Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Архаг ядаргааг эмчлэх амаргүй

Архаг ядаргааг эмчлэх амаргүй

Архаг ядаргааны хам шинжтэй хүмүүс удаан хугацаанд ядарч, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан байдаг тул өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахаа больдог. Ингэснээр сэтгэл гутралд автаж, мөн богино хугацааны ой тогтоолт алдагдаж, хэвийн ярьж байхдаа тодорхой үгийг олж, хэлэх чадваргүй болсон байдаг. Юмыг ойлгох чадвар, хөдөлгөөний хийгээд хэл ярианы хурд, шалтгааныг илрүүлэх, оюуны чадварууд ч мөн бага зэрэг өөрчлөгддөг. Урьд өмнө хэвийн гүйцэтгэдэг байсан үйлдлүүдээ гүйцэтгэсний дараа ихээр ядарч, мөн удаан хугацаанд унтаж амарсан ч бие махбод сэргэсэн мэдрэмж төрдөггүй.

Шалтгаан нь тодорхойгүй хэдий ч зарим мэргэжилтэн архаг халдварын улмаас үүсдэг гэж үздэг. Олон төрлийн, хоорондоо холбоогүй халдварт өвчнүүдээр өвчилсний дараа хүний бие удаан хугацаагаар сульдаж, энэ үед танин мэдэхүйн өөрчлөлтүүд нэмж илэрвэл үүнийг АЯХ гэж нэрлэдэг. Энэ өвчний үед танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдлын шинж, араг ясны булчингийн архаг ядаргааны шинжүүд хамт илэрдэг. Өөрөөр хэлбэл, халдварт өвчний цочмог үед ядарч, сульдах шинж илэрдэг ч өвчин эдгэрэхэд ядаргаа арилсан байдаг. Харин АЯХ-тэй өвчтнүүдийн хувьд халдварт өвчний хурц үед илэрч байсан ядаргаа арилахгүй, 6 сараас дээш хугацаагаар үргэлжилсээр байдаг.

АРХАГ ЯДАРГААГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Байн байн хоолой өвдөх

Бага зэрэг халуурах

Хүзүү, суганд байрлах тунгалагийн булчирхай томрох

Булчин, үеэр өвдөх

Гэдэс эвгүйрхэх, гэдэс цочролын хам шинж илрэх

Сэтгэл санааны гутралд орох

Анхаарал төвлөрөх чадвар алдагдах, ой тогтоолт буурах

Архаг ядаргааны хамшинжийн бас нэгэн шалтгаан болох ЭБВ-ийн /Эпштейн-Барр Вирус/ халдвар хүнд байнга оршиж байдаг. Насанд хүрэх үеийн эхэнд бараг бүх хүний цусанд ЭБВ-ийн эсрэг бие илэрч байдаг. Хүүхэд насанд анхдагч халдвар тохиолдох үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин анхдагч халдвар өсвөр нас, насанд хүрэх үеийн эхэнд илэрсэн бол халдварт мононуклеазын эмнэлзүйн шинж нийт халдварын 50 хувьд тохиолддог. ЭБВ болон герпесийн бусад бүлгийн вирусууд нь дээр хэлсэн насан туршийн далд халдварыг үүсгэдэг. Эзэн биеийн дархлаа тогтолцоо халдварыг хяналтандаа байлгаж байдаг. Харин дархлаа сулрах үед, ялангуяа эсийн дархлаа сулрах үед вирус дахин идэвхжиж, дахисан халдварыг үүсгэдэг. Халдвар нь дангаараа дархлааг дарангуйлж чадах бөгөөд өөр өвчин үүсэхэд хүргэж болно.

Настай хүмүүст эс холбоот дархлаа тогтолцооны хөгшрөлттэй холбоотой өөрчлөлтийг хүнсний нэмэлт хэрэглэн засах боломжтой. Хөгшин хүмүүст эсийн дархлааны хариу урвал буурсантай холбоотойгоор ЭБВ-ийн эсрэг биеийн хэмжээ ихэссэн байдаг.

Мэдрэмтгий байдал. Дархлааны тогтолцоог сайжруулах нь өвчнийг эдгээхэд ч гэсэн ач тустай. Архаг ядаргааны хам шинж нь удаан хугацаагаар хэвийн байдал нь алдагдаж, дарангуйлагдсан дархлааны байдлаас үүдэлтэй бөгөөд сэтгэц сэтгэл хөдлөлөөс авхуулаад физиологи биохимийн аль ч түвшинд шинж тэмдэг илэрдэг учир эмзэг мэдрэмтгий болдог.

Мөөгөнцөр. Кандида мөөгөнцрийн төрлүүд нь гэдэсний замд байнга байдаг ба мөөгөнцөрийн ургалт нь гэдэсний бусад бактерууд болон дархлааны тогтолцоогоор хянагдаж байдаг. Энэхүү тэнцвэр алдагдахад (антибиотик хэрэглэх, дархлаа дарангуйлах эмүүд хэрэглэх, хими эмчилгээ, цитомегаловирус, ЭБВ-ийн халдвар, ХДХВ болон бусад өвчнүүд) кандидагийн үрэвсэл эрчимждэг. Кандида мөөгөнцөр нь антиген-эсрэг төрөгч шинж чанартай бөгөөд түүний задралын бүтээгдэхүүнүүд нь дархлаа тогтолцоонд тогтмол саад учруулж байдаг.

Архаг ядаргааны хам шинжийн үеийн дархлаа дарангуйлагдал. Архаг ядаргааны хам шинж нь дархлаа удаан хугацаанд буурсан болон алдагдсныг илэрхийлэх шинж тэмдэг бөгөөд үр дүнд нь эзэн биеийн эсэргүүцэл суларч, амин чухал энергиүд алдагддаг. Энэ үед ЭБВ-ийн эсрэг биеийг шинжлэх нь эзэн биеийн ерөнхий эсэргүүцэл, дархлааны үйл ажиллагааг хэмжихэд чухал ач холбогдолтой. Эсрэг биеийн хэмжээ сар жилээр их хэмжээтэйгээр илрэх нь илүү хүнд, дархлаа тогтолцооны өвчнүүд байгааг харуулдаг. Лабораторын шинжилгээ нь хоёр үндсэн чиглэлтэй байдаг. Нэг нь архаг ядаргааг үүсгэж байгаа бусад шалтгааныг оношлох, нөгөө нь АЯХ-ийн оношийг илтгэх шинжилгээнүүдийг хийх юм.

Гадаад хорууд болох химийн болон эмийн бодис, хүнсний хорууд, хүнсний харшилд хордохоос сэргийлж, дотор хорууд болох гэдэсний хорууд, бусад эмгэг төрөгчид, чөлөөт радикал, хүнд металлуудаас бие махбодийг цэвэрлэхэд чиглэгддэг. Гэдэс, элэг, цөсний зам, бөөр, тунгалаг, ретикул эндотелийн тогтолцоо, уушиг, арьс зэрэг ялгаруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж, дэмжиж, нөхөн төлжүүлэх замаар хоргүйжүүлэх нь хамгийн тохиромжтой.

ЭБВ-тэй холбоотой эмгэгийг сэжиглэж байгаа үед элэг, тунгалагийн тогтолцоог хоргүйжүүлэх нь нэн чухал. Учир нь эдгээр эмгэгийн үеийн илрэлүүд тунгалагийн зангилааны томрол, элэг, дэлүүний томрол, элэгний үрэвсэл, шарлалт нь цус, тунгалагийн тогтолцоотой холбоотой байдаг. Үрэвслийн гэмтлээс хамгаалах, хэвийн үйл ажиллагаа, гадагшлалт, ялгаруулалтыг дэмжих, идэвхжүүлэх нь хамгийн чухал.

Анагаах ухааны эмчилгээ. Ихэнх тохиолдолд вирусын халдварын шалтгаантай байдаг тул тогтсон эмчилгээ байдаггүй. Архаг ядаргааны хамшинжийн үед вирусын эсрэг эмүүдийг хэрэглэх нь үр дүнгүй. Судалгаагаар стеройд, элэгний экстракт, хелатжуулах эмчилгээ, судсаар тарих аминдэм, В12 аминдэм эмчилгээ, аминдэм, эрдсийн нэмэлт, сэтгэл гутралын эсрэг эмүүд зэрэг бусад эмийн бодисууд ч мөн бүгд үр дүнгүй байжээ.

Байгалийн анагаах ухааны эмчилгээ. Архаг ядаргааны хам шинжийн эмчилгээ нь биеийн ерөнхий байдал болон дархлаа сайжруулахад, ЭБВ болон бусад вирусыг дахин идэвхжихээс сэргийлэхэд чиглэгддэг. Дээрх зарчим нь хоргүйжүүлэх, дархлааг идэвхжүүлэх эмчилгээ гэсэн гурван үндсэн үйл ажиллагаанд үндэслэгдсэн байдаг.

Цөсний нийлэгжил, ялгарлыг идэвхжүүлэх нь элгийг хоргүйжүүлэх уламжлалт арга юм. Бусад арга хэмжээнүүдэд элэгний эсийг үрэвсэл, чөлөөт радикалын гэмтлээс хамгаалах, элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний макрофаг идэвхжүүлэх зэрэг орно.

Дархлааны үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд хувь хүний эрүүл мэндийн байдал сайн байх шаардлагатай. Үүнд эслэг, нийлмэл нүүрс усаар баялаг, өөх тос багатай, уураг дундаж хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай, бүхэл үрийн, амьд хүнсний бүтээгдэхүүнүүд орсон чанартай, сайн хоол идэх. Өдөрт 8-10 аяга цэвэршүүлсэн ус уух, амархан шимэгдэх хэлбэрийн, биологийн гаралтай, бичил эрдсийг хангалттай хэмжээгээр агуулсан суурь аминдэм эрдсийн нэмэлт бэлдмэл, өдөр бүр 30 минут аэробик болон 15-30 минутын идэвхгүй сунгалтын дасгал хийх. Тэсвэр болон нөхцөл байдлаас хамаараад өөрчилж болно. Өдөр бүр гүнзгий амьсгал авах, тайвшруулах дасгалууд хийх, өдөр бүр бясалгал, залбирал үйлдэх, гэр бүлийнхэн, найзуудтайгаа тоглож, хөгжилдөх цаг гаргах, өдөрт 6-8 цаг унтаж байх зэрэг арга хэмжээнүүд орно. Дархлаа тогтолцоог хэд хэдэн хүнсний нэмэлт, ургамлын хүчин зүйлсийг хэрэглэж сайжруулж болно. Дархлаа тогтолцооны эсийн хамгаалах тогтолцоо нь вирус, мөөгөнцөр, хавдрын эсрэг үйлчилдэг тул дархлааны энэхүү хэсгийг идэвхжүүлэх нь гол зорилго юм. Эсийн дархлааны гажиг нь ЭБВ-холбоот эмгэгүүдийн үед олонтаа тохиолддог.