Монгол ахуй хэрэглэлийн тухай

Нүүдэлчин монголчууд бидний ахуй амьдралдаа эдэлж хэрэглэж ирсэн хэрэглэлүүд өөр хаана ч байхгүй өөрийн өвөрмөц онцлогтой. Өдрөөс өдөрт нийгэм даяаршиж байгаа энэ цаг үед чамаас эхлээд чиний найз нөхөд, үеийнхэн чинь монгол ахуй амьдралын талаар төдийлөн сайн мэдэхгүй байж болох. Зарим чинь хөдөө гадаа явж, жинхэнэ монгол ахуй ямар байдаг тухай ч дуулж явснаас нүдээр харж яваагүй болов уу. Монгол хүн болж төрсөн хэн бүхэн эртнээс уламжилж ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэж ирсэн хэрэглэлүүдийн талаар мэдэж байх ёстой. Тэгвэл энд зарим хэрэглэлүүдийг нэрлэлээ, тогтоогоод аваарай.
Амар мэндээ мэдэн, тамхилах гэж солилцдог эдийг хөөрөг гэнэ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Монголчууд хөөрөг хийхдээ чүнчигноров, гартаам, мана, хаш, шүр зэрэг үнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг өргөнөөр ашигладаг.
Хөөргөө авч явах, хадгалахад зориулан тусгай тохируулан урласан уутыг даалин гэнэ. Даалинг бөс даавуу, хоргой торго, савхи зэргээр хийж, түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин дээр голдуу өлзий хээ урладаг байна.
Гурав буюу дөрвөн хөлтэй, тотгондоо тулгуур гоёлын дүрстэй, хөлийн тоогоор бүслүүртэй, гал түлж, тогоо тавих зориулалттай төмөр хийцийг тулга гэдэг. Гэрийн гол хэсэгт байрлуулдаг учраас гал голомт гэх нь ч бий. Малын отор хийх, аян жинд явахдаа эвхдэг гурван хөлтэй тулгыг хэрэглэдэг.
Өглөө бүр хангай дэлхий, тэнгэр эрхэсдээ цай сүүнийхээ дээжийг өргөдөг модон хийцийг цацал гэнэ. Цацлын иш, бариулд бэлгэдэл ёсыг сийлбэрлэн буулгадаг. Цацал нь 9, 13, 81 нүдтэй байдаг ч есөн нүдтэй цацлаар ихэвчлэн есөн удаа сүү өргөнө.
Айргийг исгэж хадгалах зориулалттай, багтаамж ихтэй уутан савыг хөхүүр гэдэг. Дэлгэж хатаасан ширийг уринд идүүлэн, үсийг нь утаж боловсруулна. Боловсруулсан ширээ давхарлан эсгэж, хөрсийг нь дотогш харуулан, хүрээ амсрыг цавуудан үдээрээр үднэ. Хөхүүртээ саамаа хийн сайтар бүлэхэд айраг сайн исэх ба хадгалахад муудахгүй.
Аргал, хомоол түүж хийхэд зориулагдсан нойтон бургасыг матаж хийсэн савыг араг гэнэ. Үүрч явахад тохиромжтой, нүүх үед тэмээн хөсөгт нялх хүүхэд суулган тээх, овор багатай ачаа тээшийг хийж морь малд ачих зэргээр монголчууд аргийг өргөнөөр ашиглаж иржээ.
Аргал, хомоолыг арганд хийх хутгуур модыг савар гэдэг. Савар нь бариул тавагнаас бүрдэх бөгөөд нойтон бургасыг матаж хийнэ.
