Монгол аавууд бүгд гарын дүйтэй монгол менежер

TV ZONE сэтгүүл энэ удаад Монгол айл бүрийн хоймрыг чимэх арслантай авдрыг энэ цаг үедээ бэлгэдэл ёсыг нь эвдэлгүй өөрчилж, дахин шинэчилж “Аавын авдар” брэндээрээ танигдаад буй Л.Баярцэнгэлтэй ярилцлаа.
TV ZONE : МОНГОЛ АХУЙ СОЁЛТОЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ НЭГ ЗҮЙЛ БОЛ МОНГОЛ АЙЛ БҮРИЙН ХОЙМОРТОХ АВДАР ХЭМЭЭХ ОРЧИН ЦАГИЙН СЕЙФ ЮМ. АЛИВАА ЗҮЙЛИЙН АНХДАГЧ САНАА ЧУХАЛ БАЙДАГ. ТАНЫ ХУВЬД АВДРЫГ ЖИЖИГСГЭН ХЭРЭГЛЭЭНД ДАХИН НЭВТРҮҮЛЭХ САНААГАА ХЭРХЭН ОЛЖ АВАВ?
Би дүрслэх урлаг, технологийн багш мэргэжилтэй ч энэ чиглэлээрээ ажиллаж байгаагүй. Санхүүгийн чиглэлээр ажилладаг. Хоёр жилийн өмнөөс энэ санаагаа олсон. Юм хийе гэсэн эрэл хайгуул байсан ч яг юу хийхээ мэдэхгүй явсан. Сүүлд өвөө, эмээгийн маань хэрэглэж байсан хос авдар аав, ээжид уламжлагдаж, айлын отгон хүү болохоор надад бэлэглэсэн юм. Үе дамжин ирсэн авдраа гэртээ тавих гэхээр зай талбай хангалтгүй болохоор гэртээ авчирч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс улбаалж орчин үед авдар ер нь жижиг байвал ямар ч байр сав, гадаад дотоод явахдаа, хаашаа ч авч явахад хялбар болохоор тэр авдраа жижигрүүлээд хийчихье гэж бодсон. Уламжлагдаж ирсэн авдрын маань хээ угалзнууд цөөхөн, арай орчин үеийн байсан учир өөр бусад авдруудыг судалж байгаад анхны авдруудаа хийж эхэлсэн. Л.Баярцэнгэл:
TV ZONE : НЭГ ТҮҮХ САНААНД БУУЖ БАЙНА. НЭГЭН ӨНӨР ГЭР БҮЛ ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ НҮҮЖ ИРЭХДЭЭ АЧАА ТЭЭШ НЬ ИХДЭЭД АВДРАА ОРХИЧИХОЖ Л ДЭЭ. АМЬДРАЛД ЮУ ЭС ТОХИОЛДОЖ НЭГЭН МЭРГЭН ХҮНД ҮЗҮҮЛТЭЛ ЭД АГУУРСНЫХАА АЛТАН САВ АВДРАА ОРХИДОГ ИХ БУРУУДСАН БАЙНА ГЭСЭН ГЭДЭГ. АВДАР ГЭДЭГ БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ АХУЙ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ ЮМ БОЛОВ УУ?

Тэгэлгүй яах вэ. Бидний ихэнх нь хүүхэд насандаа өсч төрсөн гэртээ авдартай байсан. Авдраа уудлахад нь чихэр горьддог л байсан шүү дээ. Бүх л үнэ цэнэтэй зүйлсээ авдрандаа хадгалж ирсэн ард түмэн. Аав, ээжээс уламжилж ирсэн авдар, саваа нандигнан, дээдлэх нь зүйтэй гэж боддог.Л.Баярцэнгэл:
TV ZONE : МИНИЙ БАГАД НАГАЦ АХ, ЭГЧ МААНЬ ЭМЭЭГИЙН АВДРЫН АРЫН ПАНЕРЫГ ТЭРҮҮХЭН ТЭНД НЬ ХӨНДИЙЛӨӨД, АМТТАНААС “ХУЛГАЙЛДАГ” БАЙСНЫГ САНАЖ БАЙНА. ТА ТЭГДЭГ БАЙВ УУ?
Би Төв аймгийн төвд өссөн л дөө. Авдраас чихэр хулгайлж үзээгүй ээ /инээв/. Дээр хэлсэн юм хийх гээд л, юу хийхээ мэдэхгүй явахдаа санаануудаа зураад л яваад байсан юм. Тэгээд нэг удаа цаасан дээр хээ угалзаа буулгаад, нугалж, наагаад цаасан авдар хийтэл их хөөрхөн болсон. Тэр цаасан авдраа хоймортоо залчихсан байгаа. Үүнээсээ улбаалж загвараа гаргаад л яваад байсан, тэгээд тохиолдлоор шахуу хүмүүст танил болж, захиалга авч хийгээд эхэлчихсэн. Өнгөрсөн оны 9-р сарын 9-нд манай хамаатны залуу хийсэн авдрын маань зургийг твиттерт тавьчихсан. Хүмүүс хаана, хэн хийв гээд л сураглаад эхэлсэн. Харахад жижиг боловч яг л том авдар хийх дайны ажилбар ордог. Материалын хувьд мэдээж харьцангуй бага. Хийцийн хувьд хээ угалз, тавилт, цоожоо зэвэрдэггүй төмрөөр гараар хийдэг, нэг ч хадаас ашиглахгүй углуургадах аргаар хийх гээд гар ажилбарын хувьд яг адилхан бүтдэг.Л.Баярцэнгэл:
TV ZONE : АРЬСААР БҮРСЭН АВДАР ГЭДЭГ Ч ЮМ УУ АВДАР ХИЙДЭГ НЭЛЭЭД ОЛОН ХҮН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ААВЫН АВДАР ХҮМҮҮСТ МАШ САЙН ХҮРЧ БАЙГААГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ?

Тиймээ, авдар хийдэг нэлээд олон хүн байдаг юм билээ. Хамгийн гол нь хийцэндээ л байгаа болов уу. Хэн ч хийж болно л доо. Энэ бол монголчууд бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн хийц. Ерөнхийдөө хээ нь дан болон давхар алхан хээ, Монголын хамгийн анхны хээ гэгддэг эвэр угалз хээ, арслан зэрэг дээр үеэс хийж ирсэн өнгө төрх тэр чигтээ хадгалагдсан. Ажилбарын хувьд илүү ажиллагаатай, хэцүүг нь сонгож хийдэг. Миний урлаж байгаа авдрыг ард түмэнд хүргэхэд олон хүний тус дэм орсон. Ээж аав, ах дүүс, найз нөхөд бүгд л сэтгэлээрээ дэмжицгээж, урам хайрлаж, зөвлөгөө өгдөг нь надад их дэм болдог.Л.Баярцэнгэл:
TV ZONE : ХҮҮХДИЙН ТОГЛООМ ШИГ Ч ЮМ УУ ГЭЖ АНХ ХАРЖ БАЙСНАА НУУХ ЮУН. ТАНЫ ХУВЬД ӨВ УЛАМЖЛАН ДАМЖИХ БЭЛГЭДЛИЙГ НЬ БОДСОН ГЭЛЭЭ ШҮҮ ДЭЭ. ХУДАЛДАН АВАГЧИД НЬ ХЭН БАЙНА ВЭ?
Эхлээд авсан хүмүүсийг харахад ерөнхийдөө урлаг ойлгодог, урлагийн чиглэлийн хүмүүс байсан. 7-10 хоногийн дараа Герман, Англид манай авдар оччихсон байсан. Нутгаа санаж байгаа хүмүүс том авдраа аваад явах боломжгүй. Монгол ахуйгаа бүрдүүлж, гэрийнхээ нэг хэсгийг тохижуулсан цуглуулагч нар ч байгаа. Гэрээсээ хол, нутгаа санаж байгаа хүмүүст сэтгэлдээ ахуй соёлоосоо холдохгүй байх боломж болж байгаад баяртай байна. Залуус үүнийгээ сэргээгээд өвлөөд явахад ядаж сэтгэхүйд нь тусаад хойморт нь байж байх нь зүйтэй болов уу. Ээжүүд, эмэгтэйчүүд түлхүү авч байна. “Аавын авдар” анх худалдаанд гарах үед анхны худалдан авагч нь МУСГЗ С.Цогтбаяр байсан. Цогоо ах ихэд олзуурхаж өөрийн нүүр хуудсаар сурталчилж өгсөн. Энэ үеэс түүнтэй уран бүтээлээрээ холбогдон заавар зөвлөмж авдаг болсон нь миний хувьд азтай. Тийм учраас энэ эрхэм хүнийг дотроо багшаа гэж хүндэлж явах болсоон.Л.Баярцэнгэл:
TV ZONE : ГЭРИЙН ДОТОРХЫГ ЭМЭГТЭЙЧҮҮД Л ЭМХЛҮҮЛДЭГ ШҮҮ ДЭЭ. ЯАГААД ЭЭЖИЙН БИШ ААВЫН АВДАР ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ БЭ?

Тохиолдлоор хүндэлж явдаг хүн маань энэ нэрийг өгсөн. Аав маань санхүүгийн чиглэлийн хүн хэдий ч гэсэн гарын уртай, сандал ширээ гээд гэрийнхээ эд зүйлсийг өөрөө урлачихдаг байсан. Би ч бас багаасаа аавыгаа дуурайж юм хийх гэж оролддог байсан. Манай аав амьдралдаа нэг л удаа авдар хийсэн гэсэн. Насны хувьд яг одоогийн над шиг л байсан байгаа юм. Их сонирхолтой тохиолдол. Дээр үед цех гэж байгаагүй. Гарын дүйтэй дархан ухаантай аав юм уу, өвөө л урлаж хийдэг байгаа шүү дээ. Тэрийг нь ээжүүд, эхнэрүүд сайхан нандигнан хайрлаж хамгаалж үнэ цэнэтэй юмнуудаа хийж, гэрийн хоймортоо залж, цэвэр цэмцгэр сайхан байлгадаг байсан. Монгол аав нар бүгд гарын дүйтэй Монгол инженер, гэрийнхээ бүхий л юмыг хийчихэж чаддаг.Л.Баярцэнгэл:
TV ZONE : ОРЧИН ҮЕД СЕЙФ, ШКАФААР ОРЛУУЛЖ БАЙСАН АВДРАА АРАЙ ӨӨР ШИНЭЛЭГ ХЭЛБЭРЭЭР ХОЙМОРТОО ЗАЛАХ, МОНГОЛ АХУЙТАЙГАА ОЙР БАЙХ БОЛОМЖ ОЛГОСОН ТАНЫ АЖИЛ ҮЙЛСТ АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ. ЯРИЛЦЛАГЫНХАА ТӨГСГӨЛИЙГ АСУУЛТГҮЙГЭЭР ТАНЫ ӨМНӨ НЭЭЛТТЭЙ ҮЛДЭЭЕ.
Баярлалаа, ярилцлагынхаа төгсгөлд TV ZONE сэтгүүлийн нийт уншигчиддаа удахгүй болох Монгол түмний уламжлалт цагаан сарын баярын мэнд хүргэе. Монголчууд бид өвөг дээдсээс уламжлан ирсэн агуу их түүх соёлтой ард түмэн. Энэ их өв соёл, урлагийн бүтээл бүхнийг нандигнан дээдэлж хойч үедээ үлдээх нь бидний үүрэг юм шүү.Л.Баярцэнгэл:
Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул
