Мисс А.Баярцэцэг: Өргөн шанаа, хөрслөг бор арьс бидний давуу тал
Олон нийтэд олон талаараа үлгэр дууриал үзүүлж яваа авьяастай, хөдөлмөрч, зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч нэгэн сайхан бүсгүйг шинэ оны “Дугаарын зочин” буландаа урилаа. Энэ бүсгүй бол “Miss Earth 2015” тэмцээнд амжилттай оролцож, ганзага дүүрэн эх орондоо ирсэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг юм. Маркетингийн чиглэлээр төгссөн бүсгүй маань хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн загварын салбарт орж, өдгөө “Торго” салоны загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрээр мөн л хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр кино урлагт хөл тавьж АНУ-ын “Netflix” компаний бүтээл “Марко Поло”-д дүр бүтээсэн ганц монгол эмэгтэй юм. Ингээд шинэ оны анхны зочин А.Баярцэцэгтэй илүү дотно танилцъя.
TV ZONE: Танд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт “ Miss Earth 2015 ” тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирсэнд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе!
: Маш их баярлалаа. Нэг сар гаруйн өмнө явагдаж дууссан “Miss Earth” тэмцээн бол миний хувьд хоёрдахь том олон улсын миссийн тэмцээн байлаа. Хоёр жилийн өмнө “Miss International 2014” тэмцээнд оролцож байсан маань “Miss Earth”-д амжилттай оролцоход надад маш их давуу тал хийгээд туршлага боллоо. А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Тухайн үед өөрийгөө танилцуулсан видеог чинь үзээд монголчууд “Энэ мисс бүсгүй” хол явна даа гэсэн итгэл найдвар тавьсан. Тэрхүү итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй олон шагналыг эх орондоо авчирч, чансаагаараа эхний хоёрт бичигдсэн амжилттай ирлээ шүү дээ.
: Өөрийгөө танилцуулсан видеог маань хийхэд маш олон хүний хөлс хүч зарцуулагдсан гэж хэлж болно. Олон хүний хамтын хүчээр бүтсэн видео гэсэн үг л дээ. Энэ видео маань шилдэг нь байж, бидэнд алтан медаль авчирсан. Уг тэмцээнд амжилттай оролцсон бас нэг шалтгаан бол би “Miss International 2014”-т оролцож байхдаа миссүүдэд заавар зөвлөгөө өгдөг мэргэжлийн зөвлөгч багштай танилцсан явдал юм. Тэр багш маань Филиппин хүн бөгөөд “Miss Earth”-д оролцоход намайг бэлдэж, бүх талаар зөвлөж оролцуулсан. Мөн өмнө нь оролцсон олон улсын тэмцээн надад маш олон зүйлийг зааж сургасан гэж би хувьдаа боддог. Ер нь, хүн яван чангардаг гэдэгтэй санал нэг байдаг. Амжилтын хувьд, “Miss Earth 2015” тэмцээнд оролцоод Илтгэлийн болон Бүтээлч сэтгэлгээний тэмцээн, мөн Фото болон Үдшийн гоёлын даашинзны төрөлд алтан медалийг эх орондоо авчирлаа. Богино даашинзны төрөлд хүрэл медалийг авч, “Авьяас”-ын төрөлд шилдэг 12-т, улсаа танилцуулсан эко видео маань шилдэг 4-т багтсан амжилттай эх орондоо ирсэн. Ингээд медалийн чансаагаар 96 орны миссүүдээс хоёрдугаарт бичигдсэн юм. Явцын дунд 10-аад шалгуур явагддаг бөгөөд энэ үед монголчууд маань намайг маш их дэмжсэн. Энэ дашрамд, намайг дэмжсэн бүх хүнд талархсанаа илэрхийлье!А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Таны ярианд мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүн гэж дурдагдлаа. Манайд ийм хүн байдаг юм болов уу?
: Одоогийн байдлаар томоохон миссийн тэмцээнд оролцох гэж байхад мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүн манайд хараахан алга. Мэргэжлийн хүний зөвлөгөө гэдэг амжилт гаргах нэг шалтгаан. Багийг нь бүрдүүлж чаддаггүй юм аа гэхэд хажууд нь зөвлөөд өгөх мэргэжлийн багш хэрэгтэй юм байна гэдгийг өөрийн туршлагаасаа олж мэдсэн. А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Олон улсын миссийн тэмцээнүүд хоорондоо ялгарах ө өр өөрийн онцлогтой. Миссийн тэмцээн дундаа чансаагаар хоёрт бичигдэх “Miss Earth” бусдаас юугаараа онцлог бол...
