Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Өнөөдөр Дюссельдорфын татамид Монголын 7 жүдоч барилдана

Өнөөдөр Дюссельдорфын татамид Монголын 7 жүдоч барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны Олимпийн эрхийн оноо олгох Дюссельдорфын Гран При тэмцээн эхэлж, уламжлал ёсоор эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. 60 кг-ын жинд ОУХМ Ганболдын Хэрлэн 7-р байр эзэлсэн бөгөөд "А" хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын бөх ДАШТ-ий хошой хүрэл медальт Ким Вон-Жинд торгуулиар ялагдсан бол ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар 3-р тойрогт дэлхийн аварга Казахстаны Йелдос Сметовд мөн торгуулиар ялагдсан. 66 кг-д зодоглосон ОУХМ Д.Алтансүх 2-р тойрогт Гүржийн Важа Маргвелашвилид, ОУХМ А.Батсуурь Бразилийн Чарльз Чибанад эхний тойрогт ялагдан өрсөлдөөнийг орхисон байна. Эмэгтэй 52 кг-ын жинд ОУХМ Адьяасамбуугийн Цолмон эхний тойрогт Вьетнамын бөхийг цэвэр ялсэн ч 2-р тойрогт БНСУ-ын Пак До Сольд цэвэр ялагдсан. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа Израйлийн Кохэн Гили, Армений Жанна Станкевич нарыг ялж хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ким Ми Рид торгуулиар дийлдсэн. Дагах барилдаанд Бразилийн алдарт бөх Эрика Мирандаг даралтаар цэвэр ялсан гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Румыний Андреа Читуд ялагдснаар 5-р байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг АНУ-ын бөхийг ялж хэсгийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгт ялагдсан. Дагах барилдаанд Туркийн бөхийг цэвэр ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Наталья Кондратьеваг торгуулиар хожиж өнгөрсөн жил Токиогийн "Их дуулга"-д ялагдсан хариугаа авлаа. Өмнө нь Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Дюссельдорфын "Гран-При"-гээс 2 мөнгөн медаль хүртэж байжээ. ОУХМ Г.Отгонцэцэг алтан медалийн төлөө барилдаанд БНСУ-ын Жон Бок Ёнд торнгуулиар ялагджээ. Өнөөдөр тэмцээний 2 дахь өдөр 73кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Хадбаатар, 81кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Б.Мөнгөнчимэг, 70кг-ын жинд ОУХМ Ц.Наранжаргал нар барилдана.

Барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд та бүхэн www.ippon.tv цахим хуудсаар хүлээн авч үзэх боломжтой.