Хүүхэддээ үнэгэн лоовууз урлаж өгье!
Сар шинийн баяр болоход хуруу дарам цөөхөн хоног үлдээд буй энэ цаг дор хүн бүр үндэсний дээл хувцсаа зэхэж байгаа биз ээ. Жил ирэх тусам хөгшин, залуу гэлтгүй бүгд үндэсний хувцсаараа гоёх болсон энэ үед бяцхан үрдээ өөрийн гараар үнэгэн лоовууз малгай хэрхэн хийх зааврыг хүргэж байна. Тоодгор хөөрхөн дээлэн дээр нь үнэгэн, хурган лоовууз малгай мэдээж сайхан зохицно. Ер нь, гаднаас худалдаж авснаас ээж нь өөрийн гараар үрдээ урлаж өгсөн эд зүйл хамгийн үнэ цэнэтэй төдийгүй ээжийн минь оёсон лоовууз малгай хэмээн үр тань насан туршдаа нандигнан хайрлах болно.
Дотор, гадна хоёр өнгийн торго
Хоёр төрлийн эмжээр
Бүч хийх даавуу
Хурганы арьсаа өргөнөөр нь 20 см, уртааш нь 27 см хэмжээд хайчилж бэлтгэнэ.
Өргөөшөө 20 см хуваасан арьсаа 10, 10 см-аар уртааш нь хуваана. Хуваасан арьсаа өргөнөөр нь нийлүүлэн оёно.
Зурагт харагдаж буй шиг бүч хийх материалаа хайчилж, оёж бэлтгэнэ.
Гадна талын буюу өнгөн хэсгийн торгоо нэг нугалчихсан байхад уртааш нь 29 см, өргөөш нь 27 см байхаар тооцоолж, зурагт харагдаж буй шиг буюу нэг өнцөг нь дугуйрсан хэлбэртэйгээр хайчилна. Дотор торгоо мөн нэг нугалж, уртааш нь 21 см, өргөөш нь 27 см байхаар тооцоолж хайчилна.
Эсгэсэн дотор талын торгоо зурагт харагдаж буй шиг хурганы арьстайгаа нийлүүлэн оёно.
Гадна талын торгоо зурагт харагдаж буй шиг буюу дугуйрсан талын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл хоёр амыг нийлүүлэн оёно. Ингээд гадна талын торгоны их бие гарах бөгөөд доод ирмэгтээ эмжээрээ нөгөө тийш эргүүлэхгүйгээр нийлүүлэн оёно. Үүний дараа хоёрдахь эмжээрээ нөгөө тийш нарийхан эргүүлэн оёно. Хурганы арьсаа нийлүүлэх талдаа бүчээ бэхлэн оёх бөгөөд оёхдоо нарийн эмжээрний дотор талд бэхлэх ёстой.
Хурганы арьсаа гадна торготойгоо зурагт харагдаж буй шиг нийлүүлэн оёно.
Малгайны их бие гарах ёстой бөгөөд дотор талын торгоны орой хэсгийн амыг нийлүүлэн оёно. Ингээд малгайны дотор тал бэлэн болно.
Дотор хэсгээ малгайн дотогш хийгээд хурганы арьсаа гадагшаа эргүүлэн, гадна талдаа цэвэрхэн бэхлэн оёно. Ингээд бяцхан үрийн тань лоовууз малгай бэлэн боллоо.
