Өнөөдөр Хакүхо ахин нэг рекорд тогтоох уу?
Мэргэжлийн сүмогийн 3-р сарын тэмцээн "Харү башё" Японы Осака хотноо эхэллээ. Тэмцээний эхний өдөр Ёкозүна Какүрюү М.Ананд Сэкиваке Тойоношимад, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Такарафүжид өвдөг шороодлоо. Ёкозүна Хакүхогийн хувьд Такарафүжид анх удаагаа унасан нь энэ. Харин Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Комүсүби Точиозаныг 21 дэх удаагаа давсан.
Энэ башёд Монголын 8 бөх дээд зиндаанд барилдаж байна. Оозэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Точиношиныг, Кёкшүшюүхо Т.Эрдэнэбаатар Сококурайг, Таканоива А.Баасандорж Кайсэйг, Ичиножёо А.Ичинноров Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж тус тус эхний даваагаа авлаа.
Өнөөдөр тэмцээний 2 дахь өдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Котоюүкитэй, Ёкозүна Какүрюү М.Ананд Такаясүтай, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Окиноүмитэй, Оозэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аоияматай, Кёкшүшюүхо Т.Эрдэнэбаатар Икиойтой, Таканоива А.Баасандорж Тойохибикитэй, Ичиножёо А.Ичинноров Гагамарүтай, Тамаваши Б.Мөнх-Оргил Саданоүмитэй тус тус барилдана.
Хакүхо М.Даваажаргал одоогоор Ёкозүна цол хүртсэнээс хойш 670 даваатай болж Ёкозүна Китаноүмигийн дээд амжилттай зэрэгцэээд байгаа бөгөөд өнөөдөр сүмогийн бас нэгэн дээд амжилтыг шинэчлэх боломжтой.
Та бүхэн "Харү Башё"-гийн 2 дахь өдрийн дээд зиндааны барилдаануудыг UBS телевизээр 15:00 цагаас хүлээн авч үзээрэй.
