2016 оны Тоглоомын үзэсгэлэн яармаг нээгдлээ

АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах Жэкоб Жавитсийн Төвд 2016 оны Тоглоомын Үзэсгэлэн Яармаг нээгдлээ. Тус үзэсгэлэн яармагт олон зуун тоглоом үйлдвэрлэгч компаниуд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна. Энэ жилийн тоглоомын үзэсгэлэн яармагийн гол онцлог шинж чанар нь классик буюу уламжлалт тоглоомуудад орчин үеийн өнгө аясыг оруулж өгсөн явдал байлаа. Тухайлбал Wrebbit Puzzles хэмээх эвлүүлдэг тоглоомын брендийн зүгээс тэнгэр баганадсан өндөр байшин барилгуудыг барих зориулалттай 3D эвлүүлдэг тоглоомуудаа танилцуулсан байна.
Waba Fun-ий зүгээс хүссэн дүрс, баримлыг хийх боломжтой тусгай керамик материалаар хийсэн элсэн тоглоомыг санал болгож байна.
Харин ухаалаг утас хэрэглэгчдэд зориулсан онцгой нэгэн шинэ тоглоомыг StikBot бренд санал болгож байна.
Тус брендийн хүний бие галбир бүхий тоглоомууд нь үе мөчөөрөө хөдөлж, хүний хийдэг үйлдэл бүрийг гаргаж чаддаг тул хэрэглэгчид үйлдэл бүрийн зургийг гар утсаараа авсны дараагаар хөдөлгөөнт дүрсийг бий болгох боломжтой юм. Энэ мэтчилэн орчин үеийн техник технологийг ашиглан хуучны тоглоомуудыг улам сонирхолтой болгосон маш олон бүтээгдэхүүн энэхүү үзэсгэлэн яармагт тавигдаад байна. Энэхүү арга хэмжээ энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэн явагдах болно.
