1000₮-ний үнэ цэнэ

Жаахан байхад аав, ээж минь залуу байсан болохоор манайх гэдэг айл гэртээ цагаан сар гэж тавгийн идээ л засна уу гэхээс сүртэй тэмдэглэдэггүй байсан болохоор аав, ээжтэйгээ айл хэсэх л хамгийн сайхан жаргал байсан юмдаг. Шинэ дээлээ өмсөөд айл хэснэ гэхээс, тор дүүрэн бэлэгтэй болно гэхээс шөнөжин нойр хүрэхгүй догдлон хонодог байж билээ. Ургахын улаан нартай уралдан босч мөрөө гаргачихаад, гэртээ ёс болгон цагаалга, шинийн нэгний өглөөний аагтай сайхан цайгаа амсчихаад аав, ээждээ нэг үнэрлүүлээд, шуудхан өвөөгийндөө эрт ирж золгоно. Эмээгийнхээ үр хүүхэд, ач зээ нартаа тусгайлан бэлдсэн бэлэгнүүд дотроос хамгийн амт шимттэйг нь, хамгийн нүдэнд туссан бэлгийг сонгож авах нь энэ баярын тухай хүүхэд насны минь хамгийн нандин дурсамж. Гэхдээ гар цайлгах сайхан уламжлал өнөөдөр “Бэлгэнд чухам юу өгөх вэ” гэсэн толгойн өвчин, маргааны сэдэв болжээ.
~Өгсөндөө өлзийтэй, авсандаа өгөөжтэй бэлэг сонгоё~
Ямар сайндаа л өвөө маань бэлгэнд явж ирээд баахан өрөөсөн оймс, уранхай шилэн тирко, цоорхой бээлий худалдаж авчихаад эмээд баахан загнуулах вэ дээ. Одоо эргээд бодох нь ээ, тухайн үед айл бүрт бэлэгний зовлон, тэр дундаа өнөөх уранхай шилэн трико, оймсны паян тохиолдож байсан юм билээ.
Хүүхэд байсан болохоор цагаан сарын баярыг сэтгэлд хүртэл сайхан тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэг ямар их хүчин чармайлт, ямар их хөрөнгө мөнгө зардгийг огтхон ч мэддэггүй, баярлаж хөөрөхөөс цаашгүй байсныг өөрийн толгой дээр ирж байж мэдрэв. Гэнэн томоогүй хүүхэд насаа гэж, магадгүй юу ч мэдэхгүй хөөрч баясаж байсан нь хүүхэд насны жаргал байсан байх… Харин сүүлийн хоёр, гурван жил ээж минь цагаан сар дөхөөд ирэхээр л хөл хөөрцөг болон догдолдог болсон байх юм. Магадгүй өвөө, эмээ минь ч яг л ээж шиг минь ингэж догдолж баярладаг байсан байх. Бүр шинэ он гараа ч үгүй байхад цагаан сарын бэлтгэлээ яриад эхэлчихдэг болсон байна. Нүдэнд минь үргэлж залуугаараа харагдаж ирсэн ээжийнхээ жил ирэх тусам өтөлж байгааг цагаан сарын баярт ингэтлээ их хөөрөн баярладаг болсноос нь, мөн ээжтэй минь ирж золгож буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас эрхгүй мэдрэгдэх болж.
