Эрчүүдийн дотор эмээлтэй морь, Нарагийн дотор УИХ багтаж байна

Нэг хэсэг спортын алдар цуутнууд улс төрд хошуурч байсан бол өнгөрсөн сонгуулиас урлагийнхан улс төрд хөл тавихаар илт улайрах болсон. Фэн буюу шүтэн бишрэгч нэрийн дор олон дэмжигчтэй тэдний хүчийг дутуу үнэлж боломгүй санагдана.
Тэгвэл Улсын их хурлын эмэгтэй гишүүдийг юу ч хийдэггүй үлбэгэр хэмээн тодорхойлж, өөрийгөө тэднээс илүү ихийг бүтээж чадах төдийгүй ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг цэгцэлж үрчлээг нь тэнийтэл ажиллахаа амласаар дуучин Нара УИХ-д бие дааж нэр дэвшихээ мэдэгдлээ.
Сар шинийн дараахан их л болгоомжлонгуй “Найзуудаа, надад нэг ийм бодол төрөөд байх юм та нар минь юу гэж бодож байна. Би ер нь улсын их хурлын гишүүн болж болох болов уу? Энэ төрд гарна гэдэг чинь төрийн мөнгийг л зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой болохоос өөрөө мөнгөтэй мөнгөгүй байх хамаагүй биз дээ?...” гэж байсан бол хэдхэн цагийн дараа гэхэд “Коммэнтуудаас харахад эрчүүд л чацга царайлж байх шив дээ, аргагүй дээ. Над шиг зоригтой тэгээд эмэгтэйчүүдийн нийтлэг зовлонг бодитоор амсаж байгаа хүн төрд шийдвэр гаргах эрхтэй болчихвол эрчүүдийн талаар нэг хүүхэд хийж хариуцлагагүй энд тэнд дураараа нум сум харваж явах нь хавчигдана л даа” гэх зэргээр баттай байр сууринаас хариу цохилт өгч эхэлсэн юм.
Түүний эмэгтэй гишүүдтэй барьцсан ч гэмээр мэдэгдэл хийж, улмаар зориглон хөдөлж байгаа шиг Наратай барьцаж улс төрд хөл тавихаар зориг шулуудагсад ч мөн урлагийнхан дунд нэлээд байх шинжтэй. Улс төрчид сонгогчиддоо таалагдахын тулд дуулж, бүжиглэж, жүжиглэж, урлаг соёлын авьяасаа бишгүйдээ л үзүүлж байхад тэр бүгдийг ядах юмгүй чаддаг урлагийнхан ч бас улс төрийг чинь хийж чадна гэдгээ батлахыг хүсэх юу нь буруу гэж?! гэх хэсэг бүлэг ч байгаа юм. Сонгох, сонгогдох иргэн хүний эрх. Харин энэ бүгдийн ард бас л нөгөө “сум”-тай улс төрчид турхирч, санхүүжүүлт хийж, зааж зурж байдаг гэх хардлага бий. Нарагийн ард хэн байна вэ гэдэг цаг хугацааны эрхээр илчлэгдэх биз.
Мөн түүнчлэн Нара ард иргэд Үндсэн хуулиа уншаагүй, мэдлэг дутуугаас түүнд ийн сөргөөр хандаж байна гэж үзэн "Үндсэн Хуулиа Уншъя" challenge аяныг эхлүүлжээ. Үндсэн хуулийг ба, бэ-гүй цээжлээд УИХ-ын босго давчихдаггүй л байлтай...?!
Гэвч залуу хүн зориглосон бол хөдлөх л хэрэгтэй. Хийж үзээгүй зүйлсдээ хожим харуусч суух шиг гутамшиг хаа байх билээ.
Ямартай ч эмэгтэй хүний сэтгэл татам, секси байдлаа давуу талаа болгон хагас нүцгэн явахаас ч сийхгүй нүүрэмгий байдлаараа Нара халуухан ярианы сэдэв болдог байсан бол улс төрд хөл тавьж буйгаа мэдэгдлээ. Түүний бүхий л үйлдлүүд ярианы халуухан сэдэв байж чадах юм даа...
