Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Баяр дээр нэмэх нь баяр

Баяр дээр нэмэх нь баяр

Олны танил хүмүүс хайрлагдаж, хүндлэгдсэнийхээ төлөө үргэлж нийгмийн анхаарлын төвд байдаг. Тэдний хэлж ярих үгс, хийж бүтээх үйлдэл бүхэн олонд сонин. Тэгвэл энэ удаагийн “Гоё шар мэдээ”-гээр урлагийн зарим эрхмүүдийн төрсөн өдөр хэрхэн өөр нэгэн баярын өдөртэй давхцсаныг онцлон бэлтгэлээ. Баяр, бас дахин баяр...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3 дугаар сарын 8-нд төрсөн. Түүний төрсөн өдрийн гараг тохиолыг улс төржүүлдэг ч Төрийн тэргүүн жил бүрийн энэ өдрөөр ээжүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэдэг билээ.

Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 6 дугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн билээ. Тэрээр мөн л төрсөн өдрийн баяраараа олон арван хүүхдүүдийг баярлуулж, төрсөн өдрийн баяраа хуваалцдаг уламжлалтай.

Жагсаалтыг үргэлжлүүлж, “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан бичигдэх ёстой. Яагаад гэвэл, олонд инээд баясал бэлэглэдэг хошин урлагт хүчин зүтгэдэг уран бүтээлч өөрөө 4 дүгээр сарын нэгэн буюу “Инээдмийн баяр”-ын өдрөөр төрсөн юм. Ийм баярын давхцал ховорхон хувь тохиол шүү дээ.

Хоёрдугаар сарын 16. Энэ өдөр “Харанга” хамтлагийн гитарчин, дуучин Ц.Чулуунбат буюу Чука мэндэлсэн юм. Энэ өдөр ямар баяр болдог билээ гэж бүү гайхаарай. Тэрээр гитарчин Өөжгийтэй нэг өдөр төрсөн нь баярын давхцал болж байгаа юм. Рок попын нөлөө бүхий хоёр хүний төрсөн өдөр нэг өдөр тохиодог нь тэдний хувьд том баяр болдог биз ээ.

Уг нь “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн л дөө. Гэхдээ түүний хоёр хүү хоёулаа тавдугаар сарын 24-нд төрж, аав ээжийгээ хосгүй их баярлуулсан нь энэхүү жагсаалтад багтаж байгаа юм. Үүнийг нь найз нөхөд нь “Баярмагнай их харамч. Тиймээс л хоёр төрсөн өдөр тэмдэглэж байхаар гэж тооцоолоод хоёр хүүгээ нэг өдөр төлөвлөж байж төрүүлсэн” хэмээн хошигнодог гэнэ лээ.

Урлагийн “акул”-ууд нэг өдөр төрсөн бас нэгэн тохиол байна. Энэ бол “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа, “Өргөө” хамтлагийн ахлагч, ая зохиогч И.Болоож хоёрын төрсөн өдөр нэг өдөр тохиожээ. Тэд нэгдүгээр сарын 4-ний өдөр төржээ.

Буриад Улсын Гавьяат Жүжигчин, дуучин Б.Амархүү энэхүү жагсаалтанд багтаж байна. Ямар баяраар төрсөн юм бол гэж гайхаж байна уу? Тэгвэл Б.Амархүү аль нэг баярын өдрөөр биш, харин түүний төрсөн өдөр хүү нь хорвоод мэндэлж, баяр дээр нь баяр болжээ. Б.Амархүү болон түүний хүү хоёр долдугаар сарын нэгний өдөр төрж, баярын давхцал болж байна.