Цэцгийн баглаан уламжлалыг халъя

Энэ удаагийн ”Загвар” булангаа залуустаа зориулж бэлтгэлээ. Энэ бол хайрцагт цэцгийн баглааг өөрийн гараар урлан, хайртай бүсгүйдээ бэлэг болгон барих явдал юм. Нэг үгээр хэлбэл, цэцгийн дэлгүүрээс улиг болсон баглаа бүхий цэцэг сонгох бус, шинэлэг, басхүү өөрийн гараар хийсэн гэдэг утгаар илүү үнэ цэнэтэй цэцгийг хийн бэлэглээрэй. Хэрхэн хийх зааврыг нь бид хэлж өгье.
Хэрэг болох материал
Зүрхэн хэлбэртэй хайрцаг
Зүрхэн хэлбэртэй хайрцагныхаа ёроолд заавал тугалган цаас дэвсэнэ. Энэ нь нойтон порлон дээр нь тавихад хайрцгаа норгохоос сэргийлэх хамгаалалт болно.
Порлоноо тугалган цаасны дээр тавихын тулд зүрхэн хэлбэрт оруулан хайчилна. Ингэхдээ хайрцгаараа хэмжээ авч хайчлах ёстой. Хэлбэрт оруулсан порлоноо усанд норгож, сайн чийгтэй болгон тугалган цаас дэвссэн хайрцаг дотроо байрлуулан тавина.
Цэцэгнүүдээ хайрцагны өндрийн хэмжээгээр баримжаа авч, урш ишийг нь тайрна. Тайрсан цэцэгнүүдээ нойтон порлон дээрээ хатгах бөгөөд энэ нь цэцгийн ишэнд чийг өгч, амархан хатаж хорчийхоос сэргийлнэ.
Ингээд л өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй цэцэгс бэлэн боллоо.
