Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ОУХМ Д.Отгонцэцэг Ази тивийн аварга боллоо

ОУХМ Д.Отгонцэцэг Ази тивийн аварга боллоо

Өнөөдөр Азийн тивийн АШТ эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаануудаар үргэлжиллээ. 48 кг-ын жинд ”Хасу-Мегастарс” клуб, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин Цогт-Очирын Намуунцэцэг Вьетнамын бөхөд, 53кг-ын жинд ”Алдар” спорт хорооны тамирчин Ганбаатарын Отгонжаргал Казахстаны бөхөд ялагдсан. 55кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ”Хасу-Мегастарс” клубын бөх ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг шөвгий наймд БНСУ-ын бөхөд 11:9-ийн харьцаатай ялагдаж яваад цэвэр ялсан бол хагас шигшээ барилдаанд Японы бөх Момока Кадояг 6:5-ын харьцаатай хожсон. Шигшээ барилдаанд ОУХМ Д.Отгонцэцэг Энэтхэгийн Приянкаг ялж анх удаагаа Ази тивийн аварга цолд хүрлээ. Энэ өдөр мөн 60кг-ын жинд ”Аврагч” спорт хорооны тамирчин Отгонбатын Оюунтуяа БНСУ-ын бөхийг цэвэр ялж, хагас шигшээд Японы бөхөд 10:2-ын харьцаатай дийлдсэн. Хүрэл медалийн төлөө Вьетнамын бөхтэй барилдан цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. 69кг-ын жинд ”Хилчин” спорт хорооны тамирчин Зоригтын Болортунгалаг эхний тойрогт Вьетнамын бөхийг цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы бөх Сара Дошод ялагдсан. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхийг 8:0-ийн харьцаатай хожиж тивийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ.