СТА Дуучин А.Түмэн-өлзий: Амьдралаас хайсан аз жаргал гэр бүл юм байна

Хүн дуртай ажлаа хийвэл насан туршдаа ажиллаагүй мэт амьдардаг гэдэг. Энэ үгийн үнэнийг өөрийн амьдралдаа мэдэрч яваа дайчин бүсгүй болох дуучин, СТА А.Түмэн-Өлзийг гэр бүлийнх нь хамт энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа зочноор урилаа. Охиноо хэвлийдээ тээж байхдаа, мөн төрөөд удаагүй уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон тэрээр энэ бүхэнд огтхон ч ядарч түүртэлгүй энэ хүрсэн нь дуртай ажлаа хийж байгаагийнх юм. Тиймдээ ч ээж болж, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээгээд удаагүй байгаа А.Түмэн-Өлзий энэ сарын 8-нд монголын сайхан ээжүүддээ, эмэгтэйчүүддээ зориулан өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Мэдээж сэтгэл амар ажилдаа бүхнээ дайчлан зүтгэхэд хань хамгийн чухал үүрэгтэй. Тэгвэл энэ удаа дуучин бүсгүй маань бие даасан тоглолтынхоо сонин сайхныг хүргэхийн сацуу анх удаа гэр бүлээ олонд танилцуулж байна.
TV ZONE: УРИЛГЫГ МААНЬ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХҮЛЭЭН АВСАНД БАЯРЛАЛАА. САЙХАН ШИНЭЛЭВ ҮҮ?
: Юуны өмнө, манай гэр бүлийг зочноор урьсанд талархлаа илэрхийлье! Манай гэр бүл бусдын адил ахмад буурлуудаа хүндэтгэн мэнд усыг нь мэдэлцэн золгож, сайхан шинэллээ. Гарч буй бичин жил олз омог ихтэй, амжилт бүтээлээр дүүрэн болох байх хэмээн ерөөл өргөн шинэллээ.Г.АМАРСАНАА
: TV ZONE сэтгүүлийг уншин суугаа уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! Охины минь анхны баяр. Хань бид хоёрын хувьд ч гэсэн охинтой болж, аав ээж болсны анхны Сар шинийн баяр боллоо. Охиноо дагуулаад гэр бүлээрээ айл хотлоор айлчлах сайхан байлаа.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TV ZONE: ОЛОН САЙХАН ДУУГААРАА АРД ТҮМНЭЭ УЯРААН ЯВАА А.ТҮМЭН-ӨЛЗИЙН ГЭР БҮЛ УНШИГЧДЫН МААНЬ СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙГАА БОЛОВ УУ?
: Ханийг минь Г.Амарсанаа гэдэг. Багаасаа хилийн чанадад амьдарч, Польш, Шведэд хорь гаруй жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Авто машины кузов засварчин мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад энд ирж, хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй байна.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TV ZONE: А.НАНДИН-ЭРДЭНЭ ОХИН ОДОО ХЭДЭН САРТАЙ БОЛЖ БАЙНА? ХҮҮХДИЙН ЦАРАЙ ОЛОН ХУВИРДАГ Ч ОДОО БОЛ ЯГ ААВ ХАРАГДАЖ БАЙНА...

: Охин маань одоо найман сартай. Хүмүүс анх хараад бас яг аав байна гэдэг. Ямар ч хүн хүүхэд нь өөртэй нь адилхан байна гэхээр баярладаг шүү дээ. Би ч гэсэн охин маань надтай адилхан гэхээр нэг л сайхан мэдрэмж төрдөг. Анхны үрийн зулайгаа үнэрлэн аав болоод үнэхээр сайхан байна. Тэр хэрээр үүрэг хариуцлага нэмэгддэг хэдий ч эхнэр, охиныхоо төлөө хичээж байгаа болохоор аз жаргалаар дүүрэн байна. Охиноо төрөхөд би хажууд нь байя гэж зориглон, яг төрөх үед дэргэд нь байсан л даа. Төрөхийн өмнө эхнэр минь долоон цаг тасралтгүй өвдөж, өвдөх бүрт нь яахаа мэдэхээ байж, болдог бол өөрөө төрчих юмсан гээд л хүйтэн хөлс чийхарч, үнэхээр хэцүү байдаг юм билээ. Долоон цагийн өвдөлтийн дараа сая нэг хоёр яс салж, охины минь дуу хадах тэр үе үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг өгдөг юм билээ. Нулимс ч өөрийн эрхгүй урсаад л ирсэн.Г.АМАРСАНАА
:Тиймээ, тэр үед бид хоёулаа баярын нулимс унагасан. Охиныхоо уйлах дуугаар аав, ээж болсноо бие сэтгэлээрээ мэдэрч, эндээс эхлээд асар их үүрэг хариуцлага бидэн дээр ирлээ гэдгийг ухаарсан. Одоо бол эмээ нь ач охиндоо хошуугаа дэвсэн энхрийлэн харж, бид хоёр тус тусынхаа ажлаа амжуулчихаад гэрийн зүг яардаг болсон байна.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TV ZONE: ОЛНЫ ТАНИЛ ХҮНИЙ ХАНЬ БАЙНА ГЭДЭГ НЭГ ТАЛААР САЙХАН ЮМ ШИГ МӨРТЛӨӨ НӨГӨӨ ТАЛААС ХЭЛ АМНААС ЭХЛЭЭД ХЭЦҮҮ ЗҮЙЛ ОЛОН. ҮҮНД ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ?
: Эхэндээ олны элдэв хэл амнаас эмзэглэдэг байсан уу гэвэл байсаан. Гэхдээ яваандаа урлагийн хүний ар тал байна гэдэг амаргүй, маш их хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Олны танил хүмүүсийг тойрсон хов жив тасардаггүй юм байна гэдгийг ойлгож, одоо бол ямар ч асуудалд эхнэртээ сэтгэлийн дэм өгч, аль болох өөрийн чадлаараа тусалж дэмжихийг хичээх болсон доо. Г.АМАРСАНАА
: Хань минь урлагийн хүн байх ямар хариуцлагатай байдаг вэ гэдгийг сайн ойлгоно оо. Суухаасаа өмнө үнэхээр миний ажлыг ойлгож, хүндэтгэж чадвал эхнэр чинь болоход бэлэн байна гэж ярилцаж байсан. Гэхдээ анхны учрал, олон жилийн үерхэл нөхөрлөл маань бидэнд хамгийн нандин байсан учраас ямар ч саад бэрхшээлийг даван туулж, гэр бүл болж, аав, ээж хэмээх хүндтэй үүргийн эзэд болжээ.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
~ Би уран бүтээл, тайз хоёроос хол байж чадахгүй ~
TV ZONE: ХӨЛ ХҮНД БАЙХДАА Ч УРАН БҮТЭЭЛЭЭСЭЭ ХӨНДИЙРӨӨГҮЙ, МӨН ТӨРӨӨД УДААГҮЙ НЯЛХ БИЕТЭЙ ХЭР НЬ ТОГЛОЛТОО ХИЙГЭЭД ЯВНА ГЭДЭГ МАШ ТОМ ЗОРИГ, ТЭВЧЭЭР САНАГДАНА. ЯЛАНГУЯА, ТОГЛОЛТ ХИЙХЭД МАШ ИХ БЭЛТГЭЛ ШААРДАГДДАГ ШҮҮ ДЭЭ?
: Тиймээ, би төрөх хүртлээ уран бүтээлээ хийсээр байсан. Хэдийгээр хэвлийдээ охиноо тээж байсан ч аль болох хөнгөн шингэн байж байгаад л төрнө гэж бодож байсан учраас ер зүгээр суугаагүй, төрөх хүртлээ л уран бүтээлээ хийж, дуулсаар байсан. Төрсний дараа сар ч хүрээгүй байхдаа тайзан дээр гараад дуугаа дуулаад явж байсан хүн шүү дээ, би. Магадгүй уран бүтээл, тайз хоёроос хол байж чадахгүй болоод л тэр байх. Төрсний дараа эргээд хурдан уран бүтээлийнхээ ажилд ороход минь хамгийн их тусалж, сэтгэлийн дэм өгсөн хүн бол миний ээж. Ээж минь охиноо үргэлж хурцалж, илүү сайн уран бүтээл хийхэд минь хүч хайрлаж байдаг хүн дээ. Охиныг минь харж, охиндоо уран бүтээлээ хийх цаг завыг бүрдүүлж өгсөн учраас л би өнөөдөр өдий зэрэгтээ яваа юм.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ

TV ZONE: ӨНГӨРСӨН ЖИЛ ЖҮЖИГЧИН Л.СӨРӨЛТТЭЙ ХАМТРАН ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙСАН БОЛ ЭНЭ УДАА БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙХ ГЭЖ БАЙНА. ТОГЛОЛТЫН СОНИН САЙХНААС СОНИРХУУЛБАЛ?
: Өнгөрсөн жил уран бүтээлийн олз омгоор дүүрэн байлаа. “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт найзтайгаа өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 9-нд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо ганцхан удаа тавих байсан ч билет эрэлт ихтэй байсан учраас дахин нэг өдөр тоглож, нийтдээ 6000 гаруй хүнд ая дуугаа хүргэжээ. Энэ жилийн анхны бие даасан тоглолтоо “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу ээжүүддээ, бүсгүйчүүддээ зориулан “Улаанбаатар” ресторанд VIP хэлбэрээр хийх гээд бэлтгэл ажилдаа ороод байна.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TV ZONE:ЯАГААД ТОГЛОЛТОО VIP ХЭЛБЭРЭЭР ХИЙХ БОЛОВ?
Эмэгтэйчүүддээ, ээжүүддээ зориулсан нэг сайхан тоглолт хийх юмсан гэж би үргэлж хүсдэг байсан юм. Энэ хүслийн маань биелэл уг тоглолт гэж ойлгож болно. Уран бүтээлчид VIP тоглолт хийх илүү дуртай байдгийн учир нь тухтай суугаад хоолтой ундтай, дагаад дуулж, гараад бүжиглэх орчинтой зэрэг олон давуу талтай байдаг юм. Тиймээс энэ олон давуу талыг шингээсэн гайхалтай сайхан тоглолтыг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хийх гээд зүтгэж явна даа.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ:
TV ZONE: ТОГЛОЛТООС ГАДНА УРАН БҮТЭЭЛИЙН СОНИН САЙХАН ЮУ БАЙНА...
Хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж ах надад ээжээс нь охиндоо зориулсан уран бүтээл хийж өгсөн юм. Их сайхан дуу болсон учраас одоо бичлэгийн ажилдаа ороод байна. Охиндоо зориулсан дуунаас гадна ээжийн тухай сайхан уран бүтээл хийж байна гэх мэтчилэн энэ хавраас шинэ дуунууд маань сонсогчдод маань хүрэх болно. А.ТҮМЭН-ӨЛЗИЙ:
~ Бид хүүхэдтэй болохыг хүссэн, охин минь бидэнд ирсэн ~
TV ZONE: ГЭР БҮЛ БОЛНО ГЭДЭГ НЭГ ЁСОНДОО ХҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР. ТИЙМЭЭС ТА ХОЁРЫН ХУВЬД ГЭР БҮЛТЭЙ БОЛОХООС ӨМНӨ БА ДАРААХ ӨӨРСДИЙГӨӨ ДҮГНЭЭД ХАРВАЛ ХЭР ИХ ЯЛГАА БИЙ БОЛ...

Гэр бүл, тэр дундаа үр хүүхэдтэй болно гэдэг амьдралыг үзэх үзлийг илүү өргөн цар хүрээтэй болгодог юм байна. Өмнөхөөсөө илүү аз жаргалыг гэр бүлээсээ мэдэрч, тэднийхээ төлөө ажиллаж байна гэж бодох төдийд хүч тамир минь сэлбэгдэж, эрч хүчтэй болдог. Амьдралын зорилгыг илүү тодруулж, илүү тэмүүлэлтэй, мэриймтгий болгодог юм байна, хүүхэд. Товчоор хэлбэл, амьдралаас хайсан аз жаргал гэр бүл байдаг юм байна.Г.АМАРСАНАА:
: Манай хүн гурван жилийн өмнө энд ирчихээд ажил төрөл нь Шведэд байсан болохоор эргээд явсан л даа. Гэхдээ тэндэх ажлаа нэг мөр зохицуулчихаад эх орондоо бүрмөсөн ирсэн юм. Тухайн үед хоёр биендээ эрхэлж, цагийг өнгөрөөдөг байсан бол одоо гэр бүл болж, нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг болжээ. Ялангуяа, өөрсдөөсөө ургуулсан бяцхан охиныхоо өмнө бид хариуцлага хүлээж, хамтдаа охиноо эрүүл саруул, сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж байна. А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TV ZONE: ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР ХҮМҮҮС ЯНЗ БҮРИЙН БОДОЛТОЙ БАЙДАГ. ТӨЛӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮУ, ЭСВЭЛ ЗӨНГӨӨРӨӨ БҮТДЭГ ЗҮЙЛ ҮҮ?
: Хол байхад хэцүү байдаг байсан. Тиймээс ярилцаж байгаад нэг өдөр л ерөөсөө ингэж байж чадахгүй юм байна гээд ирсэн дээ. Гэр бүл төлөвлөлт зайлшгүй байх ёстой гэж бид хоёр ярилцдаг юм. Тиймдээ ч бид хүүхэдтэй болохыг хүсч, удалгүй охин минь бидэнд ирсэн. Бурхнаас заяасан хос гэж байдаг юм байна, хүссэн үр хүүхдийг минь хүртэл явууллаа гэж бид ярьдаг юм. Гэхдээ төлөвлөлт байх хэрэгтэй ч төлөвлөөгүй үед бурхан бэлгээ илгээвэл авах ёстой гэж боддог.Г.АМАРСАНАА
: Бид олон жил үерхэж, нэг нэгнээ мэдэлцэж байж гэр бүл болсон л доо. Хэдийгээр ихэнх хугацаанд бие хол байсан ч интернэтийн ач буянаар үргэлж холбоотой байж, үнэхээр хайр сэтгэлээр учирсан болохоор хоёр талд байсан бие нэгдэж, гэр бүл болсон. Нөхөр маань гадагшаа гарч амьдаръя гэсэн саналыг олон удаа тавьж байсан ч урлагаа орхиж чадахгүй гэсэн миний хүслийг нэгдүгээрт тавьж, өөрөө энд ирсэнд би үнэхээр баярладаг. Хань минь надад үнэхээр их хайртай байсан учраас тэндэх бүх зүйлээ орхиод над дээр ирсэн хүн. Тиймээс би өөрийгөө их азтай эмэгтэй юм даа гэж боддог.А.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TV ZONE: БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ, СОНИРХОЛТОЙ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН ТА ХОЁРТ БАЯРЛАЛАА. ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ, УРАН БҮТЭЭЛД НЬ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!
Баярлалаа. Уран бүтээлийг маань байнга дэмжиж, уншигчидтай маань уулзуулж, эерэг мэдээллийг түгээдэг TV ZONE сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.Г.АМАРСАНАА, А.ТҮМЭН-ӨЛЗИЙ:
Ярилцсан: Б.Баяржаргал
Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш
