ЗӨВЛӨГӨӨ: Тэвчээрт хязгаар бий юу?
Энд эхнэр, нөхөр хоёрын тэвчээрийн тухай, тэр дундаа гэр бүлийн хоёрын аль нэг нь эдгэршгүй хүнд өвчинтэй нүүр тулбал хэрхэн тэвчиж даван туулах, эсвэл энэ нь салалтын шалтгаан мөн үү гэсэн асуудлыг хөндөн мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Өвчиндөө шаналж буй хань ижлээ халамжлан өдөр хоногийг үдэх магадгүй зарим нэгэнд нь тэвчээрийн хязгаарыг мэдрүүлнэ, харин зарим нь би л ханийгаа хөл дээр нь босгох ёстой хэмээн сэтгэл өөдрөг тэмцэх. Ямартаа ч энэ асуудал олон гэр бүлийн салалтын шалтгаан болсоор буй. Тэгвэл үүнд сэтгэл зүйчийн зөвлөгөө юу байх бол...
САЛАЛТ ШИЙДЭЛ БИШ!
Хань ижлээ хүнд өвчнөөр өвдөх үед хаяад явсан хүн дараагийн амьдралаа зохиосон ч сэтгэлдээ “Би буруутай” гэсэн мэдрэмжийг үргэлж тээж явдаг. Энэ асуудал нь илүү хүний мөс, мөн чанартай шууд холбоотой зүйл болохоор маш эмзэг юм. Хүний амьдрал гэдэг өөр өөр байдаг шүү дээ. Насан туршдаа жаргал зовлонгоо хамтдаа туулж энэ хорвоогийн жамаар нэг нь буцах үед хажуу дэргэд нь байсаар л байсан хүмүүс олон бий. Гэтэл он залуу гэр бүлийн хувьд амьдралын үнэ цэнэ нь бэхжээгүй байдал нь эрс нөлөөлөх талтай байдаг. Гэхдээ эцсийн дүндээ салалт бол шийдэл биш шүү дээ.
МУУ ТАЛААС НЬ БИШ, САЙХАН ТАЛААС НЬ БОД, ТӨСӨӨЛ
Юуны өмнө, хүн өөрийн сонгосон, хамтдаа босгосон амьдралдаа хариуцлагатай байх ёстой. Анх амьдралаа холбох үед хосууд яагаад хайрын амлалт өгдөг билээ. “Чамайгаа би өвчтэй зовлонтой, баян ядуу ямар ч үед үхэл биднийг салгах хүртэл хамтдаа байх болно” гэж аав ээж, ахан дүүсийнхээ өмнө тангарагладаг шүү дээ. Гэтэл “Би чамайг хүндээр өвдөх үед салаад явах болно” гэсэн хайрын амлалт хаана ч байдаггүй. Ер нь, бид амьдралаас маш олон гайхалтай хайрын жишээнүүдийг харж болно. Хань ижлээ хөл дээр нь босгохын тулд үхэлтэй тэмцэж, өөрийн чадах бүхнээ хийсэн, энэ бүхнийг даваад гарна гэсэн итгэлийг ханьдаа өгснөөр элэг бүтэн сайхан амьдарч байгаа хосуудыг та эргэн тойрноосоо харсан л байгаа. Энэ үед амьдралын үнэ цэнэ, утга учрыг хүн илүү их ойлгож мэдэрдэг болохоор хайр сэтгэл, хоорондын харилцаа тэр хэрээрээ бэхждэг юм.
ХҮНИЙ МӨС ЧАНАР ЭНД ХАРАГДАНА
Хүн энэ хорвоо дээр уйлж ирдэг бол харин буцахдаа уйлуулаад оддог. Ингэхдээ дөнгөж төрсөн нярай хүүхэд ээж аавын асаргаанд л хүн болон бойждог шүү. Тиймээс ямар ч хүүхэд хэний ч асрамж хайргүйгээр хүн болж чадахгүй. Энгийн юм шиг хэр нь, байх л ёстой зүйлийг, эгэл бусаар харж чадвал энд л хайрын холбоо уягдаж байдаг. Үүнтэй адил хүн энэ хорвоогоос буцахдаа ч гэсэн хань ижил үр хүүхдийнхээ хайр халамж асаргаа дунд байж байгаад энэ хорвоогоос буцна гэдэг нь үлдэж байгаа хүмүүстээ асар том буян болдог. Яагаад гэвэл, бас л энгийн юм шиг хэр нь хэрэв бид эгэл бусаар харж чадвал энэ дунд тайтгарал тайвшрал оршиж байдаг. Мэдээж энэ үгийг зөвөөр ойлгох хэрэгтэй юм шүү. Хань ижил нь өвчтэй байхад юун тайтгарал, тайвшрал яриад унав гэж бүү бодоорой. Учир нь, хань ижлээ асарна гэдэг нь магадгүй нөгөө хүн, эдгэршгүй өвчнөөр энэ хорвоогоос явах нь тодорхой нөхцөлд бидний анзаараагүй олон зүйлийг сэтгэл зүрхэнд, асаргаанд байх хугацаандаа үлдээсэн байдаг. Жишээ нь, хүний амьдралд маргалдаж муудалцах, үл ойлголцох зүйл бишгүй гардаг. Энэ бүх зүйл, энэ үед тайлагдсан байх жишээтэй. Илүү сэтгэлийн нарийн зүйлээ ярилцаж бие биенээсээ уучлал гуйсан байдаг. Дотоод сэтгэлийн гүн холбоосууд энд агуулагддаг.
Үүнээс гадна, хань ижлээ алдана гэдэг сайхан зүйл биш ч гэлээ амьдралын нэгэн жам юм. Үхэшгүй мөнхийн үүрдийн амьдрал гэж үгүй. Яг энэ харилцаан дунд л амьдралын үнэ цэнэ, хувь хүний мөн чанар чухал шүү дээ. Гэтэл өвчтэй, үхлүүт байх үед нь хаяад явна гэдэг хүний мөстэй шууд л холбогддог. Дараагийн амьдрал зохиогоод сайхан гэр бүл, үр хүүхэдтэй болсон ч гэлээ “Ханиа өвчтэй хүнд хэцүү үед нь хаяад явсан шүү дээ” гэсэн дотоод дуу хоолой сэтгэлийн мухарт заавал хашхирч байдаг.
АСУУДЛЫГ БОДИТООР ҮНЭЛ
Тодорхой хугацаанд өвчтэй байж байгаад эдгэрэх өвчин үү, эсвэл ингээд хөдөлмөрийн чадамжаа алдсан ч гэсэн цаашид амьдрах боломжтой юу, магадгүй амьдрах хугацаа богинохон үлдсэн үү? Ямартаа ч хүн өөрөө хийж чадахгүй хэр нь, хүлээн зөвшөөрөх ёстой зүйл энд гарч ирнэ. Тиймээс бидний амьдралд хүлээн зөвшөөрөх ёстой ямар асуудал байна, харин бидний зүгээс хийж чадах зүйл юу байна гэдгээ бүр тодорхой буулгаж авах хэрэгтэй. Жишээ нь, хэрэв хөдөлмөрийн чадвараа алдсан бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөд харин би бусдын адил амьдрахын тулд юуг шинээр сурах уу, би юуг бусдаас илүү хийж чадах вэ гэх мэт өөрийн хяналтандаа байлгаж чадах, хийж болох зүйлүүдийг олж амьдралыг өөдрөгөөр харах хэрэгтэй. Магадгүй амьдрах хугацаа богинохон үлдсэн гэдэг нь тодорхой бол үлдсэн цаг мөчийг яаж үнэ цэнэтэй өнгөрүүлж болох уу гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй. Тэгэхээр миний болон бидний, манай гэр бүлийн хийж чадах зүйл, хийж чадахгүй зүйл юу вэ гэдгээ бодитоор үнэлээрэй. Тэгээд чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, чадах зүйл дээрээ илүү анхаарвал сэтгэл арай хөнгөн гарах гарцтай, юу хийх вэ гэдэг нь тодорхой болно.
