Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Оймсны хүч"

"Оймсны хүч"

"Оймсны хүч"

1995/96 оны улиралд "Чикаго Буллс" багийн улирлын 82 тоглолтоос 72 хожил авсан дээд амжилтыг эвдэх боломжтой яваа өнгөрсөн улирлын аварга "Голден Стэйт Уорриорс" өнөөдөр "Лос-Анжелес Лэйкерс" багт 112:95-ын харьцаатай хожигдлоо. Энэ нь "Дайчид"-ын улирлын 6 дахь ялагдал /55-6/ боллоо. Лигийн шилдэг "мэргэн буучид" Стефен Карри, Клэй Томпсон тэргүүтэй аваргуудын энэхүү ялагдлын шалтгаан холын зайн шидэлт боллоо. Тэд энэ өдөр ердөө 13%-тай холын шидэлт гүйцэтгэсэн. Стеф 18 оноо, Клэй 15 оноо авсан ба "Splash Brothers" хамтдаа 18 удаа 3-аас шидэхдээ ердөө 1-ийг нь оновчтой болгосон. Лигт холын шидэлтийг хамгийн өндөр хувьтай гүйцэтгэж буй "Уорриорс " багаараа 30 оролдлогоос ердөө 4-ийг нь байнд нь тусгажээ.

"Лэйкерс"-ийн залуусаас энэ өдөр Жордан Кларксон 25 оноо авсан бол rookie тоглогч Д'Анжело Рассел 21 оноо авчээ. Сүүлийн улиралдаа тоглож буй Коби Брайант 12 оноо авснаар "Лэйкерс" магадгүй энэ улирлын хамгийн "амттай" ялалтаа үнэнч фэн Жек Никольсон, Рианна, Флойд Мэуйэзер тэргүүтэй алдартнуудын өмнө талбайдаа байгууллаа.

"Уорриорс" 2-р сарын 19-нд "Портлэнд"-эд 32 онооны зөрүүтэй хожигдсоноос хойш дараалан 7 хожоод байсан цуврал нь ийнхүү зогслоо.

Стефен Карригийн сүүлийн 5 тоглолтод дор хаяж 30+ оноо аваад байсан амжилт нь тасарсан бол Д'Анжело Рассел сүүлийн 6 тоглолтоос 5 тоглолтод 20+ оноо авчээ. Мөн энэ тоглолт NBA-гийн түүхэнд 90-ээс дээш хожлын хувьтай яваа багийг (GSW 91.7%) 80-аас дээш хожигдлын хувьтай баг (LAL 81%) хожсон анхны тохиолдол боллоо.

Энэ тоглолтод Лос-Анжелесын баг Коби Брайантад хүндэтгэл үзүүлэн баруун хөлдөө 2, зүүн хөлдөө 4-ийн тоо бүхий оймстой тоглосон бөгөөд тоглолтын дараа #24 "Оймсны хүч" хэмээн хошигноод авчээ. NBA-гийн тоглолтын оймсны албан ёсны нийлүүлэгч "Stance" компани уг оймсыг үйлдвэрлэжээ.