Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлагсдаас сэрэмжлээрэй
Цагаан cap дөхөхөөр айл болгонд ажил ундардаг. Харин нийслэлчүүдийн хувьд хонины ууцаа чанах том асуудалтай тулгардаг. Ууцыг уламжлалт ёсоор бол тогоон дээр бүрхээр тавьж, битүү чанаж бэлтгэдэг. Энэ зовлонг мэдсэн юм шиг гэр хорооллын дундуур ууц хямдхан, чанартай чанана гэсэн хаягууд хадаастай. Цахим ертөнц хөгжсөн энэ үед зарын сайтуудаар ийм зар мэр сэр харагдана.
Албаны эх сурвалжийн мэдээлээр гэр хорооллын дунд ууц чанах нэрийдлээр хүмүүсийн цагаан сарын ууц, өвчүүг авч оддог овжин хулгайч нар өмнөх жилүүдэд байсан. Энэ жил ч мэр сэр ийм хэрэг гарсан тухай мэдээллээ.
Битүүний өдөр энд, тэндгүй гэр барьж суусан хүмүүс нэг нь гал түлж нөгөө нь мөнгө хурааж, хүмүүст хуурамч баримт өгнө. Ингээд л "Орой ирж ууцаа ав" гээд нэг цаг хэлээд явуулчихна. Орой ууцаа авахаар ирэхэд нь аль хэдийн гэрээ буулгаад нүүгээд явчихдаг аж. Ийм байдлаар улсын хэмжээнд өнгөрсөн 2013 онд 140, 2014 онд 98, 2015 онд 27 ууц ор сураггүй арга болжээ. Энэ хэргийг дийлэнх нь илрээгүй гэдэг.
Харин сүүлийн хоёр жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захирамж гаргаж 33 цэгт ууц чанаж эхэлсэн нь олзуурхууштай.
Тиймээс иргэд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлгүй, сар шинээ ууцтай, өвчүүтэй гаргахын тулд дор бүрнээ хянамгай байж, залилагчдаас хонины ууц, үхрийн өвчүүгээ хамгаалаарай.
