Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

Миний жингээ барих нууц нимбэгтэй ус

Долоо хоног бүр үлгэр дууриал болсон олны танил эмэгтэйчүүдийн биеэ сайхан авч яваа гоо сайхных нь ертөнцийг уншигч охид, бүсгүйчүүддээ хуваалцахаар зорьдог. Тэгвэл энэ дугаарын зочноор УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөнийг урьж, гоо сайхандаа хэрхэн анхаарч, үүнийгээ хэрхэн усалж тордон, үргэлж сайхан харагддаг нууцаас нь дэлгэж байна. Хүүгээ төрүүлсний дараа хэрхэн жингээ хаясан, ажлын шаардлагаас болж хүнд будалт хийгддэг арьсаа хэрхэн арчилж, өөгүй цэвэрхэн хэвээр нь хамгаалдаг гээд түүний гоо сайхны ертөнцөөс суралцах зүйлс олон.

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

Яг энэ үеийг эмэгтэй хүн бүр даван туулдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь өмсдөг байсан хувцсандаа орохгүй байх мэдрэмж буюу төрсний дараах жингийн илүүдэл ихэнх эмэгтэйчүүдийг сэтгэл гутралд оруулдаг. Тэгвэл О.Дөлгөөний хувьд ч гэсэн энэ үеийг тойрч биш, дайрч гарчээ. “Өмнө нь өмсч байсан өмднүүд шилбэнээс дээш орохгүй, юбка, даашинзууд минь гуянаас дээш явахгүй байх мэдрэмж дахиад турахгүй, дахиад эдгээр хувцаснуудаа өмсөхгүй байх гэж бодоход хүргэдэг юм билээ” хэмээн ярьсан юм.“Өөрийгөө толинд хараад гутрах үе надад байсан...”

ЯАЖ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙГЭЭ ТЭМЦЭВ?

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

Жирэмсэн хүн хүүхдээ төрүүлэхдээ 10 гаруй кг нэмсэн бол хэвийнд тооцдог. Харин О.Дөлгөөн төрснийхөө дараа өөрийн жин дээрээ 23 кг нэмжээ. Ингээд төрснийхөө дараагаас илүүдэл жинтэйгээ тэмцэж эхлэхдээ биед хоргүй, ачаалал өгөхгүй арга буюу гурилан бүтээгдэхүүнээс бүр мөсөн татгалзсан байна. Далайн байцааны шөл хөхөнд сүү оруулдаг гэдгийг сонссон тэрээр хөхүүл үедээ тогтмол энэ төрлийн хоолыг иддэг байжээ. Мөн идэвхтэй хөдөлгөөнтэй байхын хажуугаар хүүгээ сайн хөхүүлж байсан гэнэ. Ингэж хоолондоо анхаарч, хүүгээ 7 сар хүрсний дараагаас орой хүнд хоол идэхгүй дэглэм барьжээ. Шууд төрсний дараагаас жингээ хаяж эхлээгүй ч хооллолт, хөдөлгөөндөө анхаарснаар аажимдаа турж, хэвийн жиндээ эргэн орсон байна.

САХАРГҮЙ АЛОЕ

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

Хөхүүл байх үеийн №1 сонголт. Шингэн юм сайн уувал хөхөнд сүү сайн ордог гэдэгчлэн О.Дөлгөөн энэ үедээ ямар ч сахаргүй цэвэр алое шүүсийг ууж байсан гэнэ. Учир нь, алое шүүс хөхөнд сүү сайн оруулдаг юм байна лээ гэдгийг өөрийн туршлагаасаа олж мэджээ.

“Нимбэгтэй усыг байнга ууж байгаарай”

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

Төрсний дараах илүүдэл жинтэйгээ тэмцэхэд нь нимбэгтэй ус багагүй үүргийг гүйцэтгэжээ. Учир нь, нимбэг нь олон төрлийн амин дэм, тэр дундаа С амин дэмээр илүү баялаг төдийгүй хамгийн сайхан мэдээ нь биеийн өөхийг хайлуулагч шидтэй. Тиймээс илүүдэл жинтэйгээ тэмцэж буй бүсгүйчиддээ цэвэр усныхаа оронд нимбэгтэй усыг тогтмол ууж байхыг зөвлөж байна.

ФИТНЕССИЙГ ХООЛТОЙГОО ХОСЛУУЛ

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

О.Дөлгөөн бол энэ цагийн Жульетта. Өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн “Ромео Жульетта” сонгодог жүжгийн Жульеттад шалгуулан тэнцэж, уг дүрийг бүтээхийн тулд дахин жин хаях шаардлагатай болжээ. Тиймээс спортоор тэр бүр хичээллэж байгаагүй О.Дөлгөөн фитнессийг сонгон хичээллэх болсон ч давхар хоолтойгоо хослуулахгүй бол үр дүн муу гэдгийг туршлагаасаа мэдэрчээ. Ингээд фитнессийг зөв хоолны дэглэмтэй хослуулж чадсанаар хүссэн үр дүндээ хүрч, Жульеттагийн хувцсанд нүүр бардам багтсан гэнэ.

ДАХИН НИМБЭГНИЙ АЧ ТУС

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

Нимбэгтэй ус ууж, ид шидийг нь мэдэрсэн тэрээр унтахынхаа өмнө цэвэр усанд хэрчим нимбэг хийн хөлдөөж, өглөө нь үүгээрээ нүүрээ арчдаг гэнэ. Түүний арьсыг олон эмэгтэйчүүд яг л хүүхдийнх шиг булбарай, бас гэрэлтсэн цэвэрхэн арьстай гэж магтдаг. Тэгвэл уг нимбэгтэй мөсний ач гавьяа их. Нимбэг нь царайг гэрэлтүүлж цайруулаад зогсохгүй мөс нь арьсыг чангаруулж, үрчлээг тэнийлгэнэ. Зарим эмэгтэйчүүд зөвхөн мөсөөр нүүрээ арчдаг бол усандаа нимбэг хийн хөлдөөчих нь арьсанд үзүүлэх үр нөлөөг ихэсгэж байгаа хэрэг юм.

ЦЭВЭРЛЭГЭЭ...

ГОО ТАНИЛ: Жүжигчин О.Дөлгөөн

О.Дөлгөөн хуурай, холимог арьстай. Арьсны онцлог, дээр нь ажлын шаардлагаас хүнд зузаан будалт хийлгэдэг нь түүнээс маш их арчилгааг шаарддаг. Хэрвээ арчилгаа суларчихвал амархан асуудал үүсчих гээд байдаг гэнэ. Тиймээс цэвэрлэгээ, бас дахин цэвэрлэгээг мөрдлөг болгодог тэрээр хөөсөн болон сүүн шингэн зэрэг гурав, дөрвөн төрлийн арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг аж. Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд түүний арьсанд илүү таарч тохирдог учраас сонгон хэрэглэдэг бөгөөд зун, өвлийн улиралд косметикоо сольж хэрэглэдэг байна.

ЗӨГИЙН БАЛ, БОР САХАРТАЙ ГУУЖУУЛАГЧ

Хуурай арьстай болохоор долоо хоногтоо нэг удаа арьсаа гуужуулчихад хангалттай байдаг гэнэ. Зөгийн бал, бор сахар хоёрыг холиод маш үр дүнтэй гуужуулагч болдог гэдгийг туршлагаасаа зөвлөж байна. Зөвхөн нүүрний арьс гэлтгүй биеийнхээ арьсыг ч гуужуулчихаж болдог гэдгийг онцоллоо.

19 цагаас хойш хүнд хоолноос татгалзах шалтгаан

Шалтгаан нь мэдээж жингээ барих. Эрч хүчээ алдахгүй, илүүдэл жин нэмэхгүй байхад нь оройн хөнгөн хооллолт тусалдаг гэнэ. Орой биш л бол өглөө, өдрийн цагаар хоолоо сойгоод байдаггүй, хүссэнээрээ иддэг аж. Энэ удаа өөрийн байнга хийж иддэг амархан хийгээд эрүүл хоолны жороосоо танилцууллаа.

ТАХИАНЫ ЦЭЭЖ МАХ

(Ямар ч давсгүй)

Холестрин багатайгаараа алдартай тахианы цээж махаа цэцэгт байцаа, саримс, базилик зэрэг ногоон навчит ургамлуудтай оливын тосонд хуураад л боллоо. Гэхдээ ямар ч давс, амтлагч хийхгүй. Амин дэмээр баялаг төдийгүй давсгүй учраас жингээ хасч буй хүмүүст хамгийн тохиромжтой.