Барак Обама ирэх сард Куба улсад айлчилна

Америк, Куба улсуудын дипломат харилцаа эргэн сэргэж харилцан элчин сайдын яамдаа нээснээс хойш хоёр улсын бизнесийн салбарт ч ахиц дэвшил гараад байгаа юм. 2016 он дуустал албан тушаалаа хадгалах АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх 3 дугаар сард Куба улсад айлчилна гэдгийг АНУ болон дипломат албаны эх сурвалжууд хэвлэл мэдээллийнхэнд дамжуулаад байна.
Барак Обама Латин Америк дахь айлчлалынхаа үеэр Куба улсад богино хугацаанд түр саатна гэжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр энэ мэдээллийг батлан мэдэгдэл хийх юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Сонгуулийн сунгаанд нэр дэвшигчид Барак Обамагийн Куба улсад хийх айлчлалыг төдийлөн сайшаахгүй байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Флорида мужийн Сенатын гишүүн Марко Рубио Ерөнхийлөгч байсан бол АНУ-ын эсрэг үзэлтэй коммунист дэглэмтэй улсад айлчлахгүй байх байсан гэжээ. Харин Техас мужийн Сенатын гишүүн мөн Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Тед Крюз Кубад хийх айлчлал бол жинхэнэ алдаа болно хэмээсэн байна.
Өнгөрсөн оны 8 дугаар сард Кубын нийслэл Гавана хотод АНУ-ын элчин сайдын яам үүд хаалгаа нээснээс хойш Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Тээвэр зуучлалын газрын дарга Энтони Фокс зэрэг өндөр дээд хэмжээний албан тушаалтнууд айлчилсан юм. Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Барак Обама ирэх 3 дугаар сард Гаванад зочлохоор болсон нь Колумбын Засгийн газар болон Колумбын Фарк босогчдын бүлэгтэй хийсэн энхийн хэлэлцээрийн эцсийн шатны үйл ажиллагааг ажиглах зорилготой байж болох юм. Обама Колумбын энхийн хэлэлцээрийг дэмжиж 400 сая долларын тусламж үзүүлэхээ амлаад байгаа билээ.
