ОУХМ Б.Номин Буриадын "Ерөнхийлөгчийн цом"-д аваргаллаа

Өнөөдөр Улаан-Үд хотноо эхэлсэн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс манай бөхчүүд 1 алт, 2 мөнгөн медаль хүртлээ. 65 кг-ын жинд 15 бөх барилдсанаас "Гацуурт-Олимп” клуб, МҮИС-ийн бөх 2015 оны ДАШТ-ний мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер Батболдын Номин 1-р тойрогт Самара хотын бөх Григорий Серопяныг өвдөг шороодуулж, 2-р тойрогт Казахстаны Турган Нурланыг хожин, хагас шигшээ барилдаанд ОУХМ Б.Батмагнайг ялан шигшээд шалгарчээ. Алтан медалийн төлөө Казахстаны бөх Амандык Бакеевыг ялснаар Буриадын "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээний хошой аварга боллоо. "Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Батмагнай Григорий Серопяныг ялж хүрэл медаль хүртжээ. Мөн 97кг-ын жинд барилдсан "Женко" клубын бөх Мөнхжаргалын Билгүүтэй хүрэл медаль хүртсэн байна. Түүний жинд дэлхийн аварга Абдусалам Гадисов аваргалжээ. Тус тэмцээнд 11 улс, ОХУ-ын бүрэлдхүүний 8 Бүгд Найрамдах улс, хязгаар, мужийн бөхчүүд өрсөлдөж байгаа бөгөөд Олимпийн хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Билял Махов, дэлхийн аварга Абдусалам Гадисов , Европын аварга Александр Богомоев нар энэ тэмцээнд өрсөлдөж байна. Энэ тэмцээн манай нийт 25 бөх өрсөлдөж байна. Маргааш 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг 90 мянган рублиэр урамшуулж байгаа ажээ.
