ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Зураач, барималч Ж.Ойлан

Зураач, барималч Ж.Ойлан, Гэргий Ч.Эрдэнэчулуун
Үнэ цэнийг нь бодож “Хайртай” гэдэг үгийг цөөн хэл
Амжилтанд хүрч, бусдаар хүрээлүүлэн, хүндлүүлэх эрхтэй хүмүүс бидний дунд олон. Энэ нэр хүнд нь хялбар олддоггүй. Олон жилийн нөр их хөдөлмөр хийгээд унаж, босохын аль ч цагт дэргэд нь дэмжсээр ирсэн гэр бүл нь тэдний ололт амжилтын нууц байдаг. Тэгвэл амжилттай яваа эрхмүүдийн ар тал болсон гэр бүлийнхнийг танилцуулдаг “Гэр бүлийн үнэ цэнэ” булан энэ удаа урлагт, тэр дундаа уран зурагт эргэж буцалтгүй амьдралаа зориулсан зураач, барималч Ж.Ойланы халуун ам бүлийг зочноор урилаа. Хүүхэд ахуй цагаасаа бийр, цаас гараасаа салгалгүй зурж, бүтээл нь Монголдоо төдийгүй дэлхийд танигдаж чадсан нь түүний ямар авьяаслаг, чадварлаг зураач вэ гэдгийг илтгэнэ. Ингээд ааваасаа өвлөн авсан урлагийн авьяасаа орхилгүй, урлагт тод мөртэй яваа Ж.Ойланы амжилтын нууц болсон гэр бүлийнх нь ертөнцөд хамтдаа зочилъё!
УДАМ ДАМЖСАН УРЛАГИЙН АВЬЯАСТАН
Зураач, барималч Ж.Ойлан Улаанбаатар хотын уугуул иргэн төдийгүй 1971 онд нийслэл хотноо барималч С.Жанатханы ууган хүү болон мэндэлжээ. Нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг дүүргэсэн тэрээр сурагч ахуй насандаа цаас, бийр хоёроос огтхон ч салаагүй гэдэг. Хоёрхон настай жаахан хүү гэр бүлийн орчны нөлөөллөөс анх зураг сонирхон эхэлж, үүнээс хойш дүрслэх урлагаас алхам ч холдолгүй явсаар рөнөөдөр өөрийн гэсэн орон зайг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, түүний аав С.Жанатхан олонд танигдсан дархан, зураач, барималч байсан нь түүнд нөлөөлж, бага байхаасаа зургаар оролдож, багагүй авьяастай гэдгээ нээжээ. Зөвхөн зураг зураад зогсохгүй аавынхаа мэргэжлийг өвлөн авсан авьяаслаг барималч. Уран зураг, баримал хоёроо хослуулсан үзэсгэлэнгээ гаргасан удаа цөөнгүй.еалист, сюрализм буюу бодит, зөн билгийн урсгал чиглэлээр
Хүүхэд байхдаа гар зургийн олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож явсны дотор хамгийн том шагналаа Цэдэнбал Филатовагаас гардаж авч байсан гэдэг. Аавын авьяас хоёр хүүд нь өвлөж, Ж.Ойланы дүү Ж.Толгау ч гэсэн шаггүй сайн зураачдын нэг.
“Миний энэ зэрэгтэй зураач болоод явж байгаа, хүүхэд байх үеийн тэр хүсэл мөрөөдөл намайг одоо ч хөтлөөд л явж байна. Аав минь намайг хөтлөөд Монголын алдарт зураач нартай уулзуулж, гэрт нь зочилж тэд ч гэрт ирж уулзаж ярьж байсан миний нүдийг, сэтгэлийг нээж өгсөн. Хүн багаасаа нүд нь нээгдэхээр урлагт хандах бүтээл туурвих зэрэг нь арай өөр байдаг юм болов уу.”
Хүүхэд насандаа зургаас өөрийгөө олж, энэ л миний явах чиглэл байна гэдгээ сэтгэл зүрхээрээ мэдэрсэн зураач залуу маань 1987 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж, 1992 онд “Үнэмлэхүй онц” дүнтэйгээр төгссөн байна. Сургуулиа төгсөхдөө зургийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан нь тус сургуулийн түүхэн дэх хамгийн анхны хийгээд цор ганц сурагч төгсөхдөө бие даасан үзэсгэлэнгээ гаргасан явдал болжээ.
НЭГ ГЭР БҮЛ, НЭГ АЖИЛ, НЭГ ЗОРИЛГО
Ж.Ойлан нийгэмд олноор хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг зураач, барималч бол гэртээ ирээд гэргийнхээ халамжит хань, гурван хүүхдийнхээ үлгэр дууриалал нь болсон аав. Цаашлах урам зориг, эрч хүчээр сэлбэж, илүү амжилт өөд тэмүүлэх сэдлийг төрүүлдэг түүний ханийг Ч.Эрдэнэчулуун гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй, төрийн захиргаа, хувийн хэвшлийн аль алинд нь удирдах албан тушаал хашиж явсан ч нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэвэл амжилтанд илүү ойр гэсэн бодлоор одоо ханийнхаа туслахын үүрэгт ажлыг хийж буй. Эхнэр, нөхөр хоёр нэг зорилгын төлөө нэгдэж ажиллахын зэрэгцээ хажуугаар нь гурван хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаарч, тэднийхээ ирээдүйн төлөө хамтдаа ийн зүтгэж явна.
ХӨХ ӨНГӨ БОЛ БУРХНААС НАДАД ӨГСӨН ӨГӨГДӨЛ
“Хөх өнгө нь өөртөө олон утга санааг агуулсан хэрнээ нууцлаг, ид шидтэй өнгө юм шиг надад санагддаг. Хөх өнгө нь бусад бүх өнгөтэй зохицож, нийцэж чаддаг. Мөн бидний амьдралын эргэн тойрон бүхэн цэнхэр өнгөтэй салшгүй холбоотой байдаг. Тиймээс энэ өнгийг сонгож, уран бүтээлдээ шингээх болсон юм.”
Түүний бүтээлүүдийг ажвал хөх өнгө гол байр суурийг эзэлж байдгийг мэдэрнэ. Магадгүй энэ бол түүнийг бусад зураачдаас ялгах таних тэмдэг хийгээд уран бүтээлийнх нь онцлог буй за. Энэ өнгөөр дагнан бүтээлээ туурвиад арав гаруй жил болж байгаа төдийгүй энэ хооронд хөх өнгөнөөс татгалзаж үзсэн ч нэг их амжилт олоогүй байна. Тиймээс хөх өнгө түүнд бурхнаас өгсөн өгөгдөл, даалгавар юм байна гэдгийг илүү мэдэрч, хүн чаддаг хийгээд хариуцсан зүйлдээ эзэн болж явах ёстой юм байна хэмээн ухамсарлаж, эргэлт буцалтгүйгээр эргэн хөх өнгөтэйгээ “найзалжээ”.
УРАН ЗУРААЧИЙН УРАН ГАРТАН ГЭРГИЙ
Зураач нөхрийнхөө арын албыг хашдаг гэргий Ч.Эрдэнэчулуун үндсэн ажил, гэртээ ирээд ээж, гэрийн эзэгтэйн үүрэгт ажлаа хийхийн зэрэгцээ шаггүй уран гартан. Үйл мэтгэн утас зүү холбож олон чамин хэрэглэл урлаж, декупаж хийн, элдвийг гоёж чимэглэхдээ гаргуун. Эхэндээ хоббигоороо хийж эхэлсэн ч сүүлдээ бүтээлүүд нь олны анхаарлыг татаж, одоо захиалгаар хийдэг болжээ.
Бие даасан 5 дахь үзэсгэлэн “ОРОН”
Сургуулиа амжилттай төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, дотоод, гадаад нийлсэн 20 гаруй үзэсгэлэнг гаргасан байдаг. Үүнээс Монголд 5 үзэсгэлэнгээ гаргаснаас сүүлийн бие даасан үзэсгэлэн “ОРОН” яг одоо түүний давтагдашгүй уран бүтээлүүд олон нийтийн мэлмийд хүрч, сэтгэлийг баясгасаар байна. “Маршелл таувер”-ын галлерейд нээсэн зургийн үзэсгэлэнгийн үүдээр орвол цэлийсэн цагаан танхимд гүн хөх өнгөнд суурилсан түүний давтагдашгүй уран бүтээлүүд өлгөөстэй байх төдийгүй түүний дотроос бүхэл бүтэн нэг том ханыг дүүргэх дайны зураг байгаа нь нүдэнд тод туссан “Орон” байв. Тэрхүү зураг хүн бүрт өөр өөр мэдрэмжийг өгөх бөгөөд гурван жилийн хугацаанд бүтээсэн уг зургийнхаа нэрээр сүүлийн бие даасан үзэсгэлэнгээ нэрлэсэн нь энэ.
“Нэг талаар, зурсан зурагныхаа нэрийг өгсөн. “Орон” зураг хүн бүрт олон утга санаа хийгээд мэдрэмжийг өгдөг. Нөгөө талаар, орон гэдэг үг өөртөө олон утга агуулгыг шингээсэн байдаг. Улс орны орон, орон зайн орон, бурхны орон гэх мэт. Тиймээс орон хэмээх үг олон утгыг агуулж, “Орон” зураг мөн олон утга санааг илэрхийлж байгаа гэсэн санаагаар энэ нэрийг өгсөн учиртай.”
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
: Надад бурхнаас ийм сайхан хань заяасан би азтай эр шүү гэж дотроо боддог юм. Гэргий минь миний алдаа оноог дэнсэлж, сайн хань, сайн найз, сайн зөвлөхийн үүргийг гүйцэтгэж, хүүхдүүдээ ч гэсэн сайхан хүмүүжүүлж явааг нь хараад түүгээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Бид хоёр бие биедээ хайртайдаа нэг гэр бүл болсон шиг амьдралд хайр хамгийн чухал. Гэхдээ сүүлийн үед хүмүүс өдөр тутам хайртай гэх үгийг амны уншлага мэт хэлж, бие биенээ “Хайраа” гэж дуудаж, уран бүтээл бүхэн хайрын тухай өгүүлж, нэрлэгдэж байгаа нь энэ үгний үнэ цэнийг үгүй хийгээд байгаа санагддаг юм. “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн энэ зүйр үгэнд гүн гүнзгий ухаан агуулагдаж байгааг хүмүүс ухаж ойлгоосой. Хайртай гэж хэлээгүйдээ хайргүй болчихгүй, тиймээс хааяа нэг энэ үгийг хайртай хүндээ хэлбэл өдөр бүр сонсдогоос илүү баярлах байх гэж итгэдэг.Гэрийн эзэн Ж.ОЙЛАН
: Гэр бүлийн үнэ цэнийг бүтээхэд хайраас гадна итгэлцэл жинтэй байр суурийг эзэлнэ гэж би хувьдаа боддог. Жижиг, том гэлтгүй бие биенээ хардаж, нэг нэгнээсээ өө хайсан амьдрал удаан үргэлжлэхгүй л дээ. Тиймээс аль болох нээлттэй харилцаж, ойлголцож байж амьдрал бат бөх оршин тогтнож, гэр бүлийн үнэ цэнийг хамтдаа бүтээж чадна. Бид хоёрын хувьд ч гэсэн жижиг гэлтгүй асуудлуудаа хоорондоо ярилцаж хэлэлцэж шийддэг болохоор хардах сэрдэх зүйл гардаггүй. Тиймээс нэгдмэл санаа бодол, нэг зорилгын төлөө ажиллаж буй амьдрал, үр хүүхдүүд минь, хамгийн гол нь бие биедээ итгэх итгэлцлийг гэр бүлийн минь үнэ цэнэ гэж бодож, бас нандигнаж явдаг даа.Гэрийн эзэгтэй Ч.ЭРДЭНЭЧУЛУУН
14 настайдаа “Дэлхийн хүүхэд багачуудын гар зургийн уралдаан”-д оролцож, 64 орны 35 мянган зурагнаас түүний зураг түрүүлж, Москва хотод уригдан, Дани улсын алдарт шог зураач Херлуф Бидструпаас шагналаа гардан авч байжээ.
Аавынхаа авьяасыг өвлөн авсан хоёр хүү нь хоёул сайн зураач. Дүү Ж.Толгау нь хүүхэд ахуйдаа 1000м зураг зурж байсан ахаасаа дутахгүй авьяаслаг зураач. 1992 онд аав, дүүтэйгээ хамт зургийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан байдаг бол дүүтэйгээ нийлж, Монголдоо төдийгүй Герман, Франц, Турк, Казакстан зэрэг улсуудад арав орчим үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
Ж.Ойлан энэ намар уран зураг, баримал хоёроо нэгтгэсэн үзэсгэлэн тавихаар төлөвлөж буй ажээ.
Хөрөг болон могул зураг, баримал, сюралист чиглэлээр голчлон ажилладаг Ж.Ойланы урлан.
