОГЛОСОН УРАН БҮТЭЭЛЧДИЙНХЭЭ ТУХАЙД?
Миний хамтран тоглогчоор УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр ажилласан. Уншигчид маань “Ромео”-гоор нь андахгүй байх даа. Миний бас “Ромео” болсон. /инээв/ Миний аавд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай тоглосон. Эр хүний үйлдэл ийм байдаг юм, энэ хэсэг дээрээ хоёулаа ингэж харьцъя, үүн дээрээ анхаараарай гэх мэтээр Дагваа ахаасаа асар их зүйлийг сурч, мэдэж авсан. Миний ээжид Урнаа эгч, найзад Ганаа эгч маань тоглосон. Үүнээс гадна олон туслах дүр бий. Маш олон хүний хүч хөдөлмөр, цаашлаад гадны байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллаж, туслалаа. Дээр хэлсэнчлэн E film, Америкийн кино зураглаачдын ASC холбоо, өнгө шүүлтний Tiffen компани, кинонд зориулсан тусгай гэрэл үйлдвэрлэгч Maccam компани гээд тэр бүх хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болж чадсан. Монгол ахуй соёлоо харуулсан гэсэн шүү дээ. Тиймдээ ч кинонд тоглосон дүр бүхэн үндэсний хувцсаараа гоёлоо. Үүнд “Алтан утас” салоны авьяаслаг үйлчин бүсгүйчүүд хамтарч ажилласан. Би киноныхоо нээлтэд зориулсан улаан хивсний ёслолд энэ салоны урласан үндэсний хувцсаараа гоёно доо. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: БЯЦХАН ОХИН НЬ ОДОО 2 ХҮРЧ БАЙГАА БАЙХ АА?
Тийн, удахгүй 2 ой хүрнэ дээ. Гэрээр гүйсэн, бужигнуулсан, сахилгагүй нь дийлдэхгүй, дайсны цэрэг охин байна. /инээв/А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ЭНЭ ИХ АЖЛЫН, ЦАГ ЗАВГҮЙ ҮЕД ОХИНТОЙГОО ХЭР ОЙР БАЙВ?
Өө, би чинь зун кино зураг авалт эхэллээ гэвэл яалт ч үгүй орхиод л явна даа. Өвөө, эмээ хоёрынхоо хүүхэд нь болоод л, ээжтэйгээ утсаар яриад л... Их хөөрхөөн, өглөө эмээ нь “Миний охин хоолоо идээрэй” гэхээр “Миний ээжээ, хоолоо идээлэй” гээд л... Хүүхэд гэдэг үнэхээр гайхалтай. Эмэгтэй хүний мэдэрч үзэх ёстой хамгийн сайхан мэдрэмж бол ээж болох.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ЭЭЖ БОЛЖ БАЙСАН ҮЕИЙН МЭДРЭМЖЭЭ ЭРГЭН НЭГ САНАВАЛ?
Охиноо төрүүлчихээд амлуулж байх яг тэр үеийн бичлэг байдаг юм. Түрүүхэн хүртэл тэр бичлэгээ үзээд сууж байлаа. Хөндлөнгөөс өөрийгөө харахад, нялхарч ядарсан мөртлөө цаанаа л нэг жаргалтай, баяр баясалтай, хүүхдээ харж байгаа харц нь хүртэл аз жаргал, догдлол мэдрүүлэм өөр байдаг юм билээ. А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ЭЭЖИЙН АВЬЯАС, МЭДРЭМЖИЙГ ӨВЛӨСӨН ЮМ ШИГ ЭЭ. ТҮРҮҮХЭН ЗУРГУУДЫГ НЬ ХАРАХАД НҮҮРНИЙ ХУВИРАЛ, БАЙГАА ТӨРХ БОЛ ДОНЖТОЙ БАЙНАЛЭЭ?
Өө, байгаа байгаа. Хамаатан саднаараа нэгнийхээ хүүхдийн төрсөн өдөр энэ тэр үйл явдал болоод зураг хөрөг авахад миний охин л бүх зурган дээр нь харчихсан, мэлтийчихсэн л байж байна. Утасны сельфиг хамгийн сайн ашиглагч. Өөрийнхөө зургийг ч дарна, камераа буцааж байгаад “Ээжээ халаалай” гээд л намайг ч сайн авна. Тэгэхээр тэр охинд зураг авахуулах, авах авьяас, сонирхол байх шиг байгаа юм аа. Гэхдээ хүүхдийг гар утсаар оролдуулах маш буруу. Ээжийнхээ утсыг хэр барагтаа авахгүй дээ, хаа нэг л авахаараа зургаа дарна шүү дээ.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: АМЬДРАЛ ХОЙНО ШАНТРАХ, ГУНИХ ҮЕ ТОХИОНО. ТЭР БҮХЭНД УРАМ АВЧ, ЗОРИГЖДОГ ҮГС, ҮЙЛ ЯВДАЛ БАЙДАГ УУ?
Би дунд сургуульд байхдаа сонсож, уншиж байсны аль нь бүү мэд, ямартай ч санаанаас гардаггүй нэг үг байдаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн “Цаг хугацааг дэмий өнгөрөөвөл амжилтын галт тэргээс хоцорч байнаа гэсэн үг”... Энэ үгийг байнга санаж, хүнтэй уулзахдаа ч товлосон цагаасаа хоцрохгүйг хичээдэг. Хоцрох ч дургүй. Ер нь миний өөрөө өөртөө болон ер нь хүн ийм л байх ёстой юм байна даа гэдэг нэг зүйл бий. Тэр бол хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тухайн хүн ямар ч ажил мэргэжил, боловсролтой бай зүгээр л сайхан сэтгэл, сайн бодлыг тээж, сайн үйлийг хийж явахад амьдрал нь аяндаа сайхан болох юм болов уу гэж боддог, итгэдэг. Ер нь хүний хамгийн сайхан гоёл нь хүн чанар, сайхан сэтгэл юм даа...А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: ГАНЧИМЭГИЙН УНШИГЧИДТАЙГАА ХАМТ БАЙХ ДОЛОО ХОНОГТ МАРТЫН 8 БУЮУ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙГАА.
Ертөнц бол эмэгтэй хүн дээр тогтдог. Энэ ертөнцийн хамаг л сайн сайхан эмэгтэй хүний дотор оршдог. Цээжнээсээ сүү асгаруулдаг шигээ эмэгтэй хүн өөрөө гайхамшиг юм. Монголынхоо элбэрэлт сайхан ээжүүддээ, бүсгүйчүүддээ, охиддоо энэ ертөнцөд байж болох хамгийн сайхан бүхнийг хүсье. Өглөө бүрийг аз жаргалтайгаар угтаж, тааралдсан бүхэндээ сайхан инээмсэглэл бэлэглэж, орой болгон сэтгэл нь амгалан, тайван сайхан нойрсож байх болтугай. Та бүхэн минь эрүүл саруул, энх тунх, элэг бүтэн байхад санасан бүхэн аяндаа бүтэх юм шүү.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: “АТГАНД ҮЛДСЭН ЭРДЭНЭ”... “ХУВЬСАЛ”-ЫНХАН ЯМАР ЭРДЭНИЙГ АТГАНДАА НАНДИГНАН ҮЛДЭЭЖ ЧАДСАНЫГ, ТҮҮГЭЭР ЮУ ӨГҮҮЛЭХИЙГ ЗОРЬСНЫГ КИНОНООС НЬ ХАРЖ, МЭДРЭХ НЬ ЭЭ. ХЭДЭН САР, ЖИЛИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨР, СЭТГЭЛ ЗҮТГЭЛ, АВЬЯАС ЧАДВАР ШИНГЭСЭН БҮТЭЭЛ НЬ НЭЭЛТЭЭ ХИЙЖ БУЙД ДАХИН БАЯР ХҮРГЭЕ. ЭХ ОРОНДОО ТӨДИЙГҮЙ, ХИЛИЙН ЧАНАДААС ОЛОН САЙХАН МЭДЭЭГ ДУУЛГАХ БОЛТУГАЙ. ТА БҮХЭНДЭЭ АЗ ХИЙМОРЬ, АМЖИЛТЫГ ХҮСЬЕ.
Маш их баярлалаа. Бидний уран бүтээлийг дэмжин, үзэгч, уншигчдад хүргэх гүүр нь болж, үргэлж хамтарч ажилладаг TV ZONE-ийнхондоо дахин баярлалаа. Та бүхэндээ бас их амжилтыг хүсэн ерөөе. Хувьсал продакшныхаа нэрийн өмнөөс кинонд маань хамтран ажилласан нийт уран бүтээлчиддээ дахин талархсанаа илэрхийлье. Үзэгч, уншигч та бүхэн маань киногоо үзчихээд сэтгэл, сэтгэгдлээ бидэнд харамгүй хайрлаарай. Та бүхний зэмлэл, магтаал бүгд бидэнд үнэ цэнэтэй шүү. Бид бүхэн цаашид ч олон сайхан уран бүтээлийг хийсээр байх болно. Тэр бүхэнд минь хамтдаа байгаарай. Бүсгүйчүүд маань сайхан баярлаарай. Эрчүүд маань сайхан баярлуулаарай.А.ГАНЧИМЭГ:
TV ZONE: БАЯРЛАЛАА. ТАНД Ч ГЭСЭН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
Ярилцсан:Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ
Гэрэл зургийг:В.ЦЭНД-АЮУШ
