Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн.
