ГОО ТАНИЛ: Дуучин Э.Болор- Уянга

Би гоо сайхныг эрүүл байх гэж ойлгодог
Олны танил бүсгүйчүүдийнхээ гоо сайхандаа хэрхэн анхаарч, үргэлж биеэ сайхан авч явдаг нууцаас нь дэлгэдэг “Гоо танил” булангийнхаа энэ дугаарт дуучин Э.Болор-Уянгыг зочноор урилаа. Эмэгтэйчүүд бүр гоо сайхандаа анхаардаг хийгээд түүнийгээ усалж торддог өөр өөрийн арга барилтай байдаг. Тэгвэл энэ удаа Э:Болор-Уянгын арга барилтай танилцъя.

ХОЛИМОГ АРЬС Ч ААШ МУУТАЙ ШҮҮ
Яагаад гэдгийг нь энэ төрлийн арьстай бүсгүйчүүд маань л сайн мэдэх байх. Нүүрний зарим хэсэг нь хуурай, зарим нь тослог учраас нарийн арчилгаа шаардагддаг. Ийм ааш муутай арьсны онцлогтой ч өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр элдэв асуудлаас хол байж чаддаг байна. Түүний арьсанд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд илүү таарч тохирдог ажээ.

Урлагийн хүн учраас хааяа ажлын шаардлагаар нойр дутуу хонох үе олон гардаг ч энэ үед арьс нь будаг авахгүй үрчийх, өнгө зүсээ алдах, мөн стресстсэн үед арьс нь илт хуурайшиж, хөх өнгөтэй болчих зэрэг асуудлууд тулгардаг. Эдгээр асуудлуудаа арьсандаа иллэг хийх, мөс тавих зэрэг арга хэмжээ авдаг байна. Ер нь, гаднаасаа элдэв бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй сэтгэл санаагаа тайван байлгаж, нойроо сайн авч, нэг үгээр амьдралын зөв хэмнэл нь арьсанд асуудал гарахаас сэргийлдэг гэдгийг Э.Болор-Уянга туршлагаасаа мэдэрчээ.
“Асуудалгүй, зовлонгүй хүн гэж байхгүй л дээ, гэхдээ л тэрийг даваад гардаг л юм чинь аль болох муу зүйл бодохгүй, гуниж гутрахгүй, үрчийхгүй байхыг хичээдэг.”

ӨНДӨГ+ЗӨГИЙН БАЛ
Орой бүр арьсаа гүн цэвэрлэчихээд иллэг хийн амрааж, өндөг, зөгийн балтай маскийг өөрөө бэлтгэн тавьдаг байна. Зөгийн бал нь арьсанд тэжээл өгч, зүс царайг гэрэлтүүлэхээс эхлээд олон талын ач тустай гэдгийг мэдэрсэн тэрээр энэхүү маскийг охид бүсгүйчүүдэд санал болголоо. Үүнээс гадна, цаг завтай үедээ салонд орж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мөн арьсандаа таарсан үйлчилгээг авахын зэрэгцээ өглөө бүр буцалсан усаар нүүрээ угаадаг нь арьсыг элдэв асуудлаас хамгаалахад нь тусалдаг гэнэ.

ГОО САЙХАН ГЭДЭГ ТҮҮНИЙ БОДЛООР...
“Гоо сайхан байна гэдэг хувь хүн өөрөөс нь шалтгаална. Гоё ганган хувцаслаад, нүүрээ будаад, жингийн илүүдэлгүй байвал л гоо сайхан болчихгүй байх. Мэдээж цэвэрхэн, үнэтэй ч бай, хямд ч бай өөрт зохисон, таарсан хувцсаа өмсөөд, сэтгэлээрээ өөдрөг, инээмсэглэсэн, хэтрүүлэхгүй донжийг нь тааруулаад өөрийнхөө нүүрний хэлбэр өөгөө дараад будчихдаг бол ямар ч эмэгтэй сайхан харагдана. Эрүүл байна гэдэг нь гоо сайхан байна гэж ойлгодог. Эрүүл, гоо сайхан байхын тулд өөртөө анхаарал тавих, өөртөө цаг гаргах гэдгийг мэддэг байх ёстой болов уу.”

АМЬДРАЛЫНХ НЬ ХЭВШИЛ ФИТНЕСС
Э.Болор-Уянгыг хэн ч харсан гунхсан, гоолиг биетэй сайхан эмэгтэй байна гэж харна. Тэгвэл энэхүү өв тэгш бие нь зүгээр байж байгаад ийм болчихоогүй. Хөлс хүчээ урсгасны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөөс фитнессээр эрчимтэй хичээллэх болсон дуучин бүсгүй маань үүгээр өөрийгөө формтой байлгаж, мөн үүнээс маш их эрч хүч, эерэг энергийг олж авсаар иржээ. Фитнэсс нь хөдөлгөөний дутагдал болон үе мөчний шохойжилт, хэт таргалалт зэргээс өөрийгөө сэргийлж, үүнийгээ дагаад зөв хооллолттой болж, өдөр тутмын муу зуршлаа хаяж, амьдралд илүү идэвхтэй болж өөрчлөгдсөн байна.

Үүнээс гадна, 2008 оноос усан спортоор хичээллэх болж, эндээс сул арьсаа чангалахын зэрэгцээ тайвшралыг мэдэрч, илүү эрүүл чийрэг болж иржээ. Мөн тэрээр бүжгээр хичээллээд багагүй хугацаа өнгөрчээ.
Зөв хооллолт гэдэг зөвхөн ногоо идэхийн нэр биш!

Зарим эмэгтэйчүүд зөв хооллож байна гээд ихэнхдээ ногоог хүнсэндээ сонгодог. Тэгвэл энэхүү ойлголттой Э.Болор-Уянга санаа нийлдэггүй төдийгүй хамгийн гол нь хоорондоо зохицох хүнсийг л хэрэглэх нь чухал гэж боддог аж. Бүхий л хоол хүнсийг тохируулж идвэл нэг нь нөгөөтэйгээ нийцэж, хүний биеийн аль нэг эрхтэнд хэрэгтэй шим тэжээлээ өгөх үүрэгтэй гэдэг нь түүний байр суурь. Тиймээс идэх дургүй хүнс гэж байхгүй ч гол нь хэмжээ, цагийг нь тохируулж идэхийг эрхэмлэдэг байна.
“Яанаа би идэж болохгүй юмаа идчихлээ, таргалчих вий дээ, яанаа ходоод өвдөнөө гээд л зарим хүмүүс болохгүй хоол идчихээр ингэж халаглах нь олонтаа. Миний хувьд ингэж бодож хоол идэх нь хамгийн буруу гэж боддог. Би бол хоол болог, ямар сайхан амттай юм бэ гэж иддэг, нэг ёсондоо тархиараа л биеэ удирдана шүү дээ.”

ЧИХЭРГҮЙ КОФЕЧИН
Кофе биед сайн, муу хэмээн янз бүрээр ярьдаг. Чихэртэй, сүүтэй кофе биед сайн биш, харин чихэргүй кофе эрүүл мэндэд харин ч сайн гэдгийг шинжлэх ухаан баталчихсан. Тэгвэл Э.Болор-Уянга чихэргүй кофечин гэнэ. Өдөрт багадаа л гурван аягыг ууж, эрч хүчээ сэлбэж, кайф мэдэрдэг аж. Цүнхэндээ ааруул, үзэм, алим, самар зэрэг жижиг сажиг хүнс байнга авч явдаг зуршилтай тэрээр усыг өдөрт харин ч сайн уудаг гэнэ. Хүнсний бүтээгдэхүүнээс цагаан идээнд нугасгүй тэрээр яаж ч оройтсон нэг аяга тараг уучихаад унтдаг нь хэдийн хэвшил болжээ.

Хамгийн дуртай хоол: ДОТОР МАХТАЙ ХӨЦ БУДААТАЙ ШӨЛ
Дотор мах тэр чигээрээ коллагени учраас байнга хэрэглэхийг эрхэмлэдэг байна. Хонины элэг, бөөр, зүрх зэргийг жижиг дөрвөлжин хэрчиж буцалгаад дотор нь хөц будаа чанаж, болсон хойно нэг хумс саримс, нэг жижиг сонгиноо маш жижиг хэрчиж хийж таглана. Ингээд хоолныхоо ууранд хэсэг байлгаж байгаад идэхэд янзын амттай, ялангуяа эмэгтэй хүнд маш сайн шөл гэдгийг онцолж байна.
