Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ОУХМ Д.Отгонцэцэг тивийн аваргын шигшээд 2 дахь удаагаа шалг

ОУХМ Д.Отгонцэцэг тивийн аваргын шигшээд 2 дахь удаагаа шалгараад байна

Тайландын Бангкок хотод чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ тэмцээний эхний өдөр эмэгтэй 63, 75 кг-ын жингийн барилдаан боллоо. 63 кг-ын жинд 10 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Нямгэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Анита Анитад 0:10 онооны харьцаагаар дийлджээ. 75 кг-ын жинд 8 бөх барилдсанаас Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт Узбекистаны бөх Лалхин Оринбаеваг 6:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд Казахстаны бөх Гульмара Еркебаеваг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд шалгарсан. Азийн АШТ-ий шигшээ барилдаанд 4 дэх удаагаа шалгарсан Гавьяат тамирчин О.Бурмаа Японы бөх Рино Абэг 2:0-ийн харьцаагаар ялж Ази тивийн аварга болсон.

Өнөөдөр Азийн тивийн АШТ эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаануудаар үргэлжиллээ. 48 кг-ын жинд ”Хасу-Мегастарс” клуб, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин Цогт-Очирын Намуунцэцэг Вьетнамын бөхөд, 53кг-ын жинд ”Алдар” спорт хорооны тамирчин Ганбаатарын Отгонжаргал Казахстаны бөхөд ялагдсан. 55кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ”Хасу-Мегастарс” клубын бөх ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг шөвгий наймд БНСУ-ын бөхөд 11:9-ийн харьцаатай ялагдаж яваад цэвэр ялсан бол хагас шигшээ барилдаанд Японы бөх Момока Кадояг 6:5-ын харьцаатай хожсон. Шигшээ барилдаанд ОУХМ Д.Отгонцэцэг Энэтхэгийн Приянкатай барилдана.

60кг-ын жинд ”Аврагч” спорт хорооны тамирчин Отгонбатын Оюунтуяа БНСУ-ын бөхийг цэвэр ялж, хагас шигшээд Японы бөхөд 10:2-ын харьцаатай дийлдсэн. Хүрэл медалийн төлөө Вьетнамын бөхтэй барилдах бол 69кг-ын жинд ”Хилчин” спорт хорооны тамирчин Зоригтын Болортунгалаг эхний тойрогт Вьетнамын бөхийг цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы бөх Сара Дошод ялагдсан. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхтэй барилдана.

Шигшээ барилдаанууд 19:00 цагаас эхлэх бөгөөд та бүхэн https://unitedworldwrestling.org/event/asian-championship-1 цахим хуудсаар хүлээн авч үзэх боломжтой.