Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийн Эдийн Засгийн Чуулган эхэллээ

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган эхэллээ

Өнөөдөр Швейцарийн Давос хотноо Дэлхийн Эдийн Засгийн Чуулган эхэллээ. Жил бүрийн эхэнд зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалтанд оролцохоор дэлхийн хэмжээний улс төр болон эдийн засаг, бизнесийн салбарын лидерүүд цуглараад байна. Чуулган энэ сарын 23-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.

Нэг нэгнээсээ уялдаа холбоотой, цаг хугацаатай уралдсан, улс төр, нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хамарсан түргэн хөгжил дэвшил бүхий энэ цаг үед дэлхийн улс орны удирдагчид, эдийн засаг, бизнесийн лидерүүд ирээдүйд чиглэсэн зорилт, санаачлагаа хуваалцахаар Давос хотноо цуглараад байна. 40 гаруй жилийн түүхтэй Давосын Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы гол зорилго нь дэлхийн эдийн засгийг сэргээн сайжруулахад оршдог билээ. Энэ жилийн арга хэмжээг нээж ДЭЗ чуулга уулзалтын гүйцэтгэх захирал Клаус Шваб үг хэлсэн байна. Мөн тэрээр Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал сэдвээр илтгэл тавилаа. Чуулганы эхний өдөр эрчим хүчний салбарын өөрчлөлт, шинэчлэлт, нефтийн салбарын аюулгүй байдал, бизнесийн шинэ орчин, аж үйлдвэржилт дижитал хэлбэрт шилжих нь, Европыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн асуудал дэлхийн хэмжээний сорилт болох нь гэх мэт олон сэдвээр илтгэлүүд тавигдаж байна. Давосын чуулганы өмнө мөн PricewaterhouseCoopers бизнесийн зөвлөгөө үзүүлэгч, санхүүгийн фирмээс дэлхийн эдийн засаг, бизнесийн салбарын уналтын шалтгааныг тодорхойлсон олон улсын судалгааг мягмар гаригт нийтэлсэн байна. Судалгааны дүнгээр уналтын шалтгаан нь Хятадын эдийн засаг, газрын тосны үнэ унасан болон Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжсэн зэрэгтэй холбоотой гарчээ. Энэхүү судалгааны дүнг өнгөрсөн оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын 8-ны хооронд дэлхийн 83 орны 1400 гаруй төрөл бүрийн салбарын аж үйлдвэрийн томоохон компаниудын гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлага дээр үндэслэн гаргажээ.