Жан Марк Эрог Францын Гадаад хэргийн сайдаар томиллоо
Франц улсын Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Лоран Фабиус албан тушаалаа хүлээлгэн өгч, түүний оронд Жан Марк Эро Франц улсын Гадаад хэргийн сайдын ажлыг хүлээж авлаа. 66 настай Жан Марк туршлагатай улс төрч төдийгүй 2012-14 оны хооронд тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан хүн юм.
Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Франц улс терроризмын эсрэг тууштай тэмцэж байгаа энэ цаг үед Жан Марк Эро албан тушаалаа нэр төртэйгээр гүйцэтгэж чадна гэдгийг хэлсэн юм. Лоран Фабиусын Гадаад хэргийн сайд байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн олон ажлыг ч Ерөнхийлөгч үнэлсэн байна.
Өнгөрөгч 2015 онд Франц улс хэд хэдэн удаа террорист халдлагын бай болсон ч Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын чуулганыг Парис хотод амжилттай зохион байгуулж чадсан билээ. Олландын хувьд шинэ нисэх буудлын ажлын талаар болоод ирэх 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эсэхээ ярилцлагын үеэр дурдсан байна. Франсуа Олланд ирэх 17 оны сонгуульд өрсөлдөх саналтай байгаа гэдгээ албан бусаар цухас дурджээ.