: Дэлхийд “Miss World”, “Miss Earth”, “Miss International”, “Miss Universe” гэсэн дөрвөн том миссийн тэмцээн байдаг бөгөөд үүнээс ганцхан “Miss Universe”-д манай улс түүхэндээ оролцож байгаагүй. Эдгээр тэмцээнүүд хоорондоо ялгарах өөр өөрийн онцлогтой төдийгүй “Miss Earth”-ийн хувьд байгаль, экологийн чиглэл рүү илүү уялдаа холбоотой тэмцээн юм. Уг тэмцээний хувьд жил бүр тодорхой сэдвийн хүрээнд явагддаг бөгөөд 2014 оны хувьд аялал жуулчлалын сэдэвтэй байсан бол өнгөрсөн жилийн хувьд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Миссийн тэмцээн гэдэг утгаараа сарын турш биеэ авч явж буй байдал, өмссөн зүүсэн хувцас, олон нийттэй харьцах харилцаа зэрэг бүхий л нийтлэг зүйлүүдийг хардаг. Харин бусад тэмцээнүүдээс нэг гол онцлог нь ямар ч будаг шунх түрхэлгүй, яг байгаагаараа ярилцдаг ярилцлагын шалгуур юм. Гоёж гоодоогүй өөрийнхөөрөө 10-15 шүүгчдийн өмнө хоёр минутын турш өөрийгөө болон энэ тэмцээнд ирсэн зорилгоо танилцуулдаг шалгуур юм. Энэ шалгуурт хэлний мэдлэг маш чухал. Дэлхийн хэл болох англи хэлээр түгдрэлгүй, ээрч гацалгүй өөрийгөө танилцуулна гэдэг маш том давуу тал болно. Энэ жил миссийн тэмцээнүүд дундаа, тэр дундаа “Miss Earth”-ийн хувьд нэгэн онцлох үйл явдал болсон нь түүхэндээ анх удаа миссүүдийг НҮБ-ынхан албан ёсны байгууллага дээрээ хүлээн авч, сургалт семинар зохион байгуулж, улмаар бидний дунд илтгэлийн тэмцээнийг явуулсан. Би үүнд “Ази тивийн уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр оролцсоноор манай улс тэргүүн байранд орж, алтан медалийн эзэн болсон. А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Netflix-ийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж буй ганцхан монгол эмэгтэй болсон таны хувьд эл кинонд тоглох болсон гол шалгуур нь хэлний мэдлэг байв уу?
: Манай Монголын жүжигчид авьяас, ур чадвар өндөр. Тэр дундаас хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би хувьдаа бодож байна. Дээрээс нь монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу. Манайхан өөрсдийнхөө өргөн шанаа, хөрслөг бор царай зэрэгтээ сэтгэл дундуур байдаг нь олонтаа ажиглагддаг. Гэтэл дэлхий нийтийн энэ том уран бүтээлд оролцож байх үед нэг зүйлийг анзаарсан нь тэд нийтлэг, улиг болсон дүр төрхөөс татгалзаж, жинхэнэ байгалиараа, “ориг” царай төрхийг эрхэмлэх болжээ. Цаг уурын нөхцөл байдалд дасан зохицсон, бүх байгалийн шалгарал нь нүүр царайгаар илэрхийлэгддэг учраас үндэстэн бүхэн өөр өөрийн ялгарах төрхтэй.А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Марко Поло кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хэрхэн мэдэж, хэр олон уран бүтээлчдээс сонгогдов?
: “Miss Mongolia 2014” тэмцээн болж байхад шүүгчээр жүжигчин, продюсер Н.Оргил ах суусан бөгөөд тэрээр “Марко Поло” киноны Монгол дахь талыг хариуцсан продюсерээр ажилласан юм. Тэр тэмцээний үеэр “Марко Поло” киноны шалгаруулалт болно, боломжтой бол ирж шалгуулаарай гэсний дагуу өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн дээ. Миний бүтээсэн дүрд дэлхийн өнцөг булан бүрээс 40, 50 уран бүтээлчид ирж шалгуулсан байдаг. Миний дүр шинэ болохоор дүрийнхээ тухай нууцлахыг киноны багийнхан сануулсан байгаа. Тиймээс кино гарахаар ямар дүрд, хэрхэн тоглосон маань тодорхой болох байх аа. А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Мисс, загвар өмсөгч, жүжигчин гэсэн тодотголтой Баярцэцэг угтаа маркетингийн мэргэжилтэй санагдаж байна. Яагаад жүжигчнээр суралцаагүй юм бэ?
: Тиймээ, би маркетингийн мэргэжлээр төгссөн ч урлагт маш их хайртай нэгэн. Жаахан охин байхын л кино найруулагч болно гэж хүсч мөрөөдөж ирсэн ч арван жилээ төгсөх жилдээ мэргэжил сонголт дээр гэрийнхнээсээ дэмжлэг авч чадаагүй. Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр, жүжигчин болохоор АНУ-д суралцаж байна. Гэхдээ маркетингийн мэргэжлээр суралцсандаа огтхон ч харамсаж байгаагүй. Хүнд сурсан зүйл бүхэн нь хожим хэрэг болдог гэж би боддог. Одоо ч гэсэн би маркетингийн ухааныг миссийн тэмцээн дээр ч тэр, жүжигчний карьертаа ч тэр ашигласаар л явна шүү дээ. А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Мисс, загвар өмсөгчийг залуу насны ажил гэдэг. Тэгэхээр жүжигчин, загвар өмсөгч хоёрын алинаар нь илүү өөрийгөө хөгжүүлж, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
: Загвар өмсөгчийн ажил бол мэдээж залуу насны ажил. 30, 40 хүрчихээд загвар өмсөөд явах хүн маш цөөхөн. Харин миссийн хувьд нэг удаа титэм аваад маргаашаас нь мартагдчихаж болно, эсвэл тэр нэр хүндээ насан туршдаа хадгалж үлдэхээр үйл хэрэг хийж бас болно. Миссийн тэмцээнд оролцоно гэдэг маш олон хүний итгэл найдварыг хүлээнэ гэж ойлгодог. Тиймээс ганц титэм авахын төлөө биш, эргээд дэмжсэн, итгэл найдвараа харамгүй өгсөн тэдгээр хүмүүстэйгээ эргэн нийлж, удаан хугацааны турш ямар үйл хэрэг хийх вэ гэдгээ бодож, бас үүрэг хариуцлагаа хүлээн ажиллахыг хүсч байна. Товчхондоо энэ чиглэл рүү илүү ирээдүйгээ харж байна.А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Хүнд аливаа нэг зүйлээс халгах, шантрах зүйл цөөнгүй л тохиолдоно. Таны хувьд ч гэсэн тийм асуудалтай нүүр тулж л явсан байх. Ийм үеэ та хэрхэн даван гардаг вэ? Хэрхэн өөртөө эрч хүч, зориг тэвчээрийг олж авдаг вэ?
: Тэгэлгүй яахав. Амьдралд шантрах зүйлс маш олон гарна. Миний хувьд өөрийгөө хүрээлж буй хүмүүсээ зөв сонгох нь хамгийн чухал санагддаг. Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд чамайг доош нь татахааргүй, үргэлж нэг нэгэндээ урам зориг өгч, итгэл найдвар хайрлаж байдаг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь чухал санагддаг юм. Ийм гэгээлэг, сайхан хүмүүс үргэлж чамд инээмсэглэл бэлэглэж, эрч хүчээр цэнэглэж, өөртөө итгэх итгэлийн цогийг улам илүү өрдөж өгдөг юм болов уу гэж би боддог. Тиймээс би жаахан цог золбоо алдаад, шантрах гээд ирэхээрээ тэдгээр сайхан хүмүүстээ хандаж, эргээд “Би чадна” гэсэн бат өөртөө итгэх итгэлийг олж авдаг даа. Ярилцлагыг маань уншаад сууж байгаа хүмүүс ч гэсэн шантарсан үед тань таныг хүрээлж буй хүмүүс хэрхэн зөвлөгөө өгч байгааг ажиглаад нэг үзэхийг зөвлөж байна. А.БАЯРЦЭЦЭГ
TV ZONE: Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье!
: Маш их баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье!А.БАЯРЦЭЦЭГ
Б.БаяржаргалЯрилцсан:
В.Цэнд-АюушГэрэл зургийг:
