Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сэтгүүлч Г.Хонгорзул: “Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө сан байг

Сэтгүүлч Г.Хонгорзул: “Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө сан байгуулахыг мөрөөддөг”

Сэтгүүлч Г.Хонгорзул:  “Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө сан байгуулахыг мөрөөддөг”

TV ZONE: Өдрийн мэнд! Тусгай дугаарын баярт мөчид бидний урилгыг хүлээж авч хамт байгаад талархал илэрхийлье!

Маш их баярлалаа, юун түрүүнд TV ZONE сэтгүүлийн хамт олонд 8 жилийн ойн баярын мэнд хүргэе! Монголдоо 7 хоног тутмын анхдагч TV ZONE сэтгүүл мэдээ мэдээллээр баялаг төдийгүй нэг ч дугаар таслалгүй уншигчиддаа хүргэж ирсэн нь маш том амжилт. TV ZONE сэтгүүлийн нийт уншигчдад ч бас төдийгөөс өнөөдрийг хүртэл хамт байж ирсэнд нь баяр хүргэе.Г.Хонгорзул:

TV ZONE: Баярлалаа. Нэр нэгт Хонгороо маань сэтгүүлч мэргэжлийг хэрхэн юуны учир эзэмшсэн бэ?

Хүүхэд байхаасаа Үндэсний олон нийтийн телевиз, UBS, MN25 зэрэг хамгийн олон үзэгчтэй телевизүүдийг л үзэж өссөн. Нэвтрүүлэгч С.Чимгээ, Х.Ичинхоролоо, Г.Оюунцэцэг гээд үлгэр дуурайл болсон гайхалтай нэвтрүүлэгчдийг дуурайж толиныхоо өмнө суугаад л мэдээ уншиж байгаагаар төсөөлдөг байсан. Өөрийн дуу хоолойгоо дуу хураагуурт бичээд, эргээд сонсохоор нээх бүдүүн сонсогдоно. Бас багадаа дүүтэйгээ хамт шүлэг зохиож бичдэг байсан юм байна. Дандаа л Сар шинийн баяр, ээж аавтай холбогдолтой шүлэг бичнэ. Тэр үед өөрийгөө жаахан юм оролддог юм байна даа гэж мэдэрсэн. Арван жилээ төгсөөд сэтгүүлчийн мэргэжлээр Радио телевизийн дээд сургуульд суралцсан. Миний хувьд, ингэж л сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшсэн. Сургууль дээрээ маш их дадлага хийдэг, камерын өмнө гарах ямар хэцүүг мэддэг байсан хэр нь ээ ажил дээр гараад шууд эфирт маш олон сорилтыг давж гарах хэрэгтэй болсон. Одоо ч суралцсаар л байна.Г.Хонгорзул:

TV ZONE: Өөрийн чинь хувьд хөтлөгч төдийгүй кинонд тоглосон шүү дээ. Цэнхэр дэлгэцийн карьераа хэрхэн эхлүүлсэн бэ?

Уул нь сургуулиа нэлээд хэдэн жилийн өмнө төгсчих байсан л даа. Гэр бүл зохиож, охиноо төрүүлээд сургуулиасаа чөлөө авсан. Охины маань хөл түнхний асуудалтай болохоор нэг жил сураад л чөлөө, нэг жил сураад л чөлөө авдаг байсан. Одоо бол охины маань хөл зүгээр болсон. Ямар нэг байдлаар гэр бүлд бага зэргийн өвчтэй хүүхэд байхад тухайн гэр бүлд ямар хүнд байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Түнхний мултралтай хүүхдийг нэг л хүний гараар асрахгүй бол эдгэрэл нь маш удаан байдаг. Ахиад нэг жил чөлөө авч, охиноо асарна гэхэд “Юу яриад байгаа юм бэ? одоо сургуулиа төгс. Охин одоо овоо болчихлоо, бид асарна” гэж хадам аавдаа загнуулаад л сургуульдаа сурч, төгссөн дөө. Дөрөвдүгээр курстээ МҮОНТ-д Н.Байгаль найруулагчид хүсэлт гаргаад Залуучуудын продакшнд дадлага хийсэн. Нэг өдөр Б.Гантулга найруулагч дуудаж пробонд оруулсан юм. Харин МҮОНТ-ээс биш гаднаас цаг авсан “Бүгд хамтдаа” нэвтрүүлгийн проб байсан. Би гэдэг хүн ямар ч туршлагагүй хэр нь ээ тэнцчихсэн. Хоёр сар хэртэй хөтлөгч А.Мөнхбаатар ахтай “Бүгд хамтдаа” шууд нэвтрүүлэг хөтөлсөн. Тодорхой шалтгааны улмаас нэвтрүүлэг зогссон юм. Түр завсарлах энэ хоорондоо МҮОНТ-ийн “Нарны жим” олон ангит кинонд тоглож амжсан. Удалгүй “Бүгд хамтдаа” нэвтрүүлгийн санаачлагч найруулагч Ж..Буд-Эрдэнэ нэвтрүүлгээ өөр телевизээр гаргах санал тавьсны дагуу Монгол телевизийн шинэ санааны хуралд орж нэвтрүүлгээ танилцуулсан. Удалгүй “Өнөө өглөө” нэвтрүүлгийн ерөнхий продюссер Б.Саруул эгч холбогдож хөтлөгчийн санал тавьсан юм. Би эфирт гарах биш арын албанд ажиллах хүсэлтэй байсан болохоор гэр бүлийнхэнтэйгээ ярилцах хэрэгтэй байгаагаа хэлсэн. Нөхөр маань “Хий л дээ, гэртээ удаан суулаа, охины хөл ч гайгүй болчихлоо. Одоо ямар нэг юм хийсэн нь дээр, өглөө эрт босох нь л жаахан хүнд байх” гэсэн. Аав маань аль хэдийнэ Монгол телевизийн үзэгч болчихсон байсан учраас маш сайхан хүлээж авч дэмжсэн юм.Г.Хонгорзул:

