Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › М.Тэмүүжин: Нуруу, нугасны өвчлөл ихээхэн залуужиж байна

М.Тэмүүжин: Нуруу, нугасны өвчлөл ихээхэн залуужиж байна

Өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай мэргэжлийн эмч нараас эрүүл мэндийн анхан шатны болоод нарийн зөвлөмж, зөвлөгөөг дугаар бүртээ нийтлэн хүргэдэг “Эрүүл мэнд” буланг уншигчид маань хамгийн их шимтэн уншдаг билээ.  Гранд мед Мэдрэлийн мэс заслын эмч М.Тэмүүжинг урин нуруу, нугасны өвчлөлийн талаар зөвлөмж, ярилцлага бэлтгэснээ хүргэе.

TV ZONE: МОНГОЛД НУРУУ, НУГАСНЫ ӨВЧЛӨЛ ХЭР БАЙНА ВЭ? ТА БҮХНИЙ ХУВЬД ТОДОРХОЙ СУДАЛГААТАЙ АЖИЛЛАДАГ БОЛОВ УУ?

М.ТЭМҮҮЖИН: Нуруу, нугасны өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгааг статистик тоон үзүүлэлтээс харж болох юм. Энэ нь олон шалтгаантай. Нэг талаас хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, төвлөрөл, хотжилт ихсэж байгаатай холбоотой нурууны өвчлөл нэмэгдэж байгаа. Нөгөө талаас оношилгоо, эрт илрүүлэлт сайжирснаар хүн амын дундах өвчлөлийг тогтоож байгаатай холбоотой.

TV ZONE: ХОТЫН ТӨВЛӨРӨЛ ГЭХЭЭР ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛТАЙ ХОЛБООТОЙ БАЙНА УУ? ЭНЭ ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛ ҮҮСЭХ БУСАД ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ?

М.ТЭМҮҮЖИН: Тиймээ, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, гэмтэл, авто осол, барилгын ажил ихэссэнтэй холбоотой барилгаас унах, бэртэх, уул уурхайн ослууд зэрэг олон шалтгаан бий. Үүнийг бүлгээр нь авч үзвэл нурууны бүтцийн алдагдал (дегенератив), гэмтэл, хавдар, халдвар гэсэн үндсэн 4 төрөлд хувааж болно. Үүнээс гадна ясны сийрэгжилт нийт хүн амын дунд эрс нэмэгдсэнтэй холбоотой сийрэгжилтийн суурин дээр үүссэн нугалмын хугарал их тохиолдож байна. Мөн сүрьеэгийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотой нуруу нугалмын сүрьеэ их байна.

TV ZONE: НАСНЫ ХУВЬД?

М.ТЭМҮҮЖИН: Насны хувьд ихээхэн залуужиж байна. Багана нурууны бүтцүүд нас ахих тусам жам ёсны дагуу элэгдэлд орж, яс сийрэгжин ахимаг насныхан л нуруугаар өвдөж байна гэж зовуурь хэлж ирдэг байсан бол одоо 20 ч хүрээгүй залуусын нуруу өвдөх тохиолдол их болсон. Өвдөөд, чилээд гэж ирээд оношлуулахад энэ төрлийн өвчний хожуу шатандаа орчихсон тохиолдол ч цөөнгүй байна. Амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор, мөгөөрсөн жийргэвч, болон нурууны үе холбоосын эмгэгүүд ясны сийрэгжилт залуужих хандлагатай байна.

TV ZONE: ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЭМЧИД ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?

М.ТЭМҮҮЖИН: Багана нуруу гэдэгт хүзүүнээс ахар сүүл хүртэлх маш нарийн зохион байгуулалт, уялдаа холбоо бүхий олон бүтцүүдийг авч үзнэ. Тухайлбал багана нуруу нь нугас, мэдрэлийн тогтолцоо, гадна талаараа яс, диск, холбогч зөөлөн эд, булчинтай учир нуруу, нуруу нугасны өвчин том хүрээг хамардаг. Тиймээс анхны зовуурь нь нуруу, хүзүүгээр өвдөх, хөших, чилэх шинж тэмдэг нэг сараас дээш хугацаанд илэрч, өдрөөс өдөрт зовуурь нь улам нэмэгдээд байвал нуруунд тань ямар нэг эмгэг байх магадлалтай гэсэн үг. Мөн шалтгаангүйгээр халуурах, биеийн жингээ алдах, хөлөө дагаж өвдөх, хөл, гарын аль нэг нь мэдээ, мэдрэхүйгээ алдах, өтгөн, шингэний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин хүмүүс нурууны өвдөлтийг нэг их тоолгүй орхидог. Гэтэл нийт өвчлөлийн 20 хувь нь ноцтой шалтгаантай байх магадлалтай. Тиймээс тухайн 20 хувийн өвчлөлийг аль болох эрт илрүүлж, оношилж, эмчлэх, үлдсэн 80 хувийн шалтгаан нь юунаас болж буйг тогтоож, эмчлэхээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар, Гранд Мед эмнэлгийн эмч, баг хамт олон ажиллаж байна.

TV ZONE: ТООХГҮЙ ОРХИСНООС БОЛЖ МЭС ЗАСАЛ Ч ХИЙЛГЭХ ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ ГЭСЭН. ЕР НЬ ЭМЧИЛГЭЭ НЬ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ?

М.ТЭМҮҮЖИН: Хагалгааны хувьд тухайн өвчин, оношоос хамаарч мэс ажилбар хаана, хэрхэн хийх нь тодорхойлогдоно. Ер нь өнөөдөр дэлхийн анагаах ухаан эцсийн шатны түвшинд онош тавихын тулд эмчийн мэдлэг, ур чадвар, туршлагаас гадна нарийн тоног төхөөрөмжөөр оношлохыг баримталж байна. Гэтэл манайхан нуруу нь өвдсөн адилхан шинж тэмдэгтэй хэн нэгнийг дуурайн дур мэдэн эм уух, эмчилгээ хийлгэх тохиолдол бий. Энэ нь тухайн өвчнийг улам даамжруулах эрсдэлтэй. Хүн хүний биеийн байдал, физиологиос шалтгаалан өвчлөлийн илрэл өөр шүү дээ. Тиймээс нарийн мэргэжлийн эмч нарт хандаж, оношоо зөв оношлуулсны дараа эмчилгээ хийлгэх ёстойг мартаж болохгүй.

TV ZONE: НУРУУ, НУГАСНЫ ӨВЧЛӨЛ 100 ХУВЬ ЭДГЭДЭГ ҮҮ?

М.ТЭМҮҮЖИН: Өвчнөө эрт илрүүлж, зөв оношийн дагуу, тууштай, чанартай эмчилгээг хийлгэвэл эдгэх боломжтой.

TV ZONE: ГРАНД МЕД ЭМНЭЛГИЙН ХУВЬД НУРУУ, НУГАСНЫ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ?

М.ТЭМҮҮЖИН: Манай эмнэлэг III шатлалын эмнэлэг буюу бүх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлдэг. Тэр дундаа нуруу, нугас, үений мэс засал, мэс засалгүйгээр нурууны өвдөлтийг эмчлэх чиглэлээр нарийн мэргэшсэн эмнэлэг ба үүгээрээ илүү дагнаж үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж, мэс заслын хамгийн сүүлийн үеийн бүрэн вакум хагалгааны өрөөнүүд, өндөр мэдлэгтэй, нарийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн зөв бодлого, менежментийг хослуулан ажиллаж байна. Тиймдээ ч манай эмнэлгийг зорин ирсэн үйлчлүүлэгчид оношоо зөв тогтоолгон, чанартай эмчилгээ, үйлчилгээг авч, эрүүл саруул болдог нь бидний ажлын үр дүн юм. Үүнд ч олон түмэн маань ам сайтай байдаг нь бидэнд шинийг эрэлхийлэх, илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг.

Мэс заслын тухайд Монголдоо ганцхан манай эмнэлэгт хийгдэж буй бичил мэс засал байна. Энэ нь хагалгааг тухайн үйлчлүүлэгчид хамгийн бага, эрсдэлгүй болгохын сацуу эмчилгээний хамгийн өндөр үр дүн үзүүлэх давуу талтай. Хамгийн наад захын жишээ нь хүний бие дээр хийгдэх зүслэг энгийн хагалгаанд 10-15 см хийгддэг бол манайд хийгдэж буй бичил мэс заслаар ердөө 3 см-ийн зүслэгээр хийгддэг. Энэ нь тухайн үйлчлүүлэгч маш богино хугацаанд идэвхтэй амьдралдаа эргэж орох боломжийг бий болгодог. Түүнчлэн манай эмнэлгийн бас нэгэн онцлог нь, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдээ дэлхийн жишигт хүрсэн хамгийн эрсдэлгүй эмчилгээг сонгон хийдэг. Энэ нь өөрөө олон улсын анагаах ухааны хамгийн том зарчим. Үүнийг бид үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.

TV ZONE: НУРУУ, НУГАСНЫ ДАГНАСАН ЭМНЭЛГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН ЖИЛИЙГ ЭНЭ ТӨРЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АЯН БОЛГОН ӨРНҮҮЛСНИЙГ ТАНЬ САНАЖ БАЙНА. ЭНЭ АЖЛЫН ҮР ДҮН ЯМАР БАЙВ?

М.ТЭМҮҮЖИН: Гранд Мед эмнэлэг нийслэл хотдоо байрласан эмнэлэг. Тиймдээ ч хотын иргэдэд нээлттэй, хүртээмжтэй. Харин тэр бүр хотыг зориод байх боломжгүй орон нутгийн иргэддээ хүрч үйлчлэх зорилгоор өнгөрсөн 2015 оныг “Нуруу, нугас, үеээ хайрлая аян” болгон зохион байгуулж, Хөвсгөлийн Хатгал сумаас Улаанбаатар хүртэлх аймаг, сумын иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийлээ. 1000 гаруй хүнийг хамруулсан уг аяны үр дүнд хөнгөн бэртэл, гэмтлээс эхлээд дэлгэрэнгүй шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс нь хотод ирээд, эрүүл болон нутаг буцсан.

TV ZONE: НУРУУ НУГАСНЫ ӨВЧНИЙ ОНОШ ТОГТООХ ЗУРАГ ДОТРОО ХЭД ХЭДЭН ЯНЗ БАЙДАГ. ҮНИЙН ХУВЬД Ч ХООРОНДОО НЭЛЭЭН ЗӨРҮҮТЭЙ ТЭДГЭЭР ЗУРГУУДЫН ЗОРИЛГО НЬ ӨӨР ӨӨР БАЙХ. ҮҮНИЙ ЯЛГААГ НЬ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨХГҮЙ ЮУ?

М.ТЭМҮҮЖИН: Манайхан мөнгийг нь дэмий зүйлд үрээд байна гэж яг энэ асуудалд эндүү ойлголттой байдаг. Дүрс оношилгооны багажийн шинжилгээний хувьд рентген зураг, компьютер томограф, MRI гэсэн хэдэн төрлийн зураг бий. Эдгээр нь өөр өөрийн гэсэн давуу тал, зорилготой. Рентген нь ясны бүтцийг урд болон хажуу талаас нь сайн харуулах, 2 хэмжээст зураг. Компьютер томограф нь рентгенээсээ илүү нарийвчлалтай, боловсруулалт хийгдсэн, олон зүслэгт, 3D-гээр яс, зөөлөн эдийг харуулсан шинжилгээ. Харин MRI нь нугас, мэдрэлийн ёзоор, зөөлөн эд, нугалам хоорондын мөгөөрсөн эдийг нарийвчлан харуулдаг. Тиймээс зорилт, үзүүлэлт нь өөр өөр эдгээр зураг цогцоороо байсны үндсэн дээр тухайн өвчтөний оношийг зөв тодорхойлох боломж бий болдог. Олон улсын жишигт ч үүнийг баримталдаг. Дан рентген, эсвэл томографаар онош тавина гэдэг өрөөсгөл байх талтай. Тиймээс оношийг нь эцсийн байдлаар 100 хувь зөв тогтоохын тулд эдгээр шинжилгээний аргуудыг ашигладаг.

TV ZONE: ӨӨРИЙН БИЕИЙН ТУЛГУУР ЭРХТНЭЭ ХАЙРЛАЖ, ХАМГААЛАХЫН ТУЛД УНШИГЧДАД МААНЬ ЮУГ ЗӨВЛӨХ ВЭ?

М.ТЭМҮҮЖИН: Хүн өдөрт доод тал нь 2 цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Идэвхтэй байна гэдэг заавал гүйж, дасгал хөдөлгөөн хийхийг хэлэхгүй. Жишээ нь та ажил, гэртээ  орохдоо цахилгаан шат хэрэглэлгүйгээр л алхчих. Ширээний ард хөдөлгөөнгүй 5-6 цаг суух хэрэггүй. 2-3 цаг суугаад, дунд нь ядаж 20-30 минут босч, хөнгөн дасгал хийж, алхах хэрэгтэй. Мөн хооллолт маш чухал. Хэт илчлэг ихтэй хоол таргалуулах сөрөг нөлөөтэйг бид бүгд мэднэ. Биеийн жингийн илүүдэл нь нуруунд өгөх ачааллыг ихэсгэж, өвчлүүлэх бас нэгэн хүчин зүйл болдог. Түүнчлэн тамхи татах зуршил. Тамхи нь сонгомлоор нурууны дискний тэжээлийг алдагдуулж, улмаар бүтцээ алдан эмгэгт өртөн, үйл ажиллагааны алдагдалд оруулах сөрөг нөлөөтэй. Хөдөлгөөн гэхээр нөгөө талаар хэт их ачаалалтай байж болохгүй. Хүнд зүйл өргөхдөө болгоомжтой хандах, өргөсөн ч зөв техникээр өргөх нь чухал.

TV ZONE: ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН ТУХАЙ АСУУМААР БАЙНА. МАГАДГҮЙ НУРУУНЫ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛЭХ ГЭЭД ХҮНД ТӨМӨР ӨРГӨХ НЬ ХЭР ЗӨВ ЗҮЙЛ ВЭ?

М.ТЭМҮҮЖИН: Залуучууд фитнесс төвийг зорих болсон нь маш зөв. Гэхдээ фитнессийн дасгалжуулалтад дутагдалтай тал бий. Ямар зорилготойгоор, ямар дасгал сургуулилтыг ямар цаг хугацаа, давтамж, техникээр хийх вэ гэдгийг хүмүүст ойлгуулж өгдөггүй. Үүнээс болж хүмүүс төмөр өргөхдөө хүнд жингээр өргөөд л байвал гоё болчих юм шиг ойлгодог. Гэтэл энэ нь нуруу, нугас, үенд маш их ачаалал өгч эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс хэрэв та фитнесст явдаг, явахаар төлөвлөж буй бол өөрийнхөө зорилгыг тодорхойлоод, түүндээ тохирсон зөв дасгал, зөв техникийг ашиглаарай гэж зөвлөе.

TV ZONE: БАЯРЛАЛАА. ЭРҮҮЛ ЭНХИЙН МАНААНД ЗҮТГЭХ ҮЙЛСТ ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!

Ярилцсан: Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