Амартүвшин дэлхийн тайзыг сонголоо

Сонгодог урлагийн хагас мянган жилийн түүхтэй "буурал" театруудын хажууд манай театр балчир хэдий ч дэлхийд нэрээ дуудуулсан уран бүтээлчид цөөнгүй. Тэдний нэг, гарын алганд багтах дэлхийн хэмжээний уралдаанаас дөрвийнх нь шагналыг авсан уран бүтээлч бол МУГЖ, дуучин Э.Амартүвшин юм. Тэдгээр том тэмцээнүүдэд амжилттай оролцож, хамтран ажиллах саналууд ирж байсан ч саяхныг хүртэл өөрийгөө боловсроогүй хэмээн голж, эх орондоо өөрийгөө хөгжүүлсээр байв. Тэгвэл энэ жилээс хилийн дээс алхаж, юм үзэж нүд тайлахаар урт удаан хугацааны аяллаа эхлүүлэхээр болжээ. Гадны дуучид яаж амьдардаг, хэрхэн дуулдаг, ямар үнэлэмжтэй байдгийг орчинд нь очиж үзэж, тэр хэрээр өөрийгөө хөгжүүлж, эцэст нь боловсорч гүйцсэн Э.Амартүвшинг дэлхийд харуулах зорилго өвөртлөн гадагш гарахаар шийдсэн нь энэ гэнэ.
Монголын дуурийн дуучдын авьяаслаг, чадварлаг залуу халаа болсон түүнийг хамгийн анх “Монголын радио”-гийн өглөө хөтөлбөрөөр эгшиглэх дэлхийн болоод монголын сонгодог бүтээлүүд энэ урлагт уруу татсан гэдэг. Сонгодог урлагийн гайхамшигтай жаахан хүү байхдаа ийн танилцаж, өглөө бүр чих тавин сонссоор эргэлт буцалтгүй урлагийн хүн болохоор сэтгэл шулуудсан гэнэ билээ.
