"Химийн цом"-ын 3 шинэ аварга төрлөө

43 дахь удаагийн "Химийн цом" Олон улсын тэмцээнд дэлхийн орон орны шилдэг ширэн бээлийтнүүд хуран чуулж Риогийн Олимпийн өмнөх томоохон сорилгуудын нэг боллоо. Дэлхийн аварга Мароккогийн Мохаммед Раби, Лондоны Олимпийн хүрэл медальт ОХУ-ын Андрей Замковой, Европын аварга Армен Закарян, ДАШТ-ий хүрэл медальт Тайландын Уттичай Масук зэрэг олон шилдэг тамирчид Халлегийн рингнээ өрсөлдлөө. Удахгүй Олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэж буй манай боксын шигшээ багийн 8 тамирчин "Химийн цом"-ын тэмцээнд өрсөлдөж 4 боксчин шигшээд шалгарсан. Өнгөрсөн жилийн аварга ОУХМ Баатарсүхийн Чинзориг ахин шигшээд шалгарсан ч өнгөрсөн оны Европын дэд аварга Их Британий Пат МакКормакт ялагдан мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Б.Чинзориг хагас шигшээд 2011 оны Азийн аварга Казахстаны Айдар Амирзаковыг ялж мөнгөн медалийн болзол хангасан билээ.
Тэмцээний хамгийн хөнгөн жин -49кг-д ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Германы Альберто Мустафиг нутгийнх нь дэвжээн дээр 2:1-ийн харьцаатай ялан анх удаагаа "Химийн цом"-д түрүүллээ. Өмнө нь "Жижиг Үүеэ" Г.Ган-Эрдэнэ Халлегийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.
Тэмцээний 52кг-ын жинд Дэлхийн Оюутны "Универсиад" наадмын аварга ОУХМ Хархүүгийн Энх-Амар тулалдсан. Тодорхой шалтгааны улмаас 1 жил тэмцээн уралдаан өнжсөн ч богино хугацаанд формондоо орж УАШТ-д түрүүлсэн ОУХМ Х.Энх-Амар Халлегийн рингнээ ч гялалзсаар алтан медалийн төлөө эзэн орны боксчин 2015 оны "Европын наадам"-ын хүрэл медальт Хамза Тоубаг ялан аваргаллаа.
56кг-ын жинд ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар мөн аваргалсан. Залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Цэндбаатар БНХАУ-ын боксчин Гуанжоугийн Азийн наадмын мөнгөн медальт Жан Жиавейг ялжээ.
Ийнхүү энэ удаагийн "Химийн цом"-ын тэмцээнд оролцсон манай ширэн бээлийтнүүд 3 алт, 1 мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр дэд байр эзэллээ. Одоо манай боксчдыг БНХАУ-д зохиогдох Олимпийн эрхийн Ази, Номхон далайн бүсийн тэмцээн хүлээж байгаа бөгөөд энэ тэмцээнээс алт, мөнгөн медаль авсан тамирчин Олимпийн эрхээ авах бол 6-р сард Азербайжаны Баку хотноо зохиогдох 5 тивийн тэмцээний дараа манай улсаас хэдэн ширэн бээлийтэн Риогийн рингнээ тулалдах нь тодорхой болох юм.