TV ZONE: Яагаад эфирт гарахгүй гэж боддог байсан юм бэ?

Сэтгүүлч Г.Хонгорзул:  “Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө сан байгуулахыг мөрөөддөг”

Телевизийн ажил цаг наргүй, гэр бүл хаягддаг гээд зах зухаас нь мэддэг болохоор сэтгүүлчээрээ ажиллах нь зөв юм байна гэж бодсон. Телевизийнхэн ажилдаа хайртай болохоор бүх анхаарлаа зориулдаг. Миний хувьд үүнд бэлэн бус байсан юм. Бас цагдаагийн албан хаагч, цэргийн хүн болно гэж боддог байлаа. Арван жилд хүүхдийн байцаагч нар бүх сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг байсан шүү дээ. Манай сургууль дээр ирсэн маш гоё цагдаа эгч санаанаас ердөө гардаггүй юм. Хүн болгон хамгийн түрүүнд харах өнцгөөрөө юмыг мэдэрдэг. Яг тэр төсөөлөл надад маш хүчтэй буусан. Одоо бол оройтсон байх. Тэр хүсэл мөрөөдлөө дагаад ч тэр үү “Нарны жим” кинонд дүрэмт хувцас өмсөөд холбоочин эмэгтэйн дүрд тоглож байсан /инээв/.Г.Хонгорзул:

TV ZONE: Танай аав ээж урлаг, телевизийн салбарын хүмүүс үү? Гэр бүлийн хүн нь энэ салбарт ажилладаг гэж дуулсан юм байна.

Манай аав МУСТА Х.Ганхуяг УБИС-ийн драмын ангийг төгссөн. Драмын театрын ид үед олон ч гол болон туслах дүр бүтээж, кинонд тоглосон хүн бий. Аавтайгаа хамтраад “Оюутны нууц амраг” нэртэй гэр бүлийн кино хийж үзсэн. Манай нөхөр Б.Эрдэнэбат, Олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. Сүүлийн гурван жил урлаг уран сайхан хөөж байгаа. “Гайз” хамтлагийн менежер, “Imagination” студийн маркетингийн албаны даргаар ажиллаж байна. Тун удахгүй “Улаанбаатар би чамд хайртай” нэртэй их гоё 20 ангит киногоо эвлүүлэг, монтажны ажлаа дуусгаад олны хүртээл болгохоор ажиллаж байна.Г.Хонгорзул:

TV ZONE: Ажлын гараагаа эхэлж байсан Хонгороо, одоогийн Хонгороогийн хооронд хэр их өөрчлөлт гарсан бэ?

Тэр үед “Өнөө өглөө” хөтөлбөрийг гурван сар хэртэй хөтлөгч Д.Бум-Очир ганцаараа хөтөлж байсан. Эфирт гарахаас өмнө надад хоёр долоо хоногийн л сургалт өгсөн. Шууд нэвтрүүлгийн дотоод бүтэц ингэж явдаг, ингэвэл чамд илүү амар байх болно, иймэрхүү алдааг ингээд засчихвал чамд хэрэгтэй, энэ холболтыг ингээд хийчих гэх мэтчилэн Д.Бум-Очироор заалгаад л шууд эфирт суралцдаг байлаа. Ингээд хоёр нэвтрүүлэг хөтлөөд байтал хамтран хөтлөгч маань Англи явсан. Хамтрагчгүй ганцаараа нэг сар хөтлөхөд үнэхээр хүнд байсан ч манай хамт олон үнэхээр мундаг, эрч хүчтэй залуучууд болохоор өргөөд, дэмжээд л аваад явчихсан. Эхэн үедээ өглөө босно гэдэг үнэхээр хэцүү байлаа. 05 цаг гээд л гэр, гэрээс нь машинаар авдаг. Нүүрээ будуулж, үсээ янзлуулаад, техникийн бүх юмаа шалгаад, 06:25 минут гэхэд студидээ эхлэл хөтлөлт явах газраа бэлэн сууж байдаг. 10 цаг гээд л нойр хүрч эхэлнэ. Хамт олондоо маш хурдан дассан болохоор энэ хэцүү үе маань удаан үргэлжлээгүй. Өглөөнөөс инээсээр байгаад л өдөр өнгөрдөг. Г.Хонгорзул:

TV ZONE: Өглөө бүр үзэгчиддээ шинэ өдрийн эрч хүч бэлэглэж эхэлдэг Хонгорзулын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

Өглөө 9:30 гэхэд эфир дуусчихна. Үргэлжлүүлээд хамт олноороо маргаашийнхаа нэвтрүүлгийн танилцуулга, төлөвлөгөөгөө ярилцаж 10:00-11:00 цагийн хооронд үндсэн ажил маань дуусна. Тэрнээс хойш гэр бүл, охиндоо цагаа зарцуулах цаг маань эхэлнэ. Иогоор хичээллэх дуртай. Миний гол хобби бол кино. Өдөрт нэг кино үзэхгүй л бол нойр хүрэхгүй дээ. Сэтгэлд хүрсэн сайхан кино үзчихээр нэг ном уншсантай адил маш гоё мэдрэмж авдаг. Охин маань зургаан настай, маш гоё зурдаг. Зургаа тайлбарлах их дуртай. Зурж байхад нь сонсоод хажууд нь байхаар өөрт нь их сайхан байх шиг санагддаг. Охиноо зургаа зурж байхад нь хамт байхыг л хичээдэг дээ. Г.Хонгорзул:

Сэтгүүлч Г.Хонгорзул:  “Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө сан байгуулахыг мөрөөддөг”

TV ZONE: Зарим хүн нойрноосоо сэрэх цагаар ажил нь аль хэдийнэ тарчихсан байна гэдэг том давуу тал. Нэвтрүүлгийг чимдэг шинэ содон санаагаа хэрхэн олж авдаг вэ?

Манай хамт олон дор хаяж улирлын төлөвлөгөөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажилладаг. Өдөрт 3-4 зочин урьж, зөвхөн Бямба гарагт амарна. Бямба гарагт өнгөрсөн 7 хоногийнхоо ярилцлагыг давтаж оруулдаг. Манай телевизийн хамт олон энэ жил маш олон ажил хийхээр төлөвлөсөн. Үзэгчиддээ дэлгэцээрээ өргөн барина даа. Г.Хонгорзул:

TV ZONE: Шууд эфирт гаргаж байсан хамгийн том факт, хөгжилтэй явдлаасаа хуваалцвал?

Найтайлгахыг яагаад ч зогсоох арга байхгүй. Зуны улиралд студид агааржуулагч асаадаг. Агааржуулагч бол монголчууд бидэнд тодорхой хэмжээгээр тохиромжгүй санагддаг. Тэрнээсээ болж шууд эфирт яах ч аргагүй найтайлгаж байсан. Шууд эфирийг зогсоох боломжгүй. Найтайлгаад зогсохгүй, нүднээс нулимс гараад л “Уучлаарай үзэгчид ээ” гээд л үргэлжлүүлнэ дээ /инээв/.Г.Хонгорзул:

TV ZONE: Хүн бүрт өөр өөрийн гэсэн зарчим бий. Хонгороогоос ийм л зан хэзээ ч гарахгүй дээ гэвэл, тэр нь?

Худлаа ярьж чадахгүй. Бас худлаа ярихыг үздэггүй. Худлаа ярих юм бол зүрх савлаад, тэрэндээ шанална. Тэрнээс биш хүн юм чинь юм юм л гарах байлгүй дээ /инээв/.Г.Хонгорзул:

TV ZONE: Оюутан байхын л тас хар үстэй, инээмсэглэлээрээ чимж, элдэв зангүй хөөрхөн охин байсныг мэднэ. Үс болон арьс арчилгааны тал дээр хэрхэн анхаардаг вэ?

Сэтгүүлч Г.Хонгорзул:  “Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө сан байгуулахыг мөрөөддөг”

Тэнэг хүн тэхий дундуураа гэдэг шиг онцгой арчилгаа байхгүй ээ. Онцгой юу ч хэрэглэдэггүй. Яг үнэнийг хэлэхэд амьдралдаа анх удаа өнгөрсөн 7 хоногт үсэндээ тос түрхүүлээд, массаж хийлгэж үзсэн. Гоё юм билээ. Гол нь будаггүй болохоор харьцангуй эрүүл байдаг болов уу гэж бодож байна. Хааяа хуурайших тал байна. Арьс маань өдөржингөө будагтай байж байгаад л оройдоо шингэн савангаар угааж, цэвэрлэнэ. Өөр онцлох ч юмуу, нууц жор гэх юм байхгүй ээ.Г.Хонгорзул:

TV ZONE: Тун удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болно. Бүсгүйчүүддээ хандаж уриалга хэлэх болов уу?

Бид хүүхэд байхдаа ээждээ хайртай гээд л зүүгддэг, өсвөр насандаа намайг тайван байлга гээд л уцаарлах ч юмуу, ер нь бүх эмэгтэйчүүд тийм замаар явдаг байх гэж би боддог. Охиноо төрүүлчихээд, охин маань уйлахад сэтгэл догдлоод шууд л асгартал уйлсан. Хамгийн түрүүнд ээжийгээ л боддог юм билээ. Одоо хэр нь энэ тухай бодоход хоолой зангирч байна. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг эмэгтэйчүүд бид ч гэсэн эмэгтэй хүндээ хайртай байх хэрэгтэй. Сошиалаар атаа жөтөө, муухай үгээр бие биенээ бичиж, голдоо нь ортол гомдоож янз бүрээр бичиж байгаа зүйл эргэн тойронд зөндөө л харж байна. Ээжтэй нь, найзтай нь, дүүтэй нь адилхан л эмэгтэй хүн байхад ихэнхдээ хорон муухай үг бичиж байгаа нь эмэгтэйчүүд харагддаг. Нийлээд хэн нэгнийгээ муулдаг. Тэгэхээр бие биенээ хайрлаарай гэж хэлмээр байна. Бие биенээ хайрлаж, урмын үг хэлж байх хэрэгтэй. Зүгээр л тааралдаад түрүүлж мэндлэх гоё, сайхан харагдаж байгааг нь хэлж, бие биедээ хайр, инээмсэглэл өгч байгаасай. Г.Хонгорзул:

TV ZONE: Зүгээр л байгаа байдлаараа хайр, эерэг сайхан зүйлс мэдрүүлдэг үлгэр дуурайл болсон эмэгтэйчүүд олон бий шүү дээ. Ийм нэгэн үлгэр дуурайллынхаа талаар яривал?

Манай телевизийн И.Ариунжаргал гэж зураглаач эгч байдаг юм. Яг л нэг зангаараа. Инээгээд л явж байдаг, хүмүүст хатуу үг хэлэхийг хүсдэггүй. Та юмыг их ажигладаг, шууд хэлэхдээ гоё хэлнэ дээ, хааяа хэлж бай л даа гэхэд “Үгүй ээ, аяндаа хүн өөрийгөө ойлгодог юм. Заавал хүнийг тэгж гомдоох хэрэг байхгүй. Тэгж бие биенээ хэмлээд яах юм” гэдэг. Ариунаа эгчээсээ байнга хайрыг мэдэрдэг. Намайг тойрсон маш олон гайхалтай бүсгүйчүүд бий. “Өнөө өглөө” хөтөлбөрийн маань бүх эмэгтэйчүүд надад хайртай, би ч гэсэн тэдэндээ хайртай. Мөн өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдэд тулгарч байгаа маш их асуудал байна. 3-р сарын 8-нд тэр бүх асуудлуудыг хэрхэн давж туулах, цэгцлэх талаар ярилцаж, шийдэлд хүрдэг байгаасай гэж боддог. Яваандаа зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусалдаг сан байгуулахыг мөрөөддөг. Монголд ийм байгууллага олон байгаа хэдий ч нүдээ олсон, байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага цөөхөн. Ихэнх нь нэр төдий явдаг.Г.Хонгорзул:

TV ZONE: Илэн далангүй сайхан ярилцлаа. Гэр бүл, ажил амьдралд нь аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Баярлалаа, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан эрчүүд маань эмэгтэйчүүдээ хайрлаж, хүндэлж, баярлуулахыг зорьдог шиг эмэгтэйчүүд бид ч бас бие биенээ маш сайхан хайрлаж, хүндэлж баярлуулцгаая гэж хэлмээр байна. Ээждээ, эмээдээ, эмэгтэй дүүдээ, эгчдээ хайртай шүү. Мөн 8 жил нэг ч дугаар таслалгүй уншигчиддаа хүргэсэн танай хамт олонд дахин баяр хүргэе. Цаашид ч гэсэн уншигчиддаа хэрэгтэй, мэдээ мэдээллээр баялаг сэтгүүлээ олон жил уншигчиддаа хүргээрэй гэж ерөөе. Танай хамт олонд ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Г.Хонгорзул:

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш