“UVERTURA” ХАМТЛАГ: Энэ мюзикл бол бидний мөрөөдлийн эхлэл
Поп, опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг сонсогч фэнүүддээ зориулан энэ оны анхны бэлгээ задаллаа. Энэ бол “Өнө мөнх орон”, “Жамаас...”, “Дөрвөн цагийн тал” зэрэг уран бүтээлүүдээрээ урлагт өөрсдийн тод мөртэй яваа “Увертюра” хамтлаг өөрсдийн мөрөөдлөө биелүүлж, “Надад үлдсэн найз” нэртэй анхны мюзиклээ тайзнаа тавих гэж буй явдал юм. Мюзикл энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байгаа төдийгүй тоглолтын ид бэлтгэлтэй байх үед нь “Увертюра”-ынхантай хэдхэн хором ярилцсанаа танд хүргэе!
TV ZONE: ЮУНЫ ӨМНӨ, ТА БҮГДЭД ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ! ШИНЭ ОНЫ ЭХЭНД ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭР УУЛЗАЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА. МЮЗИКЛ ХИЙХ БОЛСОН САНАА ХЭРХЭН ТӨРСӨН ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ?
UVERTURA : TV ZONE сэтгүүлийг уншин суугаа уншигчиддаа болон танай хамт олонд мөн шинэ оны мэндийг бидний зүгээс хүргэж байна. Бид дөрөв нэгдэж, хамтлаг байгуулсан тэр цагаас хойш өмнөө олон зорилго, зорилтуудыг тавьж ажилласаар ирлээ. Түүний нэг нь, мөн бидний том мөрөөдлийн нэгээхэн хэсэг болох мюзикл тавигдах гэж байгаад маш их баяртай, сэтгэл догдлон сууна. Анх өнгөрсөн оны намар “Милл” кино компаний хамт олонтой ярилцаж сууж байх үедээ санаагаа гаргаж, тэр үеэс эхлэн бэлтгэл ажил маань эхэлсэн. Урд нь “Милл” кино компанийхан бидний анхны уран бүтээл “Өнө мөнх орон”, “Цагийн аяс” зэрэг хэд хэдэн уран бүтээлүүдийг хийж өгч байсан хамтрагчид юм.
TV ZONE: МЮЗИКЛ ГЭДЭГ ЗӨВХӨН ДУУЛАХ БИШ, МӨН ЖҮЖИГЛЭХ АВЬЯАСЫГ ДАВХАР УРАН БҮТЭЭЛЧЭЭС ШААРДДАГ ТӨРӨЛ ШҮҮ ДЭЭ. ӨӨР ШИНЭ ТӨРӨЛ РҮҮ ОРОХОД ТА БҮХНИЙ ХУВЬД ЯМАР СЭТГЭГДЭЛТЭЙ БАЙНА ВЭ?
UVERTURA : Бид ХБК-ийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн уран бүтээлчид. Энэ удаа бид өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр энэ санааг гаргаж, зориглон эхлүүлж, амжилттай тайзнаа тавихын төлөө тус бүрдээ өөрсдийгөө дайчлан ажиллаж байна. Мюзикл нь өөрөө уран бүтээлчээс маш өндөр хэмжээний ур чадвар шаардагддаг, урлагийн нэгэн хүнд төрөл. Тиймээс бид анхны мюзиклаа амжилттай тайзнаа тавихын тулд бэлтгэлээ сайн базааж, хичээж байна.
TV ZONE: "НАДАД ҮЛДСЭН НАЙЗ" МЮЗИКЛЫН НЭРНЭЭС НЬ ХАРАХАД НАЙЗ ГЭДЭГ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ БОЛОВ УУ ГЭЖ ТААМАГЛАЖ СУУНА. МЮЗИКЛЫН СЭДВЭЭ ХЭРХЭН СОНГОВ?
UVERTURA : Жүжиглээд, бүжиглээд дуулна гэдэг бидний хувьд хүндхэн даваа хэдий боловч энэ чиглэлээр цаашдаа олон уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа учраас эхний бүтээл маань бидэнд маш том туршлага, сургуулилт болж байна гэж ойлгож сууна. Тиймээ, сэдвийн агуулга найзуудын тухай өгүүлнэ. Манай хамтлаг ч гэсэн анх найз нөхөрлөл дээр суурилсан учраас бидэнд илүү ойр байгаа. Сэдвээ бид “Милл” кино компаний хамт олонтой ярилцаж байгаад гаргасан.
TV ZONE: МЮЗИКЛ БОЛ ОЛОН ХҮНИЙ ХАМТЫН ХҮЧЭЭР ТАЙЗНАА ТАВИГДДАГ БҮТЭЭЛ. ТИЙМЭЭС ТА БҮХНЭЭС ГАДНА ЯМАР УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ГАР НИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
UVERTURA : Мюзиклын маань ерөнхий найруулагчаар “Милл” кино компаний найруулагч Л.Лхагважаргал ажиллаж байгаа бол зохиолыг мөн тус кино компаний зохиолч Д.Мөнхбат бичсэн. Хөгжмийн найруулагчаар “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, тус хамтлагийн продюссер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр СУИС-ын бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч С.Ганбаяр, тайзны зураачаар УДЭТ-ын зураач Р.Түмэн-Өлзий зэрэг мэргэжлийн гүйцэтгэгчид ажиллаж байна. Мюзиклд маань Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах, УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Нармандах, Ц.Баясгалан эгч нар маань бидэнтэй хамтран тоглож байна. Мюзикл энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тавигдана.
TV ZONE: МЮЗИКЛЫН ГОЛ ОНЦЛОГ НЬ ЮУ БАЙХ БОЛ...
UVERTURA : Чөлөөт уран бүтээлчид, ялангуяа дуучид мэргэжлийн жүжигчидтэй хамтран анх удаа монгол зохиолчийн орчин үеийн залуучууд руу чиглэсэн уран бүтээл болж байгаагаараа мюзиклын маань гол онцлог оршиж байгаа юм.
TV ZONE: БЭЛТГЭЛТЭЙ БАЙХАД НЬ СААТУУЛСАН БОЛ УУЧЛААРАЙ. УДАХГҮЙ ТАЙЗНАА ТАВИГДАХ АНХНЫ МЮЗИКЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
