Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цаг нь болоогүй сэдэв

Цаг нь болоогүй сэдэв

УИХ-ын гишүүн асан З.Алтайгийн охин, 25 дугаар телевизийн өв залгамжлагч А.Энхзул буюу Зулаа нэгэн үе телевизийн гал тогоонд чанагдаж байх ахуйдаа багагүй шүүмжлэлд өртөж байсныг мэдэх нэгэн нь мэднэ. Залуучуудад зориулсан чөлөөт нэвтрүүлэг хийхийг зорьсон түүний хичээл зүтгэл тухайн үеийн нийгмийн “хоцрогдсон” сэтгэлгээний улмаас талаар болсон хэмээн Зулаа тайлбарладаг. Ямар сайндаа л “Камертон” хамтлагийн дуучин Мээдээгээс “Чи өнөөдөр баасан уу?” хэмээн хээв нэг асууж, олны эгдүүцлийг төрүүлээд авах вэ дээ. Тэгвэл телевизийг удирдан авч яваа Зулаа тухайн үедээ амжилт олоогүй залуучуудад зориулсан чөлөөт нэвтрүүлгээ ахин хийж, бас л олны дунд шуугиан тариад авсан.

Энэ цагийн залуусын дүр төрхийг харуулах зорилготой түүний санаачилсан реалити шоунд хамаа замбараагүй садар самуун үйл явдал ил тод гарсан нь ийнхүү үзэгчдийн эгдүүцлийг хүргэж, багагүй шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл үүнийгээ Зулаа дахиад л нийгмийн хоцрогдсон сэтгэлгээтэй холбон тайлбарлажээ. 15 жилийн өмнө монголчуудын сэтгэлгээ яг ийм байсан одоо ч гэсэн өөрчлөгдсөн зүйл огт алга хэмээн тайлбар хийжээ. Ямартаа ч чөлөөт реалити шоу хийх цаг нь манайд болоогүй юм байна гэдгийг ойлгож, нэвтрүүлгээ түр зогсоосон гэнэ лээ. Гэхдээ түүний зориг мохоогүй гэсэн.