Мексикийн хориx газарт бослого гарч 50 орчим хоригдол амиа алджээ
Мексикийн аж үйлдвэрийн хот Монтеррейд байдаг Топо Чико хорих газарт бослого гарч, хоригдлууд өөр хоорондоо гал нээсэн байна. Хорих газарт гарсан бослогын үеэр 49 хоригдол амиа алдаж, 12 хоригдол гэмтэж шархаджээ. Бослого зэвсэгт мөргөлдөөний үеэр хоригдлууд оргосон гэсэн мэдээлэл ирээгүй байна. Хорих газрын агуулахад буун дуу гарч гал нээснээр мөргөлдөөн эхэлсэн гэж үзэж байгаа юм.
Энэ удаагийн бослого Мексик улсын хорих газруудад ойрын жилүүдэд гараагүй томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн боллоо. Топо Чикод ял эдэлж байгаа хоригдлуудын ар гэрийнхэн цугласан байна. Монтеррей хотын эрх баригчид амиа алдсан 49 хоригдлын 40-ийнх нь нэрийг зарлаад байгаа юм. Ромын пап Фрэнсис Мексик улсад айлчлах үеэрээ хорих газрын хоригдлуудтай уулзахаар төлөвлөөд байгаа. Папын айлчлалаас хэдхэн хоногийн өмнө бослого гарсан нь аюулгүй байдлыг чандлан сахих хэрэгтэй гэдгийг харуулж байна.
Хорих газрын хуяг харуулууд байдлыг хяналтандаа авсан талаар мэдээлжээ. Цагдаа нар хорих газрын бүсэлсэн байсан учраас хоригдлууд үймээн самууныг далимдуулан оргох оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн байна. Ял эдэлж байгаа танхай этгээдүүд чухам ямар сэдлийн улмаас хоорондоо зөрчилдөж эхэлсэн нь тодорхойгүй байна. Топо Чико засан хүмүүжүүлэх газар 3,635 хоригдол байрлуулах хүчин чадалтай ч 2014 оны байдлаар 4,600 хоригдол ял эдэлж байжээ.
