Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Газпром болон Боливи улсын Засгийн газар хамтран ажиллана

Газпром болон Боливи улсын Засгийн газар хамтран ажиллана

ОХУ-ын хий болон нефтийн төрийн өмчит Газпром компани пүрэв гаригт Боливи улстай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Талууд Боливи улсад байгалийн хийн ордын эрэл хайгуул хийх тал дээр хамтран ажиллах гэрээг ийнхүү үзэглээд байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр Боливи улсыг Латин Америкийн бүс нутаг дахь "эрчим хүчний гол төв" болгохыг зорьж байгаа гэсэн байна. Уг гэрээнд Оросын талаас Газпром-ын Ерөнхийлөгч Алексей Миллер гарын үсэг зуржээ. Тэрээр Боливи улсад өнгөрөгч лхагва гаригийн үдэш ирж, хэд хэдэн уулзалтыг явуулсны дотор тус улсын Ерөнхийлөгч Эво Моралестай уулзсан байна. Боливи улсын байгалийн хийн нөөц ихтэй гэгддэг өмнөд хэсгийн Тариха мужид Алексей Миллер болон Эво Моралес нар пүрэв гаригт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу талууд Боливи улсад байгалийн хийн ордын эрэл хайгуул болон судалгаа шинжилгээний ажлыг явуулахаас гадна салбарын мэргэжилтэн бэлтгэх, сургалт явуулах, техник технологи солилцох болон судалгааны томоохон хэмжээний төвийг барьж байгуулах ажлууд багтаж байгаа юм. Гэрээг байгуулах үеэр Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес хэлэхдээ Газпром-той хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар бүс нутаг дахь ОХУ-ын оролцоо нэмэгдэх болно хэмээн хэлсэн байна.