Цагтаа өвөө, эмээгийн энэ баярыг элбэг дэлбэг сайхан тэмдэглэж өгөхөөр хүүхдүүд нь гар бие оролцож байсан шиг өнөөдөр он гарахтай зэрэгцэн ээждээ бусад баяраас ч илүүтэй ач холбогдол өгөх болсон цагаан сарыг сэтгэлд нь хүртэл бэлдэж өгөхөөр ах, дүү нартайгаа элбэлцэн бэлтгэл ажилдаа орно. Цагаан сарын ул боов, цагаан идээ, буузны мах, гурилнаас эхлээд бэлдэх зүйл мундахгүй. .Эл баярыг өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлэх нь тухайн жилдээ хангалуун амьдралыг бэлгэддэг гэдэг. Гэхдээ орж ирсэн хүн бүрийн гарыг цайлгах бэлгэн дээр өвөө, эмээд тохиолдсон шиг маргаан энэ цагт ч дахиад л үргэлжилнэ
Оймс, триконы паянг давтахгүйхэн шиг авсан, өгсөндөө өлзийтэй бэлэг бэлдэнэ гэдэг нээрэн толгой гашилгам, хэцүү юм билээ. “Цагаан сарын баяр”-аар бэлэг өгөх нь уламжлал болохоор ямартаа ч үндэснийхээ үйлдвэрлэлээ сонгох тал дээр харин ч нэг санал нэг байгаа шүү!
~ Дахиад л импортыг дэмжих үү? ~
“Сар шинийн баяр”-аа бид элдэг дэлбэг, өнгөтэй өөдтэй, сайн сайхныг бэлгэдэн муу бүхнийг эцэс төгсгөл болгон цээрлэж, мал төллөж, идээ цагаа, өвс нөгөө дэлгэрэх үеэр буюу хаврын эхэн сарын шинийн нэгнээс эхлэн тэмдэглэдэг уламжлалтай. Мөн 13-ны жил орж байгаа хүүхдэд эзэн нь бөх, эд нь хэврэг байхыг бэлгэдэн дурдан бүс бэлэглэдэг, мөн 8-аас доош нас, 80-аас дээш насны хүмүүсийн гарыг цайлгадаг, гар хоосон гаргадаггүй байв. Харин бэл бэнчин сайтай айлууд 25, 37-ны жил орж буй хүмүүст төл мал бэлэглэдэг байсан аж. Эртнээс уламжилж ирсэн “Цагаан сар”-аар хүмүүсийн гар цайлгах ёсон эдүгээ орж, гарсан хүн бүрт бэлэг өгөх ёстой гэсэн сэтгэлгээ болон өөрчлөгджээ. Эхэн үедээ хийсэн ул боовноосоо хишиг хүртээж, цагаан идээ, боорцог, чихэр атган золгохоор ирсэн хүмүүстээ өгдөг байсан бол бэлэгний өртөг нь яван чангарсаар эд материал, чихэр жимс тэргүүтэн болоод удаж буй. Шинийн нэгний өглөө хамгийн ахмад настай буурлаасаа эхлэн амар мэндийг нь мэдэн золгож, харин өнөөгийнх шиг орж гарсан хүн бүрт бэлэг өгөх гэж түүндээ түүртэлгүй, цагаан идээ, боорцог зэргийг хоосон гаргахгүй гэсэндээ ёс болгон өгдөг байжээ. Үеэс үед уламжлан ирсэн үндэсний баяр энэ цагт баяр гэхээсээ илүү зарим нэгэнд нь үүрэхээс өөр гарцгүй хүнд ачаа болсон байх. Шинэ цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”-ыг энэ цагийн нийгмээс тод харж болох.
Баяр дөхөөд ирэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өсч эхэллээ, мөн бэлэг өгөх үү, өгөхгүй байх уу, юу өгөх вэ гээд л олон маргаантай асуудал ёс мэт гарч эхэлнэ. Өргөн хэрэглээний барааны хувьд гадны хүчин зүйлээс бус эрэлт хэрэгцээнээс үүдэн үнэ нэмэгдэх нь бараг бичигдээгүй хууль болсон гэлтэй. Хүмүүсийн гар цайлгах бэлэгний ихэнх хувийг урд хөршөөс оруулж ирсэн элдэв бараа бүтээгдэхүүн жил бүр эзэлнэ. Он гараад л урд хөршийг зүглэх наймаачдын тасралтгүй цуваа үргэлжилж, монголын мөнгө гадагшаа урсах дүр зургийг бид арваад жил харж байна. Хараад халаглан үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье гэвч хэтэрхий үнэтэй тусдаг болохоор өнөөх л хямд төсөр урд зүгээс орж ирсэн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийнэ. Ойрын хэдэн жил Хятадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, төгрөгөө гадагш хийсгэхээ больё гэх уриалгууд гаргасаар ирсэн ч үр дүнд хүрсэн нь цөөн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэл байвч нэг талаас бэл бэнчин хүрэхгүй, нөгөө талаас импортын хямд хэрнээ нүд хуурчих бараануудад хууртан сонголтоо өөрчилсөөр байгаа хандлага энэ жил ч гэсэн давтагдаж, харийн улсыг тэжээсээр байх гэж үү? Үнэхээр нийгэмд нэгэнтээ тогтсон гар цайлгах ёсыг дагаж, бэлэг өгөхдөө заавал бараа бүтээгдэхүүн сонгох албагүй гэдгийг энд онцлох байна.
А.Одонтуяа, 26 настай: Манай аав, ээж хоёр 50 гаруй насны хүмүүс учир дүү нар гээд олон хүмүүс ирдэг. Тиймээс цагаан сарыг өргөн тэмдэглэгдэг. Бэлэгний тухайд хүмүүс бэлэггүй цагаан сар ч гэж яриад байх шиг байна лээ. Гэхдээ нэгэнт л орж ирсэн хүмүүст бэлэг өгч гаргаад сурчихсан болохоор тэрийгээ л дагана даа.
Б.Гүнсэлмаа, 51 настай: Ах, дүү нар, хүүхдүүдийн ажлынхан гээд л нэлээдгүй олон хүн ирдэг болохоор өнгөтэй, өөдтэй сайхан тэмдэглэчих юмсан гээд хэрэндээ л хичээж явна. Юмны үнэ ч бас нэлээн өссөн ажиглагдаж байна. Бэлэгний тухайд нэгэнт л өгөөд сурчихсан болохоор шууд өгөхгүй байна гэдэг худлаа л даа. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж бодож байгаа. Гэхдээ сайн явж үзээгүй л байна. Өнгөрсөн жил дугтуйнд мөнгө хийгээд өгч байсан. Элдэв бараа гэхгүй амар юм билээ.
Н.Болормаа, 35 настай: Би гэр бүлээрээ аав, ээжтэйгээ амьдардаг юм. Аав, ээж минь 70 гарчихсан хүмүүс болохоор ах, дүү гээд маш олон хүн ирдэг. Тиймээс цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг шүү. Бусад идээ ундаа ч яахав, бэлэгний асуудал угаасаа их маргаантай. Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэтэй ноолуур л санаанд буудаг болохоор энэ талаар нэг их судлаад явж үзээгүй байна. Олон хүн ирдэг болохоор үнэтэй бэлэг гэдэг хэцүү шүү дээ.
~ Төгрөгийн үнэ цэнийг нэмэхийн төлөө зүтгэе! ~
Нэг ширхэг талх, нэг кг төмс, нэг кг гурил... Бүх зүйл мянга мянгаар үнэлэгдэнэ. Үүн дээр нэмэгдэх өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс бараг л байхгүй гэхэд хүрсэн энэ цагт 1000 төгрөг хэтэрхий үнэгүйдсэн байж мэдэх. Зарим нэгний хувьд задгай мөнгө мэтээр ойлгогдох болсон ч чадал чансаагаа алдаагүй яваа энэ мөнгийг дуслыг хураавал далай болгох боломж бидэнд бий. Өөрөөр хэлбэл, төгрөгийнхөө үнэ цэнийг өндөрт өргөж, Сар шинийн баяраар ямар нэгэн эд бараанаас татгалзаж, дугтуйнд мөнгө хийн бэлэглэе! Их, бага байх нь таны мэдэх хэрэг. Мөнгө хэзээ ч үнэ цэнэтэй байдаг учраас жинхэнэ өгсөндөө өлзий буянтай, авсандаа өгөөжтэй бэлэг болж чадна.
Зүгээр мөнгө өгч байхаар хүнд хэрэгцээтэй эд бараа байх нь дээр гэж зарим хүмүүс үзэх нь бий. Үнэхээр хэрэгцээтэй барааг нь өгч чадаж байвал өөр хэрэг. Харин хэрэглээ чанар муутай хямд төсөр бараанд их хэмжээний мөнгө зарж байхаар хэрэгцээтэй зүйлдээ зараг хэмээн бэлгэдэж, мөнгө бэлэглэчих нь шулуухан. Мөнгө хараад баярладаггүй хүнийг харж байсан уу, өмнө нь? Их, бага нь хамаагүй тухайн хүн бэлгэнд мөнгө орж ирвэл өөрт хэрэгцээ шаардлагатай зүйлдээ зарах нь ойлгомжтой. Олны дэргэд ил мөнгө өгөх нь эвгүй санагдаж байвал “Сар шинийн баяр”-т тусгайлан зориулсан зурагтай мөнгөний дугтуй худалдаанд гардгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Нэр нүүрээ бодож, хүнээс дор бэлэг өгчих вий дээ хэмээн нэрэлхүү монголчууд бид үргэлж бодож, бэл бэнчин хүрэхгүй ч бэлгэнд их мөнгө зарах нь олонтаа. Хэрвээ тийм бол өгөх дэвсгэртийнхээ зэрэг зиндааг нэмж болох сонголт та бүхэнд бий.Хүнд ганц юм өгч гаргадаггүй гэдэг монгол ёсоо дагаж, дугтуйндаа мянгатын дэвсгэртүүдээс боломжоороо хийчихэд л хангалттай. Энэ жил хүний нүүр таглах бэлгэнд юу өгнө дөө гэж шаналж суулгүйгээр уг сонголтыг хийснээр төгрөгийн үнэ цэнээ өргөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.
~ Баярын дараах хямралаас өөрсдийгөө хамгаалж, дархлаагаа ингэж тогтооё ~
Мөнгө дугтуйлан гар цайлгах нь өгсөн, авсандаа өлзийтэй байхаас гадна мөнгөний үнэ цэнэ нийгэмд өсөн эргэлт бий болж, улмаар цагаан сарын дараах мөнгөний хомсдлоос өөрсдийгөө аварч чадна. Бидний ихэнх нь хэтэвч дэх хамаг байдгаа цагаан сард зориулчихаад баярын дараа бүсээ чангалах зүйлшгүй шаардлагатай нүүр тулдаг. Цагаан сарын дараа улс даяараа хямардаг, мөнгөтэй хүн ховорддог гэх нь эндээс л гарсан яриа. Үнэндээ баярын дараа хэн мөнгөтэй байдаг вэ гэхээр хөгшин буурай аав, ээжүүд л байдаг нь хүмүүсийн золгосон мөнгө хуримтлагдаж, багагүй хуримтлал бий болдогтой холбоотой. Яг л үүн шиг хэрэгцээтэй үед мөнгө бэлэглэх нь хомсдолд орсон энэ үед хамгийн том бэлэг.Хэрвээ импортын эд бараанд монголчуудаараа их хэмжээний мөнгө зарж, мөнгөний урсгалаа гадагш нь урсгахгүйгээр мөнгө дугтуйлан бэлэглэвэл баярын дараах хомсдолд орохгүй, бүгд сэтгэл тэнүүн үлдэж чадна.
Ингээд хэрхэн сонголтоо хийх нь таны гарт үлдлээ. Зовлогоо зовоож олсон хэдэн төгрөгөө импортын бараанд зарж, гадны улсыг хөгжүүлэх үү, эсвэл монгол мөнгөний үнэ цэнийг өндөрт өргөж, дугтуйлсан мөнгөөр гар цайлгах уу гэсэн хоёр замын голд бид зогсч байна...
Ямартаа ч өөр өөрийн сонгосон сонголтондоо сэтгэл тэнэгэр байж, ирж буй XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн “Сар шинийн баяр”-аа сайхан тэмдэглээрэй ! Та бүхэн сайхан шинэлээрэй.
