Т.Даваасүрэн агсны гэр бүл ирэх сард байрандаа орно
Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж, олон хүнд нэгийг бодогдуулж байсан билээ.
Түүний амьдралын төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй тухай эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдар хайрлаж байсныг олон хүн санаж буй биз ээ. Гэтэл ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаархи таагүй мэдээ өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкээр тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.
Энэ даваа гаригт талийгаачийг эхнэр Д.Амаржаргал нь таван хүүхдийн хамтаар сүүлчийн замд нь үджээ. Уй гашуу тохиолдсон энэ гэр бүлд “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон шинэ байр бэлэглэх гэж буй талаар таатай мэдээ цахим орчинд тарсан билээ.
Тэгвэл энэ үйл хэрэг биеллээ олж талийгаачийн эхнэр, таван хүүхдэд хоёр өрөө байрыг сайхан сэтгэл хамт гардуулан өгчээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
