ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл санааны дарамт
Таны бодож байгаагаас ч ноцтой асуудал. Хүмүүс гэр бүлийн дарамт хүчирхийллийн тухай төсөөлөхдөө гол төлөв зодуулсан эмэгтэйн дүр зургийг хардаг. Гэвч дарамтлал болгон бие махбодийн хүчирхийллийг агуулдаггүй. Таны биед гэмтэл хугарал, хөхөрч няцарсан шарх үүсээгүй л бол дарамт, хүчирхийлэлд өртөөгүй гэж үзэж болохгүй. Олон хүн сэтгэл санааны дарамтад өртөж бие махбодийн хүчирхийллээс дутахааргүй шаналан зовдог. Харамсалтай нь сэтгэл санааны дарамтыг амьдралд “байдаг л зүйл” гэж үзэх, зохих анхаарал хандуулахгүй байх хандлага энэ төрлийн дарамтанд байгаа хүмүүсийн хувьд ч давамгайлдаг.
Сэтгэл санааны дарамтын зорилго нь таны өөрийн үнэлэмжийг үгүй хийж, хараат бус байдлыг тань дарангуйлах, цаашилбал сэтгэл хөдлөл, мэдрэмж, санаа бодол, үг, үйлдлийг тань хянаж өөрийн эрхшээлд байлгах явдал юм. Сэтгэл санааны дарамт хүний сонсох, харах мэдрэхүйгээр нь дамжуулж байнгын тасралтгүй бөгөөд маш далд үйлдэгддэгээрээ ноцтой юм. Та сэтгэл санааны дарамтанд байдаг бол өөртөө итгэх итгэлээ алдаж, түүнгүйгээр юу ч хийж чадахгүй мэт мэдрэмж, бодолтой болсон байх магадлал өндөр байдаг. Үйлдэгдэх хэлбэр нь үг хэлээр дарамтлах, гутаан доромжлох, дорд үзэн басамжлах, заналхийлэх, хашгирч загнах, дуугаа өндөрсгөж зааж тушаах, харааж зүхэх, буруутгах, эмзэг зүйлээр нь доог тохуу хийж байнга ичээх зэрэг үйлдлээр илэрнэ. Мөн бусдаас тусгаарлах, айлгах, сүрдүүлэх, хянаж цагдах, үндэслэлгүй хардах ч сэтгэл санааны дарамтын илрэл юм. Түүнчлэн сэтгэл санаагаар дарамтлагчид ихэнхдээ өөрийнх нь хүссэнээр байгаагүй тохиолдолд бие махбодийн хүчирхийлэл үйлдэгчид байдаг. Бие махбодийн хүчирхийлэлд өртөгсөд гэмтэл бэртэл авч эмнэлэгт эмчлүүлж, шарх сорвитой үлддэгээс энэ төрлийн хүчирхийллийг хүмүүс сэтгэл санааны дарамтаас хавьгүй ноцтой, аюултай үр дагавартай гэж боддог. Гэвч сэтгэлийн шаналал, сэтгэлийн шарх бодитой бөгөөд гүн гүнзгий үлддэг. Үнэндээ сэтгэл санааны дарамтлал хор хөнөөл, аюултай үр дагавартай бөгөөд заримдаа маш хүнд даван туулахад туйлын ярвигтай байх нь бий. Түүнчлэн сэтгэлийг нь шархлуулан, хүсэл эрмэлзлэлийг мохоон, сайн сайхан мөрөөдөлгүй болгож, өөрийгөө хүндэтгэн үзэх үнэлэмжийг аажмаар үгүй хийж сэтгэлийн хямрал, гутралд хүргэдэг.
Бүх төрлийн дарамт хүчирхийлэл сэтгэл санааны дарамтыг давхар агуулж байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ сэтгэл санааны дарамтаар эхлэн даамжирсаар бие махбодийн хүчирхийлэлд хүрдэг ч энэ асуудлыг эр, эмийн хоорондох хэрүүл, маргааны түвшинд ойлгож, үл ойшоох нь элбэг байдаг.
