ЗӨВЛӨГӨӨ: Ухаалаг утас нүдний гэм

Техник технологийн хөгжил эрчимтэй явагдаж байгаа нь хүний ажлыг хөнгөвчлөхөөс эхлээд давуу тал олон хэдий боловч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хандлага сүүлийн жилүүдэд ихээр ажиглагдаж буй. Үүний дотор ухаалаг буюу дэлгэцэн мэдрэгчтэй утсыг өдөр, шөнөгүй ширтэж байгаагаас хүмүүсийн нүдний хараа эрч муудаж, бүр хараагүй болсон тохиолдол ч гарсан. Тиймээс энэ дугаарын “Эрүүл мэнд” буланд ухаалаг утас хэрхэн нүдний харааг гэмтээдэг болоод түүнээс хэрхэн нүдээ хамгаалах тухай мэдээллийг хүргэе!
УХААЛАГ УТАСНЫ ДОН
Сошиал медиа эрчимтэй цэцэглэж буй энэ цагт хүн бүр фэйсбүүк, твиттер, инстеграм зэрэг сүлжээгээр цаг, минут тутам эргэлдэх болсон. Үүнийг судлаачид ухаалаг утасны дон хэмээн нэрлэх нь ч бий. Сошиал медиагаас гадна уншиж харах, үзэж сонирхох мэдээллүүд арвин, нэг үгээр дэлхий тэр чигтээ алгын чинээ утсанд багтах болсон нь яалт ч үгүй хэрэгцээ шаардлагаас болж утастай нөхөрлөх болсон. Бараг урдах замаа ч харалгүйгээр хүн бүр утсаа ширтэх болсон нь нүдний хараанаас эхлээд эрүүл мэндэд хор уршиг ихээр учруулж буй. Та анзаарвал удаан утсаа ширтсэний дараа хүзүү, нуруу хөшиж, толгой өвдөж, нүд улайн ядарч, аргаж, бүр загатнана. Америкчуудын гурван хүний хоёр нь ухаалаг утсаа хэт их ширтсэнээс болж, хараа нь эрс муудаж, нүдний эмгэгтэй болсон нь судалгаагаар гарчээ.
HEV Light буюу цэнхэр туяа гэж юу вэ?

Байгалийн байна уу, хиймэл үүсгэсэн гэрэл байна уу хоёулаа хүмүүс бидэнд энергийг дамжуулж байдаг. Харамсалтай нь, цэнхэр туяа нь асар их энерги болон өндөр давтамжийг ялгаруулж байдаг учраас энэ нь хүний эмзэг мэдрэмтгий нүдэнд аюул учруулж байгаа хэрэг. Нүдийг нарны хурц гэрлийн сөрөг нөлөөллөөс нарны шил хамгаалдаг бол үүнтэй адил хурц туяаг цацруулдаг цэнхэр гэрлээс харин бид нүдээ хамгаалж чаддаггүй.
Ухаалаг утас HEV light буюу цэнхэр гэрэл цацруулдаг
Уг цэнхэр гэрэл нь тийм их хор хөнөөлтэй гэж үү хэмээн бодож амжсан бол энэхүү гэрэл л таны нүдний гэм болоод байгаа юм. Харанхуйд ухаалаг утсны дэлгэцээр юм үзэх нь гэрэлтэйгээсээ илүү нүдэнд аюултай гэдгийг эрдэмтэд онцолж байна. Гэтэл бидний ихэнх маань унтахынхаа өмнө буюу харанхуйд олон цагаар утсаа ширтэж, энэ хэрээр бидний нүдний торлог бүрхэвч гэмтэж, хараа муудаж, өвчлөмтгий болдог аж. Нүдний эрүүл мэндийн тухай олон жил судалж буй Гэри Хэйтинг “Маш олон нүдний мэргэжлийн эмч нар ухаалаг утас, таблетын цэнхэр гэрэл нүдний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж буйг цохон тэмдэглэж байна. Лабораторийн аргаар амьтдын нүдэнд туршилт хийж, өндөр түвшингээр HEV гэрэл буюу цэнхэр туяаг тэдэнд харуултал удалгүй нүднийх нь эвэрлэг бүрхэвч гэмтэж эхэлсэн байна. Үүнтэй адил удаан хугацаагаар уг гэрлийг харж, ширтэх нь нүдэнд маш их аюултайг хүмүүс тэр бүр мэддэггүй“ хэмээн бичжээ. Ухаалаг утсаа удаан ширтвэл нүд хэт ядарч, нүдний торлог бүрхэвч гэмтэх магадлал 50 хувь байдаг бол ухаалаг утасны цэнхэр туяа бага насны хүүхдийн нүдийг гэмтээх эрсдэл асар өндөр аж.
УТСАА ХҮҮХЭДДЭЭ ӨГӨХГҮЙ БАЙХ НЬ ХАЙРЛАЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд харааны шил зүүх явдал эрс ихэссэн. Хичээл ном хэт их хийсэндээ биш, ердөө л нэг, хоёртой байхаасаа эхлээд ухаалаг утас ширтсэнтэй нь холбоотой. Хүүхдийн нүдний хараа хурц, ид цэцэглэж яваа бие байтал түүнийг нь хурц гэрэл дарангуйлж, насан туршдаа нүдний эмгэгтэй болох эрсдлийг нэмэгдүүлсээр байна. Харааны шил зүүх насны тоо улам залуужиж, бүр дөрөв, тавхан настай жаахан хүүхдүүд өндөр нягтралтай шил зүүх болжээ. Хараа эрс муудах, утсанд хэт донтож, түүнийг нь эцэг, эхчүүд хязгаарлахгүй, саатаг хэмээн дураар нь орхисоор бүр нүдний эвэрлэг бүрхэвч нь гэмтэж, хараагүй болох ч эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Учир нь, насанд хүрсэн хүнийхээс илүү хүүхдийн нүд эмзэг, мэдрэмтгий байдаг ажээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ хайрлаж л байвал хэчнээн орилж хашгирч байсан ч утсаа бүү өгөөрэй. Өглөө гэхэд олон цагаар биш, тодорхой цагт богино хугацаанд үзүүлээд эргүүлэн авах хэвшлийг хүүхэддээ суулгаарай.

ЦЭНХЭР ТУЯАНААС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ
Бид өдөр гар утсаа тодорхой хэмжээний хол зайнаас үздэг хэдий ч орондоо орохдоо бараг л нүднийхээ өмнө утсаа барьчихдаг. Харанхуйд цэнхэр гэрэл нүдэнд хамгийн муу, дээрээс нь тэр хурц гэрлийг нүднийхээ бараг л өмнө аваад ирэхээр нүдээ гэмтээх эрсдэл маш өндөр болж байгаа хэрэг.Нэг. Орон дотроо, тэр дундаа харанхуйд гар утсаа бүү үз.
Цэнхэр туяанаас нүдийг тань хамгаалах ухаалаг утасны апп-ууд гарчихсан учраас түүнийг татаж, нүдээ хамгаалах боломж бий.Хоёр. Хамгаалах апп суулга.
Харанхуйд утсаа үзэх зайлшгүй шаардлагатай бол дэлгэцнийхээ гэрлийг маш бага дээр нь тавьж болох арга бий. Хурц гэрлийг багасгасан учраас нүдэнд ирэх ачааллыг тодорхой хэмжээнд багасгаж чадна.Гурав. Дэлгэцнийхээ гэрлийг багасга.
Хэдийгээр дэлхий тэр чигээрээ утсанд багтсан ч бодит амьдрал утсан доторх визуал орчноос хамаагүй илүү юм шүү. Үргэлж утас гэсээр нэг л мэдэхэд утаснаас хамааралтай болж, эргэн тойронд чинь ямар гайхалтай зүйлс болж өнгөрч буйг ихэнхдээ анхааралгүй өнгөрөөх нь бий. Тиймээс утсаа хойш нь тавьж, амьдралын сайхныг биеэр мэдэр. Дөрөв. Үргэлж утастай бүү нөхөрлө.
ЦЭНХЭР ТУЯА ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛӨЛ
