ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Байгалийн гэрэл зурагчин Б.Баяр, гэргий Ц.Оюунбилэг

Сэтгэлээс ундарсан хайр бидний амьдралын багана

Сонсож байсан ч нүдээр үзээгүй Монголын маань гайхамшигт газрууд, харах бүрийд нүд баясаж, сэтгэл тэнийм эх орны минь онгон тансаг байгалийн дүр зургийг ямар ч нэмэлт хачиргүйгээр гэрэл зурагт буулгана гэдэг амаргүй. Ер нь, гэрэл зураг авна гэдэг мэргэжлийн аппарат бариад дүрсийг нь буулгахдаа биш, хүний сэтгэлийг хөдөлгөж чадах өгүүлэмжийг хэлдэг болов уу хэмээн би хувьдаа боддог юм. Байгалийн гэрэл зурагчин, энэ төрлөөр өргөн хүрээний мэдлэгтэй Б.Баярын гэрэл зургууд эл бодлыг минь бататгах шиг. Түүний авсан олон мянган гэрэл зургууд үзсэн харсан хэн бүхний сэтгэлийг байгальд эрхгүй татаж, олон ч жуулчдыг Монголын зүг хөтөлсөн байдаг. Тиймээс энэ удаагийн “Гэр бүлийн үнэ цэнэ” буландаа байгалийн гэрэл зурагчин Б.Баярын халуун ам бүлийг урьж, энэ сонирхолтой эрхмийг уншигчидтайгаа дотно танилцуулахыг хүслээ.

Гэрийн эзэн Б.Баяр хотын уугуул ч аавын нутаг Булган хангай нутгаар овоглодог гэнэ. Эдийн засагч мэргэжилтэй, хилийн чанадад мэргэжил эзэмшиж, Улсын төлөвлөгөөний комиссоос ажлын гараагаа эхэлжээ. 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед монголчууд бүгд л хөлөө олох гэж элдвийг оролдсон. Зориг шулуудан хувийн хэвшил рүү орж, эндээс чөлөөт зах зээлийн нийгмийн мөн чанартай анх танилцжээ. 1996 оноос Австрали улсад гэр бүлээрээ гурван жил хэртэй амьдрахдаа гэргий нь мастер хамгаалж, өөрөө “Говь” компани болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын төлөөлөгчөөр ажиллажээ. Үүнээс хойш мэргэжлээрээ ажилласан он жилүүд саяхныг хүртэл хөвөрнө.

Харин гэрэл зураг бол түүний сонирхол хобби. Ажлын хажуугаар төдийлөн цаг гаргаж чаддаггүй байсан ч 2007 оноос энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьжээ. Өвөө нь Монголын анхны гэрэл зурагчдын нэг М.Гомбожав хэмээх сэхээтэн. Түүнийг бага байхад гэрээр нь дүүрэн хар, цагаан хальс хөглөрч байдаг байсан ч өвөөгөө гэрэл зураг авдаг байсныг тэрээр хожмоо ахмад гэрэл зурагчдаас олж мэдсэн гэдэг.

Гэрийн эзэгтэй Ц.Оюунбилэг. Мөн л эдийн засагч мэргэжилтэй. Азербежан улсад тэд нэг ангид суралцаж байх ахуйдаа гэр бүлээ зохион, өдгөө ханилаад 36 жил болж буй.

Хүний амьдралын гол утга учир бол үр хүүхэд. Б.Баярынх гурван охин, нэг хүүтэй. Том охин Б.Ариунаа Японд, хүү Б.Амгалан Канадад гэр бүлийнхээ хамтаар амьдардаг бол бага охид Б.Цэрэннадмид, Б.Сүнжидмаа нар нь Канадад сурч буй. Өвөө эмээ хоёр зулайг нь үнэрлэх мөн дөрвөн хөөрхөн ач, зээтэй.

Хөргөгчин дээрх эдгээр наалтууд түүний очсон улс бүрийг илтгэнэ. Зөвхөн эх орноороо хязгаарлалгүй, дэлхийн 29 орноор аялж, улс бүрийнх нь гайхамшигтай газруудыг гэрэл зурагт буулгажээ. Очсон улс бүрээсээ дурсгал болгож, хөргөгчний наалт авсаар өнөөдөр цуглуулга болтлоо өргөжжээ.

2007 оноос хойш өнөөг хүртэл гэрэл зургаа авахаар сонирхол нэгт найз нөхөдтэйгөө ярилцаж байгаад л үүргэвчээ үүрээд хэдэн ч хоног хамаагүй хөдөө нутгийн зүг жолоо залдаг гэнэ. Бүх аймгуудаар хөндлөн туулж, байгалийн гайхалтай тогтоцтой газруудаар аялж, тэр бүхнээ гэрэл зурагт мөнхөлнө. Гэхдээ эх орныхоо хүрээгүй, очоогүй цэг газрууд түүнд цөөнгүй бий. Авсан онцлох гэрэл зургуудаа угаалган жаазлаад гэрээ чимжээ. Гэрт нь анх ороход “Яах аргагүй гэрэл зурагчны гэр мөн дөө” хэмээн уулга алдсан шүү.

Гэрэл зургийн чиглэлээр сургуульд нь сурч, номын дууг нь сонсоогүй ч өөрийнх нь эзэмшдэг энэ олон мэргэжлийн аппарат, дурангууд нь түүнийг мэргэжлийн гэрэл зурагчин болгодог. Гэхдээ гэрэл зургийн талаар мэргэжлийн хүмүүсээс туршлага судлахын хажуугаар өөрөө ном товхимол, интернэтээс бүхий л хэрэгцээтэй мэдээллээ олж уншиж, өөрийгөө энэ салбарт зэгсэн бэлджээ. Гэсэн хэдий ч одоо хэр нь өөрийгөө дутуу байна даа хэмээн голонгуй бодож, цаг үетэйгээ хөл нийлүүлэхээр энэ салбарыг судалсаар... Мэдээж мэргэжлийн аппарат хэрэгсэлтэй байхын зэрэгцээ мэдлэг, мэдрэмж, авьяас гэрэл зурагчин хүнд хамгийн чухал гэдгийг Б.Баяр хэлж байна.

“Гэрэл зураг гэдэг бол ерөөсөө л гэрэл, сүүдэр гэсэн үг. Гэрэл, сүүдэр хоёрын тоглолтоос хүнд илэрхийлэл өгч байгаа хэрэг юм. Байгалийн гэрэл зургийг зөвхөн өглөө, орой хоёр л авч байж гайхалтай дүр зураг харагддаг. Өглөө нар гарахаас өмнө 30 минут, нар гарснаас хойш 2 цаг, орой нар буухаас өмнөх 30 минут, буусны дараа 2 цаг. Энэ бол байгалийн гэрэл зургийн Алтан цаг юм.”

Бурхан Халдун уул болон говийн тэмээний гэрэл зураг хоёр түүний бүтээлийн хамгийн алдартай нь. Түүний хальсанд буулгасан Төрийн тахилгат Бурхан Халдуны зураг Бөхийн өргөөний хананд томоос том өлгөөстэй бий.

Эдийн засагч мэргэжилтэй хэдий ч загасчлах, гэрэл зураг авах хоёр сонирхлоо мэргэжил мэт сонирхон судалж, гүнзгий мэдлэгтэй болсон тэрээр арван жилийн сурагч байхдаа Залуу техникчдийн Ордны нисэх загварын дугуйланд суралцаж, улмаар Монголын шигшээ багийн тамирчин хүртэл явжээ. Багаасаа аливаа зүйлийг сонирхохдоо ул үндэстэй эхэлж судалдаг байсан нь түүний өнөөдрийн энэ амжилтад хүрэх үндэс суурь нь болсон биз ээ.

Анх аав нь Энэтхэгээс сувинер бүхий нэг заан авчирч байсан нь өдгөө ийн олон болжээ. Зүс бүрийн олон заан яах аргагүй гэрийнх нь нэгэн чимэг байв.
Гэрэл зургаараа оролцож байсан тэмцээнүүдээс олон шагнал авч байсны хамгийн том нь “Express Photo” хэмээх Монголын хамгийн том гэрэл зургийн уралдаанаас байгалийн гэрэл зургийн төрөлд Говийн тэмээтэй зургаараа 2012 онд авсан тэргүүн байрын шагнал юм. Япон улс, ОХУ-ын Эрхүү хотод дөрвөн удаа бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан бол түүний авсан гэрэл зургууд орсон үзэсгэлэнгүүд харин олон байдаг аж.
Далай багштай гурван удаа уулзаж, гэрэл зургаа бэлэглэж байсан нь ийн буужээ.
2013 онд шилдэг гэрэл зургуудаа багтаасан номоо гаргаж, жуулчдад хөдөө байгалийн сайхныг үзэх харж, мэдрэх сэдлийг нь улам өдөөж өгсөн гэдэг. Энэ оны эхээр мөн “Beauty of Mongolia” нэртэй гэрэл зургийн бэсрэг цомгоо гаргасан байна.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
: Хүн болж төрсний хамгийн том зорилго бол үр удмаа үлдээх гэдэгтэй санал нэгддэг. Мөн амьдрал унаж бүдрэх олон даваатай. Тэр болгон дээр хань ижил нь ойлгож, хажуугаас нь дэмжиж, түшиж тулж байж тэр бүхнийг даван туулж чаддаг гэдгийг бид амьдралынхаа туршлагаас олж харж байна. Харин нэгнээ ойлгохгүй, хэцүү үед нь түшиг болж чадахгүй байгаагаас одоо үеийн залуус амархан салж байгаа харагддаг. Зовоод ирэхээр хажууд нь хамгийн түрүүнд зогсдог хүн бол хань нь л байдаг. Сэтгэл санаагаар унавал хэн дэмжих үү хань нь л дэмжинэ, өвдөөд хэвтэж байхад хэн хөлийг нь хучиж, хоол цайг нь дөхүүлэх үү мөн хань ижил л энэ бүхнийг хийнэ. Ингээд хань минь хэмээн сэтгэл зүрхнээсээ биенээ хайрлаж, үр удмыг минь залгамжлуулж өгсөн болохоор ханьдаа хүндэтгэлтэй хандаж, ингэж хоёр биенээ ойлгож, хайрлан халамжилж, хүндэлж бүтсэн гэр бүл маш бат бөх байдаг. Мөн ингэж бүтсэн хайр хамгийн том үнэ цэнэ юм.Гэрийн эзэн Б.Баяр, гэргий Ц.Оюунбилэг
Бидний урилгыг хүлээн авч, гэр бүлийнхээ халуун дулаан орчинд элэгсгээр угтан авч, дурсамжтай сайхан яриа дэлгэсэн Б.Баярын халуун ам бүлд талархсанаа илэрхийлье. Мөн гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Ярилцсан: Б.Баяржаргал
Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш
