Дуучин С.Хишигжаргал: Би бүх зүрх сэтгэлээрээ таны ертөнцрүү дууллаа

Монголын рок поп урлагийн ертөнцөд бас нэгэн өнгө болон сүлж, өөрийнхөө чадлаар, өөрөө өөрийгөө бүтээж чадсан дуучин С.Хишигжаргалыг хүндтэй хоймортоо урилаа. “Маш их эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй, тэрнийхээ төлөө зүтгэдэг тэр чигээрээ л байх юмсан гэж хүсдэг” хэмээн өнөөдрийн амжилт, бүтээлээ дүгнэсэн түүний илэн далангүй, амттайхан ярилцлагыг уншигч таны өмнө дэлгэе.
TV ZONE: Өдрийн мэнд ! 2016 оноо бие даасан анхны цомгийнхоо нээлтээр эрч хүчтэй эхлүүллээ. Энэ жилдээ нэлээд олон ажил төлөвлөжээ дээ?
Баярлалаа, танд болон TV ZONE-ыхоо эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Нэгдүгээр сарын 8-нд “I am…” цомгийнхоо өдөрлөгийг зохион байгуулж албан ёсоор Hi Fi хөгжмийн дэлгүүрийн бүх салбараар анхны цомгоо худалдаанд гаргалаа. Шинэ оноо маш том бэлэгтэй, хариуцлагатайгаар угтаж авлаа гэж бодож байна. 2016 онд олон ажил төлөвлөсөн байгаа. С.Хишигжаргал:
TV ZONE: Дуучин Хишигээ гэх шинэ өнгө төрх урлагийн ертөнцөд 3-4 жилийн өмнөөс олонд танигдаж эхэлсэн санагдана. Богино хугацаанд нэлээд олон дуу нь ХИТ болжээ. Уран бүтээлдээ үнэхээр няхуур ханддаг бололтой. Зарим уран бүтээлчийг харахад ганц, хоёрхон л ХИТ уран бүтээлтэй байх нь бий. Тиймээс онцолж байгаа юм шүү.
Миний хувьд урлагт хөл тавиад гурван жил болж байна. Цомогтоо энэ хугацаанд хийсэн хамгийн чанартай гэсэн дуунуудаа оруулсан. “Өөрт зохисон хувцсыг л өмсөх дуртай” гэдэг шиг би өөрт зохисон дууг л дуулах дуртай. Энэ бол миний зарчим. Дуу маш чанартай байх ёстой. Аялгуу, үг, мастр миксинг нь чанарын өндөр түвшинд хийгдсэн байх ёстой. Аль ч үед цаг үеийнхээ урсгалыг дагаад twists candy, daft punk урсгал мооданд орохоор тэр урсгалын дууг би хийхгүй. Поп жанраа илүү тодотгосон, цагийн явцад хойш шидэгдэхгүй, ямар ч цаг үед чихэнд сонсголонтой, классик уран бүтээл хийхийг зорьдог. Энэ ч утгаараа дуунууд маань хүмүүст сайн хүрдэг байх. Уран бүтээлчдээс авсан дуугаа дүрсжүүлэх, бүтээл болгох тал дээр ч бас анхаарч ажилладаг. Цомгийн маань 9 дууны 8 нь клиптэй. Тун удахгүй үлдсэн нэгийнх нь клип үзэгчдэд хүрнэ. С.Хишигжаргал:
TV ZONE: ХИТ үйлдвэрлэгч ая зохиогч, яруу найрагчдаас чанартай уран бүтээл авна гэдэг өртөг өндөртэй хэдий ч чадалтай сайн дуучдад энэ тал дээр асуудал харьцангуй бага тал ажиглагддаг. Нөгөө талаар санхүүгээс илүүтэй хэн амьдруулж чадах вэ гэдэг итгэлийг даана гэдэг чухал юм болов уу?

Санхүүгийн асуудал уран бүтээлийн чанартай салшгүй хамааралтай. Гэхдээ миний хувьд олон юманд мөнгө үрэх дургүй. Уран бүтээлээр дамжиж орж ирсэн мөнгөө маш сайн хадгалдаг. Тэгээд яг оновчтой үед нь хөдөлдөг. Боломжийг алдах дургүй. Сайн боломжийг маш сайн ашигладаг. Энэ дээр л миний уран бүтээл тасралтгүй явж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд сонгосон дуугаа маш сайн амьдруулж, тухайн уран бүтээл бичсэн хүндээ мэдрэмж төрүүлж, итгэлийг нь алдахгүй байх ёстой. Сэтгэлгээ, мэдрэмжийн урлаг учраас тооцоо мөнгөний тал дээр гайгүй ханддаг. Миний хувьд энэ итгэлийг эвдэхгүйн тулд цаг алдалгүй хурдан шийдэхийг эрмэлздэг. С.Хишигжаргал:
TV ZONE: Маш сайн боломжуудыг алддаггүй гэсэн. Хамгийн том боломж тань юу байсан гэж хэлэх вэ?
Б.Ангирмаа продюсертай хамтарч ажилласан нь миний хамгийн том боломж байсан. Надад тавьсан эхний дууны саналыг маш том боломж гэж мэдэрч ханцуй шамлан орсон. Ингэж л дараа дараагийн үүд хаалгууд нээгдсэн. Хоёрдугаарт, UBS телевизийн “Universe Best Songs” наадмыг би нэрлэнэ. Уран бүтээлч болохоор зорьсон залууст маш сайн гараа байж чадсан. Мөн дээр нь цаг хугацааны мэдрэмж их зөв гэж би өөрийгөө боддог. Энэ боломжуудыг ашигласан нь миний ололт юм даа. С.Хишигжаргал:
TV ZONE: Эсрэгээрээ боломж мэт харагдах “нүх” гэж бий шүү дээ.
Тэрнээс болгоомжлолгүй яах вэ. Олон тийш үсчилгүй, нэг барьж авсан юмаа сайн хийх ёстой. Тэгэх юм бол хий гишгэхгүй, нэг жимээр зөв л явна.С.Хишигжаргал:
TV ZONE: Одоогийн стиль имижээ олж авах гэж Хишигжаргал өөрөө өөрийгөө эвдэж байж дахин босгосон гэж хардаг л даа. Тэсэрч чаддаг бас өөрийгөө бүтээж чаддаг уран бүтээлч юм болов уу гэж боддог.
Баярлалаа, амжилттай уран бүтээл хийх гэж байгаа л юм бол өөрийгөө задалж, бүх юманд сорьж үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэндээсээ би энийг чадах юм байна, ингэвэл надад илүү тохиромжтой юм байна гэдгээ олж авдаг. Би бол өөрийнхөө гадаад төрх, дуу хоолой, дууны өнгө, жанраа эвдэхээс айдаггүй. Хүн чанараа эвдлэхгүй байхыг л хичээдэг. Хүний үсийг халцлаад авсан байсан ч би яаж хөөрхөн харагдаж болох вэ? Үсээ халимаг болговол би яаж хүчтэй харагдаж болох вэ? Энэ бол зөвхөн толгойгоороо л оролдож байгаа болохоос тархиараа оролдож байгаа мэдрэмж биш юм. Тийм учраас өөрийгөө эвддэг, эрэлхийлэл сайн хийх хэрэгтэй. Өнгөрсөн шөнө л гэхэд би өнөөдрийн зураг авалтад зориулж маш их зүйл судалсан. Зөвхөн TV ZONE сэтгүүлийн нүүр хуудсанд гарахын тулд үсээ өөрчлөх, хувийн бэлтгэлээ хангах зэргээр бүх юманд ач холбогдол өгсөн. Бүх юманд зохицож өөрийгөө эвдэж, эргээд өөрийгөө хурааж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Бүх зүйл дээр хувирч өөрчлөгдөхийг хичээдэг. Энэ л миний давуу тал болов уу. С.Хишигжаргал:

TV ZONE: “Үгнээс үг унагана” гэдэг шиг залуучуудад төдийгүй урлагт хөл тавихаар зорьж буй хүмүүст олзуурхууштай байгаа байх. Яг одоо хэнийг сонсож байна?
Сүүлийн үед Оросын дуучдыг сонсож байна. Монголд эстрад урлаг анх Оросоос нэвтэрсэн. Цаашлаад Битлз... Тэр ч утгаараа Оросын хөгжмийн хэв маяг нь манайханд их ойр байдаг. Тимати, реппер, Серебро, Вера Брежневаг сонсож байна. Бас шахалтаар Кей поп хөгжмүүдийг судлах хэрэг болох юм. Яагаад гэхээр дуу хөгжим идэвхтэй сонсогч залуучууд Кей попт нэвт орсон байна. Би мөн UK Chart байнга үздэг.С.Хишигжаргал:
TV ZONE: “Чамд орхисон хайр”, “Хөлөрсөн цонх” дууныхаа үгийг өөрөө бичсэн. Онгод орсон үедээ мөр холбодог шиг дуулах үед энэ мэдрэмж төрдөг болов уу?
Мэдрэмжийн л асуудал. Сэтгэлзүйн торгон мэдрэмжийг алдахгүйгээр буулгаж чадсан нь гоё зураг болдог. Алдахгүйгээр бичиж чадсан нь сайн шүлэг болдог, тэр мэдрэмж дээр тоглож дуулж гарсан өнгө амьд байдаг. Тийм учраас би өөрийнхөө мэдрэмжийг маш их чагнадаг. Үнэн төрсөн мэдрэмжээ буулгахад нэг ч ноороггүйгээр аятайхан дууны шүлэг гардаг. Студид 10 удаа дуулж байхад ганц, хоёрхон нь яг гоё мэдрэмжээр дуугарсан байдаг. Энийгээ л олж шүүрч авч уран бүтээлдээ шингээдэг. Тийм ч учраас анх удаа цомгоо гаргахап бүх юмандаа чин сэтгэлээсээ хандсан, бүх юманд догдолсон, түгшссэн, хөөрч догдолсон. Үнэхээр гоё мэдрэмж. Цомгийнхоо нээлтэнд би “Бүх зүрх сэтгэлээрээ таны ертөнцрүү дууллаа” гэж хэлсэн. Хүн болгонд өөрийн ертөнц бий. Хүн болгоны ертөнцөд нэвтэрч орохын тулд далд мэдрэмжийг хүргэх нь надад чухал.С.Хишигжаргал:
TV ZONE: Үнэхээр сайхан хариулт байна. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Би чөлөөт цагаараа алжаа л хийх дуртай. Би өөртөө амралт өгөхдөө гутардаг. Нэг хоног амрахад л хангалттай. 2-3 хоног амраад ирэхээр маш их зүйл алдаж байгаа юм шиг санагдаж, харамсдаг. Тийм учраас зүгээр суухдаа ч дуу хөгжим сонсож, загварын трендүүдийг судалдаг. Яагаад гэвэл урлаг, соёл гэдэг ухагдахуун хамт явдаг. Бид соёл түгээгч. Энэ бол бидний нийгэмдээ хүлээсэн хариуцлагын нэг хэсэг. Өргөн мэдээлэлтэй байх ёстой. Facebook ухаад, утасныхаа нүүрийг маажаад суухын оронд өөрт хэрэгтэй зүйлийг бусдад яаж түгээх вэ? Өөрийгөө боловсруулах тал дээр хэрхэн анхаарах вэ? Зэрэгт төвлөрдөг. Өөрийгөө амраая гэвэл сайн номнуудыг уншдаг. Ямар нэгэн зөвлөгөө унших дургүй л дээ. Яагаад гэвэл энэ нь хүнд амьдралын явцад тогтдог хүмүүжил. Тийм ч учраас үүнийг зөвлөгөөний дагуу хоол хийдэг ч юмуу бусад зүйлээс өөр. Тэрний оронд сайн зохиолчийн сайн ном унших юм бол их олон зүйлийг мэдэрнэ. Өөрийнхөө биеэр үзэж туулаагүй тэр хайрыг, өөрийн биеэр үзээгүй үхэл хагацал, шаналалыг мэдэрнэ. Мөн өнгөрснийхөө тухай, одоо яах ёстой вэ? Би хаанаас эхэлсэн бэ? гэдгээ байнга боддог. С.Хишигжаргал:
TV ZONE: Хамгийн сүүлд ямар ном уншив? Гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн хайртай номуудаа нэрлэвэл?

Би Монголынхоо шилмэл зохиолуудад дуртай. Хамгийн сүүлд “Манан будан” романыг уншиж байна. Үнэхээр гайхалтай ном. Хуудас болгоныг нь хайрлаж, гамнаж уншдаг. Дуртай юмаа хүн чинь гамнаад бага багаар уншдаг ш дээ. Хуудас нимгэрэх тусам надад харам байна. “Лолита”, “Дэлхийн сонгомол өгүүллэгүүд”, “Зүрхний хилэн”, “Ариухан цэцэг”, “Чонын алтан шагай”, “Рок од” гэх мэт номууд санаанд байна. Нэг хэсэг хатадаар өвчилсөн. “Ану хатан” номыг уншаад уйлж байлаа. Дараа нь “Сорхагтуни”, “Мандухай сэцэн хатан” романыг уншсан. Одоо Самар хатан, Чимбаа хатан гээд роман болоод гараад ирвэл уншмаар л байна. С.Хишигжаргал:
TV ZONE: Ном унших хорхойтой Хишигээг уншигчид энэхүү ярилцлагаас уншиж байгаа л даа. Магадгүй чи ном байлаа гэхэд?
Мятрашгүй Жулиа” эсвэл “Бэр цэцэг” ном шиг байна байх. Монгол эмэгтэйчүүд өөрсдийгөө хатадтайгаа зүйрлэх дуртай байдаг шүү дээ. Тэр утгаараа зүйрлэвэл “Сорхагтуни” хатны хэмжээнд л баймаар байна /инээв/.С.Хишигжаргал: “
TV ZONE: Өнгөрсөн үедээ хэн байсан юм бэ? гэдэг талаараа байнга боддог гэсэн шүү дээ. Хэн байсан юм бэ?
Энэ их гоё асуулт байна. Хааяа хүн онгирдог ш дээ. Би бас хааяа жаахан онгирно. Өөртөө л онгирно. Тэр үедээ за чи болоогүй шүү, чи юу юм бэ? чи бол юу ч биш. Харин чи хэн юм бэ? чи бол Хишигээ. Хишигээ ямар охин байлаа? Одоо ямар байна? Би ямар орчинд өслөө? одоо би хаана явж байна? Гэх зэргээр дандаа бодно. Өөрийгөө гаднаас нь харна. Маш их эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй, тэрнийхээ төлөө зүтгэдэг тэр чигээрээ л байх юмсан гэж хүсдэг. Хааяа ямар нэг байдлаар хүмүүсээс хатуу үг сонсоод “Чи дуучин биш, чи урлагийн ертөнцөөс зайл” гэдэг ч юмуу муухайгаар хэлүүллээд “ингэн, ингэн байх ёстой юмуу?” гэж өөрөөсөө асууна. “Ингэх тусам нь чи байх ёстой” гэж өөртөө хэлдэг. Хэрвээ чи байхгүй бол өөр хэн нэгэн байна. Тийм болохоор би энэ үгийг даагаад энд байх ёстой гэж боддог. Хэзээ ч бууж өгөхгүй. С.Хишигжаргал:
TV ZONE: Үнэхээр сайхан чин сэтгэлийн яриа өрнүүлээ. Маш том мөрөөдөл, эрмэлзэлтэй болоод ч тэр уулзах бүртээ сайхан мэдрэмж төрдөг шүү. Танд амжилт хүсье!
Баярлалаа, зарим зүйлийг хэлж амжаагүй, дутуу хариулсан ч байж магадгүй. Гэхдээ үнэхээр чин сэтгэлээсээ ярилцлаа. Яг одоо энэхүү ярилцлагыг дуустал нь уншсан эрхэм уншигч танд маш их баярлалаа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай. Баярлалаа TV ZONE.С.Хишигжаргал:
Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул
Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш
