Монголчууд бид үнэлж баршгүй үнэт өвтэй ...

Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Соёлын өвийг биет ба биет бус гэж ангилна. Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгалт зүйл гэж ангилна гэжээ. Монголчууд бид үнэлж баршгүй олон мянган үнэт өвтэй улс. Энэхүү нийтлэлээрээ түүх, соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудлууд хийгээд шийдэх гарцыг хөндөхийг зорилоо.
Монгол улс нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаа тоолж, эрх зүйн хамгаалалтад авч эхлээд 40 гаруй жил болж байна. Анх 1971 онд БНМАУ-ын нутаг дэвсгэр дээрх улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж, эрх зүйн хамгаалалтад авснаас хойш 1994, 1998, 2008 онд тус жагсаалтыг шинэчлэн баталжээ.
Энэхүү жагсаалтад Монгол Улсын хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт дөрвөн удаа шинэчлэгдэхэд улс, нийслэлийн хамгаалалтад байх үл хөдлөх дурсгал шинэчлэгдэн батлагдах бүртээ тоо нь өсч байсныг харж болно. Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 1971 онд 27, 1994 онд 29, 1998 онд 20, 2008 онд 26 дурсгалыг шинэчлэн бүртгэсэн байдаг. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх улс, нийслэлийн хамгаалалтад байх дурсгал 1998, 2008 онд буюу сүүлийн хоёр жагсаалт шинэчлэлтээр тоо буурсан нь Улаанбаатар хотоос түүх, соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах бус хорогдуулсан дүр зураг харагдана.
Улс, нийслэлийн хамгаалалтад байх дурсгалыг нураасан сүүлийн жишээ бол 2011 оны наадмаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал болох хуучин Лениний музейн байшингийн ард байсан Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшинг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нураасан явдал юм.
Энэ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эрх зүйн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулж байна. Мөн нийслэлийн төрийн захиргаа, соёлын байгууллагад ажиллаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс өөрийн .Засгийн газрын тогтоолоор хамгаалалтад авсан дурсгалыг Нийслэлийн засаг даргын захирамжаар нурааж байгаа гаж үзэгдлийг эрх зүйн зохицуулалтаар таслан зогсоох ёстой. эрх мэдлийг ашиглан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эзэмших, түрээслэх, худалдах, түүх соёлын дурсгалын жагсаалтаас хасах явдлыг эрх зүйн зохицуулалтаар таслан зогсоож, хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлдэг болох цаг нь иржээ
Нийслэл Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг хамгийн сүүлд 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 197 дугаар тогтоол, 2008 оны Нийслэлийн Засаг даргын 357 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, нийт 160 дурсгалыг хамгаалалтад авчээ.
Харин 1971 оны жагсаалтыг 1994 онд шинэчлэхэд 8, 1994 оны дурсгалыг 1998 онд шинэчлэхэд 11, 1998 оны дурсгалыг 2008 онд шинэчлэхэд нэг дурсгал, нийт давхардсан тоогоор 21 дурсгал энэ хугацаанд жагсаалтаас хасагдаж үүнээс 9 дурсгал нураагдаж, 5 дурсгал жагсаалтад дахин нэмэгдэн орж, бусад 10 дурсгал нь хамгаалалтын зэрэглэл буурсан байна.
Жагсаалтад багтсан түүхэн дурсгалт байшин барилга, сүм хийд, дурсгалт газар, археологийн дурсгалуудын 90 гаруй хувь нь 1930 оноос өмнөх үеийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд бөгөөд 100 орчим настай гэсэн үг. Энэ үеийн холбогдолтой ч тус жагсаалтад ороогүй, эрх зүйн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай дурсгалууд цөөнгүй бий.
Улаанбаатар хотын захиргаа, түүний удирдлагын зүгээс нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, ашиглах, өмчлөх, сэргээн засварлах, сурталчлах чиглэлээр тодорхой бодлого баримталж ирээгүйгээс шалтгаалж түүх, соёлын үл хөдлөх дурсгал үнэгүйдэх, нураагдах, хэн нэг эрх мэдэлтний бизнесийн зорилгоор ашиг олох хэрэгсэл болох нөхцөл байдал аль хэдийн бүрэлдчихсэн. Төр хувийн компани шиг болчихсон, зохицуулах, хууль тогтоохоосоо илүүтэй аж ахуйн ажил хийх болсон энэ цаг үед түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтаас гаргаж, удалгүй хувьчлал нэрийн дор Монголын ард түмнээс хулгайлж ирсэн. Түүнийгээ арилжиж, хэдхэн хүний халаас түнтийнэ.
Цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хот төлөвлөлтийн бодлогод үл хөдлөх дурсгалыг тусгаж байх зэрэг нэн тэргүүний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын дурсгал бүрийн хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах ажил орхигдсон нь бас нэг гажуудал юм. Үүний тод жишээ бол Хүн чулууны хонхорт босгосон дурсгалын шав хөшөө бөгөөд зөвхөн хөшөөг хамгаалалтад авснаас шалтгаалж тухайн түүхэн газар үнэгүйдэж байна. Төв, ашигтай байрлалын төлөө юу ч хийхээс буцахгүй, хуулийн цоорхойг овжин ашиглагчид ч энд хуудуутай наймаагаа хийж л байгаа. Ёс зүйгүй зарим эрх мэдэлтнүүд, эрх мэдлээ тогтоох гэсэн гаднынхан, үнэ цэнийг бус ашиг л нүдэнд нь тусдаг хүмүүсийн хууль бус газрын наймаа, бэлэн идэш болох эрсдэл байгааг ойлгож, бодлого төлөвлөлтөөс орхигдуулж болохгүйг энэхүү нийтлэлээрээ сануулах гэсэн юм.Түүхэн газарт босгосон хөшөөг хамгаалж ирсэн болохоос тухайн газрыг нь хамгаалж ирээгүй нь түүний ойр орчмын газрыг алдаж, цогц байдлаар хадгалж хамгаалах байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалтын бодлого алдагдаж, боловсон хүчин бэлтгэгдээгүйгээс шалтгаалж, Богдын хүрэн ордон, Гоожингийн өндөр, Дамбадаржаалин хийд зэрэг түүхэн олон дурсгалууд бидний нүдэн дээр балгас болж байна.
- Их хүрээний анхны хоёр давхар байшин
- Богдын хүрэн ордон
- Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин
- Гоожингийн өндөр
Түүх соёлын үл хөдлөх дурсгал хувийн ч бай, улсынх ч бай, өмчлөлийн аль ч хэлбэртэй байсан тухайн хариуцагч хадгалж хамгаалах үүрэгтэй. Мөн соёлын зориулалтаар л ашиглах ёстой талаар хуулинд заасан байдаг. Гэвч Улаанбаатар хот дахь түүхэн дурсгалт байшин болох Холбооны анхны байшин, Их хүрээний анхны хоёр давхар байшин зэргийг зориулалтын бусаар буюу бизнесийн ашиг олох зорилгоор ашиглаж буй явдлыг таслан зогсоох шаардлагатай.
Энэ мэт монголчууд бидэнд өөрсдөд минь байгаа үнэ цэнэтэй зүйлс үнэгүй болж буйг зүгээр хараад суух учиргүй. Нэг талаас эрх баригчдын буруутай үйл ажиллагаа, ард иргэдийн мэдлэг боловсрол дутмаг, иргэдийн дуу хоолой хүчгүй байгаагаас энэ мэт бусармаг байдал газар аваад байна.
Энэ бүгд бидэнд яагаад үнэтэй гэж? Яагаад энэ талаар ярихгүй орхиж болохгүй гэж...?
Хуулинд “Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ хэмээн заасан байдаг. Бид энэ өвийг уламжлан хадгалж, үр хойчдоо үлдээх үүрэгтэй дамжуулагчид юм. Өвөг дээдэс маань эрхэмлэн авч ирсэн энэ үүргээ энэ үед алдагдуулчихалгүй аваад л явах ёстой. Тиймээс энэхүү нийтлэлээрээ энэ үүргийг сануулахыг зорилоо.
Мөн түүнчлэн уншигч танд мэдээлэл болох болов уу хэмээн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд:
3.1.2.“Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг;
3.1.3.“Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг;
3.1.4.“Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” гэж тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгалыг;
3.1.5.“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ гэсэн албан ёсны тайлбарыг хүргэж байна.
Бид юуны учир энгийн нүдээр харахад хуучирч, балгас болсон эдгээр барилгыг хамгаалж, засч тордох ёстой талаар ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” илтгэл
Сэтгүүлч М.Хонгорзул
