Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийн хүндлэлийг хүлээсэн сайн үйлстэн

Дэлхийн хүндлэлийг хүлээсэн сайн үйлстэн

Дэлхийн хүндлэлийг хүлээсэн сайн үйлстэн

Хүний амьдрал цаг хугацаагаар хэмжигддэг. Хүссэн ч эс хүссэн ч та бид нэг л өдөр “үхэл” гэдэг үнэнтэй нүүр тулна. Харин энэ мөч хүндэтгэлтэй, зовуурьтай, жам ёсоороо юу? эсвэл яг ямар байдлаар ирэх бол гэдэг нь хүн бүрт өөр өөр байх юм. “Наашаа дахиж битгий ирээрэй, ямар ч эмчилгээгүй шүү. Эмчилгээ дууссан...” гэж эмчийн хэлсэн энэ үг хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөний зовуурь, өвдөлт, шаналлаас ч илүүтэй цөхрөл, айдсыг авчирдаг. Тэдний итгэл найдвар бөхдөг.

Найдваргүй болсон өвчтөн үхлээ хүлээн гэртээ гарлаа гэхэд монголчууд бид эртнээс илүү гэртээ гал түлээд хэвтүүлчихдэг, эсвэл хөшиг татаж тусгаарлах зэргээр асарч ирсэн тэр жаягийг дагана. Ойр дотны хүнээ амьсгал хураах хүртлээ өвчинтэйгээ тэмцсээр, тэсэхийн аргагүй өвдөлт шаналал, жаахан ч гэсэн амсхийлгүй байсаар эцсийн амьсгалаа тасрах мөчид дахиж өвдөхгүй амгалан тайван нойрслоо доо гэх бодлоор өөрийгөө тэжээнэ. Энэ тухай эргэцүүлэхэд, хэн ч гэсэн яг өнөөдөр энэ хорвоогоос явах байлаа гэхэд тайван амгалан, өвчин зовуурьгүй, сэтгэл амар нүд анихыг эрхэмд тооцох нь гарцаагүй.

Хүн ямар ч өвчнөөр өвдсөн эдгэхгүй юмаа гэхэд өөд болтлоо хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хийлгэж, 1 жил, 5 жил, 1 өдөр амьдрах байлаа ч амьдрал чанартай байх ёстой. Хөнгөвчлөх үйлчилгээ гэдэг бол эдгэшгүй өвчтэй хүмүүст асаргаа сувилгаа үзүүлж, сэтгэл санааг нь засч, өвдөлт зовуурьгүй байлгах эмчилгээ хийх зэргээр хүн ёсны энэрэнгүй бүхий л асаргаа сувилгааг үзүүлдэг үйлчилгээ юм. Тэгвэл олон улсад хэдийн нэвтэрсэн Хоспис буюу хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь манай улсад 2003 оноос эхлэлтэй.

Тэдний үзүүлдэг тусламж үйлчилгээ нь нийгэмд зайлшгүй чухал шаардлагатай боловч арав гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн “Найдвар” хосписийн хамт олон хүнд хүчрийг туулан өнөөдрийг хүрсэн ч хүний төлөө гэсэн чин сэтгэл байгаагүй бол аль хэдийнэ хаалгаа хаачихсан байх байсан бизээ. Харин өнөөдөр Монгол улсын хэмжээнд “Грийн Хоум”, “Ивээл”, “Ач тус”, ХСҮТ Хөнгөвчлөх эмчилгээний тасаг болон өөр хэд хэдэн хоспис үйлчилгээ үзүүлдэг газар бий болж үйл ажиллагаа нь тэлжээ.

Монголдоо хамгийн анхны “Найдвар” хоспис эмнэлгийн дарга АУ-ны магистр Б.Бүрэнжаргал энэ үйлсэд 2005 оноос нэгджээ. Бүрэнээ эмч сувилагчийн сургууль дүүргэж, үргэлжлүүлэн хүүхдийн эмч мэргэжлээр төгсөөд байсан хорин хэдхэн насандаа анх “Хоспис” гэдэг үгийг сонссон тухайгаа “Гадны хөрөнгө оруулалттай, гадаад хүмүүстэй ажиллаж, амьдрал ахуйдаа хүрэлцэхээр цалин хөлс авна хэмээн найдаж ажилд орж байсан” хэмээн ярьсан юм.

Өвчтөнүүдээ хэвтүүлэх оргүй, ширээ сандал хомс, өглөө цуглаад хэдүүлхнээ уулзаад гэртээ байгаа хүнд өвчтэй хүмүүсийг эргэнэ. 7 буудал, Орбит, Толгойт, Шувуун фабрик, Улаан хуаран, Шар хад гээд хуваарилж авсан өвчтөнүүдээ эргэж тойрч, үзлэг хийнэ. Хэн ч тэднийг “Эмчээ та ирээд үзээд өгөөч” гэж уриагүй. Гэсэн ч тэд цүнхээ үүрч очоод л хаалгыг нь нүдэн “Танайд 80 настай, элэгний хорт хавдартай өвчтөн байгаа юм байна. Бид ороод үзээд л гаръя” гээд орно. Зовуурь өвдөлтийг нь намдааж, угааж цэвэрлэнэ, ярилцаж сэтгэл санааг нь өргөнө. “Намайг энэ уулын мухарт ингэж их зовж байхад тусалсанд баярлалаа” гэдэг үгийг мөн ч олон сонссон биз ээ.

Өвчтөний өвдөлт зовуурийг нь намдаагаад, чин сэтгэлээсээ ярилцан, сэтгэл санаагаар дэмжин “Та сайхан юм бодох хэрэгтэй, сайхан хоолоо ид, гадаа гарч сууж бай, усанд ор, хувцсаа соль, чанартай сайхан хоол идэх юм бол бие чинь сайн болно. Гоё юмны тухай бод наад өвчнөө даван туулна шүү” гэсэн эмч хүний үг ямар ч эм тарианаас илүү ид шидтэй. Энэ үгийг сонссон өвчтөн эмч ирээд намайг үзээд, надад зөвлөгөө өгсөн. Эмчилгээ хийлгэсний дараа сайхан унтаж амарлаа, бөөлжихөө байсан, хоолондоо гайгүй болчихсон гэх зэргээр өвчтөний бие эрс сайжирна. Хүн сэтгэлийн амьтан юм болохоор арга ч үгүй биз. Хорт хавдрын эцсийн шатандаа орчихсон өвчтөнүүдийг эдгээж чадахгүй ч итгэж л хамаг бүхнээрээ тусалж, хайр өгч гэмээнэ юу юунаас илүү буян, ачлал болж байдгаас гарцаагүй хэмээн сэтгэнэ.

Бүрэнээ эмч ажилд ороод эхний хоёр сар цалингийн бараа харсангүй. Залуу бүсгүй зориг гарган “Би цалингаа авъя” гэтэл 5’000 төг өгсөн гэдэг. Удалгүй 50’000, 60’000 гээд багахан цалин авч, хүнд хүчир ажилдаа алжаах хэдий ч өвчтөнүүдийнхээ баяр хөөр, талархсан сэтгэлийн их урам, өөрөө хийхгүй бол өөр хэн ч хийхгүйг ажилдаа дурлажээ. Ямар ч эмчилгээгүй болсон өвчтөнүүдийн эцсийн найдвар хөнгөвчлөх үйлчилгээнийхэн тэд л байлаа. Буянтай энэ ажил нь сайн дурын шахуу цэвэр хүмүүнлэгийн ажил гэдэг нь тодорхой болжээ. 2003 онд байгууллагын Монголын хамгийн анхны “Найдвар хоспис” байгууллагын 2 эмч тус тусдаа үйл ажиллагаа явуулж эхлээд байсан тэр үед нэгэнд нь Бүрэнээ эмч хувь заяаны нарийн төөргөөр ажилд орсон нь энэ байжээ.

Хүүхдийн эмч мэргэжлээр суралцаж байх тэр үед нь эмч бүсгүйн өндөр настай ээж нь элэгний хорт хавраар өвчилж, маш их зовлон зүдүүртэй, сэтгэл санаагаар унаж, гунин, хэвлий нь устай, харах хүн хандах газаргүй болсон тэр үедээ “Ямар хэцүү юм бэ? Ийм үед хаашаа хандах вэ?“ гэж арга зам эрэлхийлж байсан ч хариулт эс олно. Эдгэхгүй ч гэсэн амар тайван нүд аниасай хэмээн чин сэтгэлээсээ залбирч байсан ээждээ үзүүлж чадаагүй тэр амар амгаланг арав гаруй жил зүтгэсэн энэ ажлаараа ачилж яваа ч юм билүү гэх бодол төрснийг нуух юун.

Хүнд өвчтөн. Сэтгэл санаа гэж авах юмгүй гутарч, хөмсгөө зангидан, ёолон бахирч, өвчиндөө шаналан харцных нь гал унтарч, зовж тарчилдаг. Ойр дотныхон, дэргэдэх хүмүүс нь тэднээс ч илүү шанална.

Тэгвэл бид сурвалжлагаа бэлтгэх зуур эмнэлгээр явж танилцан, өвчтөнүүдтэй уулзахад тэд өвдөж шаналсан зүйлгүй амар тайван мэт, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүднийх нь оч гялалзаж эгээтэй л эрүүл хүмүүстэй андуурахаар байлаа. Мэдээж бага зэрэг дэгсдүүлэг хэдий ч өвчтөнүүдийн сэтгэгдэл үнэхээр өндөр байсан юм.

Дэлхийн хүндлэлийг хүлээсэн сайн үйлстэн

Өвчтөнүүдийн сэтгэгдэл

Иргэн А /57 настай/

Би цус алдалттай хэвтэрт орчихсон ирсэн. Энд ирэнгүүт л маш хурдан арга хэмжээ авч, орой гэхэд би босоод суучихсан шүү. Сар гаруй хоол идээгүй байсан бол хоол иддэг болсон. Бусад эмнэлгүүдээс ийм сайн үйлчилгээ ховорхон харсан. Өвчтэй ээж, аавыгаа тэр болгон эргэж тойрч чадахгүй хүмүүс байхад тэр бүгдэд анхаарч, өтгөн шингэнийг нь цэвэрлэж, хувцсыг нь сольж, хоолыг нь халбагадаж нялх хүүхэд шиг л асарч байна. Манайхан ийм эмнэлгүүдээ олж харж байгаасай. Эмнэлгийн байр ч бас өрөө нь шилэн ханаар тусгаарлагдсан их тухтай. Агаар их сайхантай. Хавдрын талын эмчилгээгээ маш сайн хийдэг, мэдлэг чадвартай, зан ааш гэж ус цас шиг, өрөө тасалгаа цэвэрхэн ийм сайхан эмнэлэг байна. Бусад эмнэлэгт төсөв гээд аргацаадаг, загнадаг. Төр засгаас улсын эмнэлэг гэлтгүй ийм сайхан үйлчилгээтэй эмнэлгүүдээ дэмжиж баймаар л санагдах юм. Үнэхээр буянтай сайхан газар ирсэндээ баяртай байна.

73 настай Б-ийн сахиур

Аав маань жилийн өмнөөс биеийн байдал тааруу болж, элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа. Хавдар нь даймжраад хөл, ходоод хэвлий орчмоор их хавдартай байгаа. 4 хоног эмчилгээ хийлгэж байна. Хоол, нойрондоо сайжирч, хаван хавдар нь буусан. Шээсний өнгө цусан улаан байсан бол одоо хэвийн байдалдаа орж байна даа. Хорт хавдраар өвдөж шаналж байгаа хүмүүст маш их хэрэгтэй газар. Монголчууд бид эрүүл мэндийн талаар мэдлэг муутай байдаг ч хүнд цагт хандах ийм сайхан буянтай хүмүүс байгаад баяртай байна.

Дэлхийн хүндлэлийг хүлээсэн сайн үйлстэн

“Найдвар” хоспис эмнэлгийн их эмч Б.Бүрэнжаргал тэргүүтэй 10-аадхан эмч ажилтан 13 жил энэ хүчир албанд хүчин зүтгэхдээ хэвтэн эмчлүүлсэн 4500 гаруй, гэрээр асарч сувилсан өвчтөнүүдээ оруулаад 6000 гаруй өвчтөн амар тайван нүд анихад нь сэтгэлийн сайхан, хайр халамжийн халуун дулаан илчийг мэдрүүлж, хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлжээ.

Б.Бүрэнжаргал “Ямар ч хүнийг шашин шүтлэг хамаарахгүйгээр бурхан тэр хүнд хайртай гэдгийг л харуулахын тулд энэ үйлчилгээг явуулж, “Бид хайраар угтаж, хайраар үдэх болно” гэж хөнгөвчлөх үйлчилгээний уриаг баримталж ирсэн”.

Хөнгөвчлөх үйлчилгээний анхны хоспис хүнд бэрхийг даван туулж, түрээсийн байранд байрлаж, ажиллагсад нь олон жилийн турш маш бага цалин авч ирсэн ч бууж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Эмчилгээний төлбөр анх 5’000 байх үед ч эмчлүүлэгчдэд хүнд байгааг олж хараад эмчлүүлэгч 9 хүний 7-г нь ямар ч үнэ төлбөргүйгээр эмчилж үзжээ. Гэвч байсан эм тариагаа хийж дуусаад, байрныхаа түрээсийг ч төлж чадахгүйд хүрч, эмч сувилагчид нь амьжиргаагаа залгуулах таван төгрөггүй хүндхэн байдалд орж байснаа ярьсан юм. Хүн гэдэг хүндхэн цаг үеэ эргэн дурсахдаа инээн байж ярьдаг ч тухайн цагтаа бол уйлахаас наагуур л байсан байдаг билээ.

Тэд баргийн хүний шантрах хүн бэрхийг хийдэг улс. Шинээр эмч, сувилагчид авлаа ч хэсэг хугацааны дараа “Хүн нас бардаг юм байна тиймээ? Би гадаад явах болчихлоо” гээд л гараад явчихдаг гэх. Олон жил хамт ажиллан, нэг баг болсон болохоор бие биеэ хамгийн сайн ойлгоно. Тиймээс ч биднийг ойлгох, гар нийлж ажиллах хүн олно гэдэг хэцүү хэмээн нягтлан С.Алтантуяа, нийгмийн ажилтан Р.Алтанцэцэг нарыг ятгасаар эмч, сувилагч болгожээ.

Энэхүү эмнэлгийг Чехийн элчин сайдын яамнаас багагүй дэмждэг. Энэ нь ч нарийн учиртай аж. 5 жилийн өмнө, Монголын хорих ангид хоригдож байсан Чехийн өндөр настай иргэн эмчлүүлж байжээ. Чехийн элчин сайдын яамнаас санал тавьсны дагуу амьсгалын дутагдалтай тэрхүү өвчтөнийг асарч байв. Өвчтөн 2 сар гаруй эмчилгээ сувилгаа хийлгэхэд ар гэрээс нь хэн ч эргэж ирээгүй аж. Амьсгаадаж хүндрэх үед нь эмчилгээ хийхээр эмч нарынхаа гарыг үнсэж, талархлын дээдийг илэрхийлнэ. “Би баян хүн та нартаа газар өгнө, байшин өгнө” гэдэг байж. Гэвч шинэ жилийн баяр тохиож, эмнэлгийнхэн 5 хоног амрах болж, ганц өвчтөнөө хувийн эмнэлэгт шилжүүлжээ. Тэглээ гээд өвчтөнөө ганцаарыг нь үлдээсэнгүй. Хуваарь гарган нэг нэгээрээ өдөр алгасалгүй эргэнэ. Хоол цай, живх зэргийг таслалгүй зөөнө. Гэвч өвчтөн эмнэлэгтээ л эргэж очмоор байна гэсээр 5 хоноод нас баржээ. Чехийн элчин сайдын яамнаас иргэнийхээ амьдралын сүүлийн мөчид гэр бүлийг нь орлож, хэнээс ч илүү асарч сувилж байсан ачийг санаж чадах бүхнээрээ тэднийг дэмждэг. Эмнэлгийн зориулалтаар ашиглах машин, хүчил төрөгчийн аппарат, ор хэрэгсэл авч өгч, ноорхой түрээсийн байрыг нь хүртэл засах гээд 3 удаа их том тус хүргэжээ.

Саяхан тэдэнд бурханы бэлэг үү гэлтэй нэгэн гайхалтай үйл явдал тохиолдож, өөрсдийн байртай болох хүсэл нь биелжээ.

Дэлхийн хүндлэлийг хүлээсэн сайн үйлстэн

Хэн ч харсан “Найдвар хоспис”-ийн үйл ажиллагааг бахдан, зүгээр л үг дуугүй боломжийнхоо хэрээр дэмжиж туслах юмсан гэх цагаахан хүсэл сэтгэлийн гүнээс ундрах билээ. Тэгвэл Монголын хамгийн анхны Ротари клуб болох Улаанбаатар Ротари Клуб нь “Найдвар хоспис” эмнэлгийг үндэслэн байгуулагч, захирал Б.Бүрэнжаргал эмчийн 13 жилийн уйгагүй, бусдын төлөөх зүтгэлийг нь үнэлэн түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 онд Олон улсын Ротари хөдөлгөөний хүмүүнлэгийн шагнал болох “THE ONE” хэмээх нэр хүнд бүхий шагналд Монгол улсаас нэр дэвшүүлсэн нь шалгарч, Монгол улсаас шагнал авсан анхны Сайн үйлстэн болсон билээ. Тус шагналыг дагалдаж 50.000 долларыг Б.Бүрэнжаргал эмчид олгосон бөгөөд уг шагналаар тус эмнэлгийн байрыг худалдан авсан юм.

Тэд дэлхийн хүндлэлийг хүлээж, буянтай үйлсээрээ дэлхийн 100 улс орны сайн үйлстнүүдээс хоёрдугаар байрт шалгарчээ. Энэхүү шагналын нэгдүгээр байрт 1050 хүүхдийг өргөн авч, ээжийнх нь оронд ээж болсон буянтай Энэтхэг эмэгтэй шалгарсан байна.

Хүүхдийн хөнгөвчлөх үйлчилгээ Монголд байдаггүй

Монголд хүүхдийн хөнгөвчлөх үйлчилгээ гэж байдаггүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хэвтэн эмчлүүлэх 50 гаруй ортой. Орных нь 30-40% эдгэх боломжгүй, хүнд хэлбэрийн саа саажилттай, байнгын таталттай, хавдартай, элэгний дутагдалтай, цусны хавдартай зэрэг эдгэх боломжгүй хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Харин хурцаар өвдөж ирсэн, эдгэх боломжтой хүүхдүүд хэвтэж чаддаггүй тухай Бүрэнээ эмч ярьсан юм. Зайлшгүй зохицуулалт хийх шаардлага тулгараад байгаа талаар ч учирласан. Тиймээс ч “Найдвар” хоспис 120 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.

Удаан хугацаагаар өвдөж эмчлүүлсэн хүүхэд зүү, тариа харахаараа л айж орилно. Хагас цагаас багагүй хугацаанд ганцаарчлан ярилцаж өвтгөдөггүй эмнэлэг, том том зүү байдаг ч чамд ийм нарийхан зүүгээр нэг удаа тариад л энэ том гэдэс /хэвлийн ус/ чинь алга болно. Хоол иднэ, амьсгаадахгүй, дуртай гоё юмаа иднэ гэх зэргээр ойлгуулахад хүүхэд сайн дураараа тариагаа хийлгэдэг. Эсэргүүцэж, дургүйцэж байсан хүүхэд өөртэй нь тулаад аргадаад ярилцахаар хэнээс ч илүү ойлгоно. Бас итгэнэ. Өвчин дахина л даа. Гэхдээ тэд эмчлүүлэхээр дахиад ирэхдээ үнэхээр дуртай ирдэг. Өвчтөнийхөө биеийн байдлыг эргэн лавлахад “Амьсгаадаад, амь нь тэмцээд байсан хүүхэд чинь тоглоод гараад явчихлаа. Хоолоо нэхээд л идээд байна” гэдэг үг эдгээр эмч мэргэжилтнүүдийг маш их хүч оруулдаг байна.

Өвчтөний ар гэр хүнд байдалд ордог

Өнөөдөр Монголын нийгмийн амьдрал үнэхээр дорой байгаа болохоор гэр бүлийн хэн нэг гишүүн хүндээр өвчиллөө гэхэд тухайн өрхөд маш их дарамт ирдэг. Шүд өвдөхөд, төрөлтийн өвдөлтийн үед тэсэхүйеэ бэрх өвдөлтийг мэдэрдэг. Яг ийм өвдөлтийг өвчнийхөө улмаас мэдэрч, байж ядаж байгаа хүнийг хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлж, хоромхон зуурт өвдөлтийг нь намдаахад нүдэнд нь инээмсэглэл тодорч, ямар айхтар байв аа гээд л амс хийнэ. Өвчтөний биеэрээ мэдэрдэг энэ өвдөлтийг ар гэрийнхэн нь зүрх сэтгэлээрээ маш хүчтэй мэдэрч, тэр хэрээр тэсэхүйеэ бэрх. “Би ч арчаагүй юм даа...” гээд л өөрийгөө буруутгадаг. Гэвч энд хэн ч буруугүй.

Мэдээж хайртай ойр дотныхоо хүнд бүх л юмаа зориулж тусалж, эдгэрүүлэхийг хичээнэ. Өвчтэй хүнээ асраад гэртээ суухаар амьдралаа залгуулдаг хэдэн төгрөг нь татардаг, тасардаг. Хүнээ эдгээхийг зорин оношлогдсоноос хойш боломжийнхоо хэрээр сайн гэсэн эмнэлгийн үүдийг сахиж, эмчилгээ хийлгэдэг ч өвчин эцсийн шатанд ороход тэр гэр бүл санхүүгийн хувьд маш хүнд байдалд орчихсон байдаг. Өвчтөнүүд ч бас нуруугаа авахуулсан морь гэдэг шиг маш их стресстэй “Найдвар” хосписийн босгыг давж орж ирдэг аж. Гэвч тэд эндээс хүсээд байсан тайтгарлаа олж авдаг.

Зохицуулалт үгүйлэгдэж байна

Хөнгөвчлөх үйлчилгээ хийлгэх ёстой өвчтөнүүдийн бие муудахад сандарсан ар гэр нь хэнд хандахаа мэдэхгүй түргэн тусламж дуудчихдаг. Сэхээнд оруулаад арай дээр боллоо гээд л гаргадаг. Энэ үйл явц 10-аас ч олон удаа давтагдана. Энэ тоолонд тухайн эрүүл мэндийн байгууллага, өвчтөний ар гэр санхүүгийн хувьд үргүй гарлага их гаргадаг. Таталтыг нь намдаан, өвдвөл ийм эм уух ёстой зэрэг хэрэгтэй мэдээллээ авч чадвал өвчтөний бие хүндэрсэн үед авах арга хэмжээгээ мэддэг болдог. Ийм тохиолдолд өвчтөний ар гэр, сахиур нь ажлаа хийх боломжтой болж ар гэрийнхээ амьжиргааг орхигдуулахгүй байх бүрэн боломжтой талаар ч мөн нийтлэлийн маань гол баатар хэлж байсан юм.

Хоспис үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн ихэнх нь эрүүл мэндийн даатгалаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Эдгээр хүний төлөө гэсэн энэрэнгүй үйлст, ашгийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад зохих байгууллага, албан тушаалтнууд анхаарлдаа авч зохих зохицуулалтыг нь тусгаж, биелэлтэд нь анхаарах цаг болсон л баймаар. Энэхүү нийтлэлээ “Монгол улсдаа сайн үйлстнүүдээ тодруулж, үйлс гавьяаг нь үнэлж, жаахан ч гэсэн хөрөнгө санхүүгээр дэмжиж туслалцаа үзүүлдэг болох хэрэгтэй” хэмээн Олон улсын Ротари хөдөлгөөний тэргүүн Давид Хариллагий онцлон хэлсэн үгээр өндөрлүүлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!