Мөсөн баримлын ДАШТ эхэллээ
2016 оны мөсөн баримлын ДАШТ АНУ-ын Аляска мужийн Файрбанкс хотноо эхэллээ. Энэхүү тэмцээнд Mонголын баг удаа дараа амжилттай оролцож, өмнө нь дэд байр эзэлж байсан юм. Энэ жил Монгол улсаа төлөөлөн Д.Лхагвадорж ахлагчтай, Н.Энх-Эрдэнэ, Н.Доржнамжил, Н.Алтанхүү нарын 4 уран бүтээлчид оролцож байна. Сийлбэрч барималч Д.Лхагвадорж ахлагчтай багийнхан 2005 онд Финлянд улсын Хельсинки хотноо явагдсан ''Олон улсын мөсөн сийлбэрийн фестиваль''-аас эхлэн мэргэжлийн мөс, цас, элс зэрэг сийлбэрийн дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн туршлагатай баг юм.
Мөсөн баримлын ДАШТ 2 үндсэн хэсгээс бүрддэг. 60 цаг буюу хоёр өдөр гаруй хугацаанд 2 хүн нэг баг болж, 242см x 152см x 91см хэмжээтэй 3500кг жинтэй нэг мөсөөр урлах дан мөсний, 4 хүн нэг баг болж 183cм x121см x 91cм хэмжээтэй 2000кг жинтэй арван мөсөөр урлах олон мөсний төрөлд 132 цаг сийлж урлан тус тус өрсөлддөг ажээ.Энэхүү тэмцээний бэлтгэл ажилд 400 сайн дурын ажилтан тусалж байна.
