ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: УДЭТ-ын жүжигчин, СУИС-ийн багш СТА Л.Дэмидбаатар

УДЭТ-ын жүжигчин, СУИС-ийн багш СТА Л.Дэмидбаатар

Улаанбаатар чуулгын гоцлол дуучин СТА М.Анхтуяа

Хамтдаа босгосон амьдрал бүхний үнэ цэнэ

Айл гэр бүл бүхэн өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Тэгвэл энэ удаа зочин хоймортоо нэгэн сайхан урлагийн гэр бүлийг урилаа. Тайз, дэлгэцийн урлагт бүтээсэн дүрээр нь та бидний андахгүй таних УДЭТ-ын жүжигчин, СУИС-ийн багш СТА Л.Дэмидбаатар, гэргий нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин СТА М.Анхтуяа нар охин, хүү хоёрын хамт ховор гэрэл зургууд, олны мэдэхгүй онцгой түүхүүд, уран бүтээлийн халуун яриа, гэр бүлийн үнэ цэнийн талаар бодлоо хувцаалцсаныг уншигч таны өмнө дэлгэе.

Хосууд учирна гэдэг яах аргагүй л бурхны зураг төөрөг байдаг болов уу. Тэгвэл булангийн маань гол баатрууд их хөгжилтэй танилцжээ. 1995 он. Өнөөгийнх шиг хүн бүр хувьдаа машин тэрэггүй, гудамж зам сэлүүхэн байсан цаг. Тэр дундаа хот хооронд 69, фургон машин олдвол тансагт тооцогдож, ихэвчлэн 53, 30 машины ачаан дээр сэгсчүүлэн зорчдог байсан гэдэг. 17 настай хонгорхон бүсгүй оюутан болохоор их хотыг зорьж, 30 машины тэвшинд суун Завхан аймгийн Тосонцэнгэлээс хөдөллөө. Зам зуурт дайгдаж явсан машинд нь Их-Уул сумаас настайвтар гэр бүл, хоёр хүүхэдтэйгээ нэмж суусан нь залуу хар хүү Л.Дэмидбаатарынх байжээ. Гэтэл машин км хэртэй яваад л дугуй нь хагарч, овоо явж байгаад л урд хөдөлгүүрийн эд ангид гал авалцаж шатах, жаахан хурдлахаар өрөөсөн дугуй нь салаад хажуугаар нь жирийлгэж явах гээд зам зуурт бэрхшээл учирсаар Улаанбаатарыг зоригсод зам зууртаа 12 хоног зарцуулжээ. Замын урт, хоног өдрүүдийн эрхээр зорчигчид танилцаж, байгаагаа дэлгэн, халуун наранд иссэн жимснээсээ тосон ууж, дуу хуур болно.

Санагдаад байна даа хө, бодогдоод байна даа хө

Салхи исгэрэх сэрүүн намраар

Санаашран суухад минь сэтгэлд дулаахан

Сайхан нутгийн минь буянтай шороо хө ... гээд л “Цэнхэр нутаг” дууг аялан дуулах бүсгүй СУИС-ийн 1 курсын оюутан М.Анхтуяа, өнөөдрийн зочин гэр бүлийн гэргий байлаа. Түүнээс хэд ах болов уу гэмээр нүдэнд дулаахан залуу ихэд яриа нийлнэ. Ингэж тэд танилцжээ.

Оюутны байранд цуг амьдардаг охиддоо ирэх замынхаа сонин хачинг ярьж, замдаа танилцсан гоё ахын тухай, нийлж дуулж, ямархан адал явдлыг туулснаа Анхаа охин ярьжээ. Хичээлдээ ороод арав ч хоноогүй байлаа. Нэг өдөр, Дашиймаа багш нь “чамайг урд /ЧД-ийн эмнэлэг/ эмнэлэгт Дэмидбаатар гэж хүн хүлээж байгаа. Гэрээс чинь юм ирсэн байна. Хичээл чинь яахав, тийшээгээ яв” гээд л явууллаа. Дэмидбаатар гэх нэрийг анх удаа сонссон охин гайхсаар яваад очтол бэлтгэлийн цэнхэр хувцастай өнөөх залуу зогсож байх юм гэнэ. Учир нь Дэмидээг гэрийнхэн нь өөр нэрээр авгайлж дууддаг байна. Энэ цагаас хойш өдөр болгон СУИС-ийн жижүүр дээр Дэмидбаатараас хэмээн хаягласан жүжгийн урилга ирдэг болов.

Оюутан найзууд нь ч өнөөдөр би, маргааш чи үз гээд л энэхүү тасалбарт эзэн болох гэсэн дараалал үүснэ. Дэмидээ ч Монголын театрт тавигдаж байсан 21 сонгодог жүжгийн 18-д нь тоглож, өдөр болгон шахуу тоглолттой, ид мандан бадарч явсан үе. Анхаа нас бага, дээр нь хөдөөнөөс ирээд удаагүй болохоор их л ичингүйрдэг байснаа дурсан ярьсан. Хайр гэдэг зүйл хайртай хүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн болгодог. Дурлалт хархүү ч бүсгүйн сэтгэлийг өөрийн болгож чаджээ. Дурлалт хос удалгүй анхны охиноо өлгийдөн авчээ. Одоо том охин Д.Пүрэвмаа аравдугаар ангийн сурагч бол бага хүү Д.Пүрэвдорж нь хоёр настай. Тэд олон хүүхэдтэй болохыг хүсдэг гэдгээ нуугаагүй. Гэрийн эзэн 12 хүүхэдтэй айлд төрж өссөн бол гэргий нь 5 хүүхэдтэй айлын охин. Хадам ээж нь хүргэндээ хир халдаадаггүй. Охиноо уурлаж тунихад “Чиний л буруу, хүнтэй ханилж амьдарна гэдэг нийцэж, эвсэх ёстой. Чи зөрүүд, бид хоёрт их эрхэлснийх. Эмэгтэй хүнд ийм юм байх ёстой, тэвчих ёстой” гэж хүргэнийхээ ардуур охиноо зэмлэнэ. Гэвч хүний амьдралд жаргал зовлон ээлжилж байдаг. Ертөнцийн жаргал зовлонгоор ээлжилдэг юм байна хэмээн ижийгээ дурсах үед тэдний аль алиных нь хоолой зангирч, нүд нь чийгтэнэ билээ.

Гэргий нь машин техникт сонирхолтой бол гэрийн эзэн ном унших, хоол хийх, гал тогооны хэрэгсэл, чамин аяга цуглуулах сонирхолтой. Энэ гэр бүлд тэр нь энийг хийх ёстой гэсэн хатуу дүрэм үгүй. Хэн түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийдэг. Аав нь хүүхдүүддээ “Хоолыг сэтгэлээсээ хийх ёстой” гэж захина. Гэр бүлээрээ ширээний ард сууж аавынхаа гараа гаргаж хийсэн хоолыг идэх нь гэр бүлийн аз жаргал байдаг. Валентин, төрсөн өдрийн баяраар биесээ сэтгэлээсээ бэлдсэн бэлгээр баярлуулна. Хүүхдүүддээ ч тэр “Надад зориулж бичсэн шүлэг, зурсан зураг үнэ цэнэтэй. Бэлэн юм авч өгөх хэрэггүй” гэнэ. Том охин нь ч аав, ээждээ иллэг хийж, чаддаг зүйлээрээ бэлэг барина. Энэ нь нөгөө талаар бие биедээ хайраа хуваалцаж, үйлчилж, үүгээрээ дамжуулан өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг болдог биз ээ.
Гэрийн эзэгтэй М.Анхтуяа дуучин. МУГЖ Ц.Үенч, МУГЖ Ш.Даваахүү, МУГЖ Л.Чулуунчимэг нар л түрүүлж байсан Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан нь түүний хамгийн том амжилт. Энэ уралдаан 2007 оноос хойш дахин зохион байгуулагдалгүй өдийг хүрчээ. Мөн “Алгирмаа Сумъяа ноён” дуулалт жүжгийн Жуяар, “Янзаган хүрээ” хүүхдийн жүжгийн үнэгт тоглож, тэр л дүрүүдээрээ овоглогддог. Одоо тэрээр Төрийн Соёрхолт Ц.Бавуудорж, УГЗ Д.Цэвээнравданы зохиосон “Төгс төгөлдөр”, Д.Баасанжавын “Нандин хайр” болон өөр олон сайхан дуунуудаа олонд хүргэхээр ажиллаж байна. Харин яг одоо бол “Ай нанаа” дуулалт жүжгийн Богд Жавзундамба хутагтын Дондогдулам хатны дүрд тоглож байна.
Гэрийн эзэн Дэлхийн сонгодог 18 жүжиг, 80 гаруй тайзны бүтээлд тоглож явахдаа АЖ Л.Гомбосүрэн агсантай “Оттело” жүжгийн Ягод тоглож явснаа сэтгэлдээ ихэд омогшин дурсана. Мөн АЖ Л.Жамсранжав гуай “Би том, дэлхий бага боллоо гэж өөрийгөө битгий бодоорой” гэж хэлж хүний хувьд хүмүүжүүлсэн гэнэ. Дүр болгоны цаана маш их ажиллагаа, ур байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Ромео Жульетта” жүжгийн Тебальтийн дүрд тоглож, энэхүү дүрээрээ Соёлын яамнаас “Оны шилдэг дүр” шагнал хүртжээ.
Мөн Дэмидбаатарын хувьд сайн жүжигчний зэрэгцээ маш сайн багш. 12 жилийн хугацаанд 120 гаруй шавь төгсгөсөн нь оюутны 4 жилд нэг биш 3 ангид зэрэг багшилдаг байсантай холбоотой. Тиймээс л энэ богино хугацаанд ийм олон шавь төгсгөж чадсан байна. “Багш болох гэж л сурч явна даа” гэж хэлэх энэ эрхэм МУГЖ Л.Лхасүрэн, МУГЖ Н.Ганхуяг, МУГЖ Ж.Лхамхүү, ТШ Ц.Гантөмөр, Б.Мөнхдорж багш нараасаа суралцсан гэж багш нартаа сүсэлнэ. “Тэд маань хамаг чадлаа бидний сэтгэл, зүрхэнд өгсөн. Багш нар маань, мэргэжил нэгтнүүд, хамтран ажилласан найруулагч нар, мөр зэрэгцэж яваа багш нар, тэр ч битгий хэл шавь нараасаа суралцаж явна” гэсэн юм.
Л.Дэмидбаатар: Жүжигчин байхын тулд эхлээд хүн байх ёстой. Мөн чанарыг өгөх ёстой юм билээ, мөн чанарыг мэдрүүлж, чадвартай, өөрийгөө хатамжилж сургахад багш чухал. Жүжигчин хүн бүх юмыг мэддэг, чаддаг, үгүй юмаа гэхэд маш хурдан сурдаг байх ёстой. Мөн чанарын хувьд шавь нартаа сэтгэл зүрхээ өгөхийг л хүссэн.
Шавь нар нь ч оролцсон тэмцээн, уралдаандаа амжилт гаргана. “To be or not To be” шоу наадмын Гран При шагналт Г.Баттулга, жүжигчин Б.Шинэбаяр, Б.Намуун, Ё.Нямжав гэх мэтчилэн Монголын театрын урлагт хүч түрэн гарч ирж байгаа шинэ үеийн жүжигчдийг бэлтгэжээ. 2007 онд БНХАУ-д зохиогдсон уралдаанд түрүүлж, мөн ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнд түрүүлсэн бахдам амжилтаараа бахархахгүй байх аргагүй. Энэ нь оюутнуудынх нь амжилт мэт боловч нөгөө талаар Монголын театрын сургалтыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Багш хүн гэдэг нэг хүүхэд өвдчихлөө, ямар нэг асуудал гарлаа гэхэд шөнө дунд ч байсан хамаагүй шавийнхаа төлөө л явдаг. Шалгалтын үеэр гэргийгээсээ “Өвгөөн надад будаатай хуурга ч хамаагүй хоол хийгээд ирээч” гээд л 40-өөд шавьдаа хоол зөөлгөнө.
Зочин гэр бүл маань сар шинийн баярыг өргөн тэмдэглэдэг. Аль болох олон хүн оруулж, их бэлэг өгч гийгүүлэхгүй ч хүний алга дээш нь харуулаад бэлгэнд 1000 төгрөг ч байсан хамаагүй өгөөд, сайхан хоол цай хийж өгөх юмсан гэнэ. Багшаа зорьсон шавь нарынх нь хөл ч тасрахгүй. Сар шинээр настан буурлуудаас ч илүү олон хүний хөлд дарагддаг аж. Харин Шинийн нэгэнд болон бусад баяр болгоноор аавындаа ах дүүгээрээ бүгд цуглаж, өдөржин тоглож наадаж өнждөг гэнэ билээ.
“Оршихуй” уран бүтээлийн цэнгүүнээ УДЭТ-ын 80 жил, Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан бүтээсэн билээ. Хийж бүтээснээр арвин хэдий ч он цагийн урсгалд бүдгэрэн, мартагдах нь олон гэдэг. Харин тэд энэхүү тоглолтоороо амьдралынхаа хамаг л шим шүүстэй үеэ урлагт зориулан зүтгэснээ эргэн дурсаж, хийж бүтээснээ цэгнэн, дараагийн уран бүтээлүүддээ ханцуй шамлан орон эрч хүчийг олж авах онцлууштай үе байсан биз ээ. Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс нь нутагтаа ирж тоглолтоо тавих санал ирүүлээд байгаа бөгөөд тэд 3-р сарын 1-7 энэхүү тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Гэр бүлийн үнэ цэнэ
: Бид бие биенээ хайрладаг. Миний төлөө явдагт нь би ханьдаа маш их хайртай. Гайхалтай хүн чанартай хүнтэй суусандаа би өөрийгөө азтай гэж боддог. Нийгэмд хямралтай, гэр бүлүүд хүндхэн үеийг туулж байх шиг байна. Бидэнд овоож оцойтол баялаг байхгүй ч мэддэг чаддаг урлагийнхаа баялгаар хүмүүст сайн сайхнаар нөлөөлөх ёстой гэж боддог. Алдаа дутагдал бидэнд бий л дээ. Хааяа бас маргаж, муудалцалгүй яах вэ. Хаанаас өдөр болгон өндөг шиг өөгүй, хацрыг нь илээд л байх вэ. Тэр болгоныгоо эвээр туулна.Л.Дэмидбаатар
Бид бие биенээ магтаад байдаггүй. Сайхан үгийг биенээсээ харамлах ёсгүй. Ханиа өглөө гарахад нь “За миний хань амжилт” гэдэг. Заримдаа “Амжилтаа хэлээч ээ, тэгэхгүй бол ажил бүтдэггүй юм” гээд л... Хүүгээ тэвэрч очоод л ААВ АМЖИЛТ! гэнэ. Миний хань хүн чанартай, зөөлхөн хүн. Бид хоёр зэрэг уурлахгүй гэсэн зарчимтай. Нэг маань буруу юм хийчихээд уурлах юм бол түрүүлж уучлалт гуйна. Муудалцлаа гэхэд гараад л мартчихдаг хүн. Чи орж ирэх болоогүй юм уу гэхээр за одоо орлоо гэдэг. Энэ бол гэр бүлийн үнэ цэнэтэй харилцаа.М.Анхтуяа:
Сурвалжилсан: Сэтгүүлч М.Хонгорзул
