Барби “Амьдралд ойртлоо”
Сүүлийн хагас зууны туршид бяцхан охидын хамгийн дотны анд найз байж ирсэн барби хүүхэлдэй өнгө төрхөө эрс өөрчлөөд байна. Анх бий болсон цагаасаа л гоо сайхны “хэт төгс илэрхийлэл” болж ирсэн барбиг бүтээх үндсэн 3 шат дамжлага байдаг.
Эдгээрийн хамгийн эхний бөгөөд хамгийн чухал нь барбины дүр төрхийг тодорхойлох, загварчлалын хэсэг юм. Голцуу мэргэжлийн зураач, загвар зохион бүтээгчид энэ дамжлагыг хариуцан авдаг байна. Эхлээд барбины нүүрний төрх хэлбэр мөн үсний засалтыг тодорхой болгодог юм. Үүний дараа их бие болон хувцсыг нь бүтээдэг байна. Барбиг үйлдвэрлэхдээ амьдралаас хэт хол гэмээр биеийн хэлбэр, харьцаатай бүтээхээс татгалзаж, илүү бодитой дүр байдлыг сонгон авах болсон байна.
Дэлхийн тоглоом үйлдвэрлэгчид голдуу Европжуу төрхтэй, шаргал үстэй хүүхэлдэйг бүтээж ирсэн. Харин энэ байдал 2016 оноос халагдаж, олон үндэстэн ястны дүр төрхийг шингээсэн барбинууд худалдаалагдах болжээ.
