Олон улсын удирдагчид Сирид гал зогсоох саналыг дэмжлээ
ХБНГУ-ын Мюнхен хотод Сирийг дэмжих олон улсын бүлгэмийн гадаад хэргийн төлөөлөгчид уулзлаа. Тэд өнөөдөр өглөө Сири улсын нутаг дэвсгэр даяар гал зогсоох хэлэлцээрийг түргэвчлүүлэх нь зүйтэй гэж үзэн санал нэгдсэн байна. ОХУ-ын Гадаад сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, НҮБ-ын төлөөлөгч болоод бусад олон улсын дипломат төлөөлөгчид саналыг дэмжсэн юм. Ингэснээр ирэх 7 хоногийн хугацаанд Сири улсад гал зогсоохоор болж байна. Гэхдээ Исламын улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг тулаан үргэлжилсээр байх юм.
Сири улс даяар гал зогсоохоос гадна тусгаарлагдсан, хоол хүнсны дутагдалд орсон бүс нутгийн ард иргэдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлаа түргэсгэж, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэхээр болсон байна. Жон Керригийн хэлснээр Сирийн сөргөлдөгч талууд олон улсын гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэх хэрэгтэй юм. АНУ, ОХУ-ууд Сирид гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх гол оролцогчид болж байна. Харин Сергей Лавров Мюнхений уулзалтанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж гал зогсоох хэлэлцээр ирэх 3 дугаар сарын 1-н гэхэд хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм.
